Яргуй цэцэглэжээ, яргуйн цэцэг хагдарчихжээ...

Twitter Print
2021 оны 05-р сар 17-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Яргуй цэцэглэжээ, яргуйн цэцэг хагдарчихжээ. Яасан ч хурдан, юун ч амархан юм бэ дээ? Яарч, цагаасаа эрт ирсэн болгонд ийм хувь заяа учирдаг юм болов уу?

Тав арав хоногийн жиндүүхэн шөнө, зэвэргэн салхины ая даалгүй хараа татам тийм гоё байснаа ингээд л үрчийж орхих юм хэмээх харуусах мэт бодол төрж, хайрлах мэт зөөлхөн хүрвэл, “цэцэг цэцгийн түрүүнд эхэлж би л дэлбээлдэг, залгаад өчнөөн цэцэгс ургана, өрсөлдөөд барах ч үгүй. Чи гоё л гэнэ, цэцэг цэцэгсийн энд бараадахгүй.

Хахирган хавраар хамгийн түрүүнд цэцэглэчихээд, хэдхэн хоногийн дотор хагдарч орхиход харин ч намайг дараа жилийн хавар дахиад л хүлээнэ. Огт урд нь хараагүй юм шиг л магтацгаана. Хорвоогийн юм бүхэн ховортоо үнэтэй байдаг юм. Тэр л миний заяа” хэмээн салхины аясаар дохилзон ганхалзан байхдаа аяар аяархан хүүрнэх шиг надад санагдсан юм.

Яргуй цэцгийн нэгэн адил арван хэдтэй анхил танхилхан насанд учирсан шохоорхол юугийн ч ялгаж хараахан чадаагүй бүрэг ноомойхон анхны хайрын гэрэл дохио ч гэлээ, яагаа ч үгүй эрт ирсэндээ жил сарын аяыг даалгүй, тэртээ хойно тэр л янзаараа үлдсэн хэрнээ энэтээ хүртэл хааяа заримдаа дурсагддаг ч байж болох л юм.

Яарч, цагаасаа эрт ирсэн болгонд ямархан хувь заяа тохиодог юм бол доо гэх агшин зуурын хөнгөн бодол хагдарч, хариугүй унахдаа тулсан яргуй цэцгийг харахын зуурт төрсөн билээ.

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.2) 2014-04-12 08:56
      • 0
      • 0

      Гое хоббитой юм. Амралт болдог байх л даа.

      Хариулах