Стресст орсон эхнэртэйгээ эр нөхөр нь хэрхэн харилцах вэ

Twitter Print
2022 оны 03-р сар 16-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Стресс хаа сайгүй отно. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй. Бид харин стрессээс өөр өөрөөр гардаг. Эрэгтэй хүн "Надаас холдоод өг, би стресстэй байна" гэж хэлдэг. Харин эмэгтэй хүн "Надтай ярь л даа, би стресстэй байна" гэж гуйдаг. Ингээд нэг зөрчилдөөн эхлэнэ.

Эрчүүдийн шаардлагагүй гэж үздэг олон асуудлыг эмэгтэй хүн стресс болгон хүлээж авдаг. Бүр тоох ч хэрэггүй асуудлууд ч бий. Үүний нэг түгээмэл жишээ нь, эмэгтэй хүн дүүрэн хувцастай шүүгээгээ онгойлгоод "Надад өмсөх юм юу ч алга" гэдэг. Тэд энэ дээр жинхэнэ стресст ордог. Жинс, цамцаа 3 жил өмссөн эрэгтэйд энэ нь огт ойлгомжгүй. Ийм юмнаас болж стресст орно гэж юу гэсэн үг вэ?

Эмэгтэй хүн байгалиасаа хуучинсаг үзэлтэн. Тэр тодорхой дэглэмд амархан дасдаг. Бүх юм нь байдаг байрандаа л байна. Алив нэг өөрчлөлт түүнийг сэтгэл зүйн тэнцвэрт байдлаас гарган, организмыг нь стресст оруулж мэднэ.

Эрчүүд бид энд суучихаад ингэж ярих амархан л даа. Тэдний оронд байсан бол бид ч бас мэдээж орилж, чарлах байлгүй.

Аргаа барсан нөхцөлд яах вэ гэдгийг эмэгтэйчүүд мянга мянган жилийн өмнө шийджээ. Энэ арга өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй.

Ямар ч эмэгтэй интернетэд байгаа найзтайгаа хэдэн цагаар ч хамаагүй үүнийгээ хэлэлцэж гарна. Эрчүүдэд энэ нь ер ойлгомжгүй. Бүтэн цаг утсаар ярина гэж юу гэсэн үг вэ?

Ийм тохиолдолд эрэгтэй хүний инээд нь хүрнэ эсвэл дургүйцэл төрнө.

Эндээс эмэгтэй хүн сэтгэл санааны дэмжлэг авдаг. Найзууд нь сэтгэл санааг нь засна. Хэн, яаж гэдгээс хамаарна л даа. “Чи чадна, чи минь ухаантай шүү дээ, ийм юм болж байсан биз дээ, за битгий санаа зов доо” гэх мэт олон янзын хувилбар байна. Энэ нь түүнд дахин энэ бол сүйрэл биш, эмгэнэлтэй юм биш, зүгээр л даваад гарна гэсэн мессэж өгдөг.

Зовлонгоо 80 дахин ярих нь хүнийг стрессийн дарамтаас бүрэн гаргадаг гэж сэтгэл зүйчид үздэг. Тийм болохоор эмэгтэйчүүд бүгдийг нь зөв хийж байна. Сэтгэл зүйн зөвлөгөөний дараа сэтгэл нь тийм сайхан тайвширдаг нь ийм учиртай.

Утсаар ярихын оронд бас толь хэрэглэж болно оо. Бүхий л асуудлаа хичнээн ч удаа ярьсан та хамгийн анхааралтай, хамгийн мэдрэмжтэй сонсогчтой байх болно. Гэхдээ амьд харилцааг яаж гүйцэх билээ.

Харин эмэгтэй хүнд найз бүсгүйчүүд, толь хангалтгүй байж мэднэ. Ингээд хамгийн гол сонсогч эр нөхрийг хүлээнэ. Энэ чинь түүний цорын ганц хамгаалагч, аврагч шүү дээ. Эмэгтэй хүн хамгийн гол дэмжлэгээ түүнээс авах ёстой.

Эмэгтэй хүн өөрөөс нь тодорхой зөвлөгөөг биш, ердөө л зөөлөн тэврээд, толгойг нь энхрийлэн илэхийг хүлээж байдгийг эр хүн голдуу мэддэггүй. Үүнийг мэдэхгүйгээсээ болоод баахан сургаал айлдаж наян юм яриад улам уурыг нь хүргэж мэднэ.

Эр хүн сэтгэл хөдлөлийг нь ихэнхдээ үл ойшооно. Энэ нь зүгээр л хоосон нулимс ч юм уу, орилоон, юу ч юм мэт түүнд санагддаг.

Харин энэ нь эмэгтэй хүнийг гомдоодог юм.

Түгээмэл зөрчилдөөний нэг бол тэр сэтгэлгүй, мэдрэмжгүй, хүнд хэцүү үед надад дэмжлэг өгдөггүй, эрэгтэй хүн ер нь юун тухай яриад байгааг ойлгодоггүй, ямар нэг дэмий юм ярьж байна гэдэг.

Ердөө л толгойг нь илээд "Тэнэгхэн минь, тайвшир даа, бүх зүйл сайхан болно” гэх юм бол гүйцээ. Гэвч эр хүн ингэж сураагүй. Ааш занд нь ийм юм байхгүй.

Эр нөхөр та эмэгтэй хүнээс маш хэцүү өдрийн дараа гэртээ ирэхэд нь нөхрийгөө ямар байвал дээр вэ гэж эмэгтэйчүүдээс асууя гэж саная.

Тэгвэл 90 хувь нь иймэрхүү дүр зургийг гаргаж хариулна. Хайртай нөхөр нь халуунаар тэврэн нүүрэнд нь хацраа наагаад "Тайвшир даа хань минь. Бүх зүйл түр зуурынх. Чи минь мундаг болохоор даваад гарчихна. Тун удахгүй сайн сайхан болно" гэж хэлэхэд л хангалттай юм уг нь.

Сэтгэл зүйч Я.Батхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.