“Баярлалаа ардчилсан холбоо” сэдэвт олон ангит анимэйшн бүтээжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 05-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Монголын Ардчилсан холбооноос #thanks#mdu буюу “Баярлалаа Ардчилсан холбоо” гэсэн утгатай дунд сургуулийн нэг ангийнхны өдөр тутмын үйл явдлыг 30 жилийн өмнөх анхны жагсаал цуглаантай холбон олон ангит анимэйшн бүтээжээ.

Энэхүү контентыг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан гаргах гэж буй аж. Тус цуврал нь 35 ангитай байх бөгөөд арванхоёрдугааэр сарын 10 буюу Ардчиллын өдрөөс эхлэн 70 хоногийн хугацаанд сошиал хуудсуудаар /youtube, facebook/ дамжин цацагдахыг төслийн санаачлагч Л.Эрдэнэчимэг хэллээ.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр бол Ардчилал, олон улсын хүний эрхийн өдөр тохиодог. 30 жилийн өмнөх энэ өдөр монголын олон мянган сэхээтэн, ажилчин, оюутан залуус өвлийн хүйтнийг үл хайхран талбай дээр жагсаж, ардчилал хүний эрхийн төлөөх анхны үгээ хэлсэн түүхтэй.  70 гаруй жил дангаар ноёрхсон нэг намын систем, социалист, коммунист системийг сөрөн зогсож, хүний эрх чөлөө, хэвлэл мэдээллийн чөлөөт дуу хоолой, хувийн өмчтэй байх, оршин суугаа газраа өөрөө сонгох эрхийн төлөө дуу хоолойгоо өргөсөн өдөр юм. Бидний үеийнхэн бол нэг системээс нөгөө системд шилжих шилжилтийн үеийг дамжиж, хоёр системийн ялгааг мэдэрдэг учраас ардчилалдаа их хайртай байдаг.

30 жилийн өмнөх тэр үеийн залуусын бүтээсэн ардчилсан хувьсгалын утга учрыг өсвөр үеийнхний ойлгох контентоор нь хүргэх явдал чухал гэж бодож байна. Тиймд бид төслөө санаачлаад бүтээлээ гаргасан. Энэ цуврал анимэйшнээс хүүхдүүд маань нийгмийн системийн талаарх ойлголт, социализмын үеийн нийгэм гэж ямар байсан талаар, эцэг эх нь багадаа ямар үзэл бодолтой байсан, ардчилал хүнд юуг өгсөн болон хүний эрхийн зохих мэдлэгийг ойлгож аваасай гэж хүслээ” гэв.

Харин анимэйшны зохиолчоор Ц.Оюундарь ажилласан бөгөөд тэрбээр “Орчин үед сошиал сүлжээ их хүчтэй болсон. Тэр утгаараа контент маань цэвэр сошиал платформд зориулснаараа онцлог. Уламжлалт мэдээллийн хэрэгслээр гарахгүй. Сошиал сувгуудаар гарахаар төлөвлөсөн учраас хэмжээ нь жижигхэн буюу 50 секундээс нэг минут хүртэлх хэмжээтэй, 2D хэлбэрийн зурмал анимэйшн юм” гэлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.