
Дэлхийн өнцөг булан бүрт үгээр илэрхийлэхийн аргагүй сонин сайхан газрууд байдаг. Будант Альбионы нийслэл Лондон хот өнө эрт манай эриний 43 онд байгуулагдсан туухтэй. Найман сая хүн амтай энэ том хот амьдралын өртгөөр тэргүүлж Сингапурын дараа хоёрт ордог хэдий ч үзэж харууштай сонин сайхан ихтэй. Тэдгээр сонин сайхнаас танилцуулья. National Gallary Европын уран зургийн сонгодог төлөөлөгчид, алдартай зураачдын бүтээлийг нэг дор цуглуулсан Лондоны Үндэсний галерейд Хlll-ХХ зууны үеийн 2000 орчим үзмэр бий. 1824 онд нэгэн банкны эзэн Ж. Ангерстейнээс 38 зураг худалдан авсан нь галерейн эхлэл болжээ. Тэр үед Үндэсний галерей банкны эзний харшид байрлаж байсан бөгөөд хожим нь Их Британий парламент үзмэрүүдийг нь нэмэх санхүүжилт гаргаснаар Pall Mall гудамжинд нүүж очсон аж.
Жил ирэх тутам галерейн үзмэр нэмэгдэж, улсын болон сайн дурын байгууллага, хувь хүмүүс хандив, тусламж үзүүлэх нь олширчээ. 1838 онд Үндэсний галерей Трафалгарын талбайд өөрийн гэсэн байртай болжээ. Дэлхийн II дайны үед харин бөмбөгдөлтөд өртөн багагүй сүйдсэн боловч 1946 оны нэгдүгээр сард галерейн барилгыг сэргээн засварлаж, олон нийтэд үйлчилж эхэлжээ. Үзмэрийн тоогоор төдийлэн их биш ч түүх, соёл, уран зургийн үнэт өвөөрөө Лондоны Үндэсний музей алдартай. Big Ben Лондоны билэг тэмдэг гэгддэг Биг Бен Их Британий парламентын байрны цамхаг юм. Энэ цамхагыг 1858 онд байгуулсан бөгөөд хонх нь 13.7 тонн жинтэй. Хонхыг яагаад том Бен хэмээн нэрлэсэн болох хоёр янзын таамаглал байдаг. Хонхыг цутгасан дархчуудын ахлагч Бенжамин Холын нэрээр нэрлэсэн хэмээн нэг хэсэг нь үздэг бол зарим нь Английн алдарт боксчин Бенжамин Каунтын дурсгалд зориулан ийн нэрлэсэн хэмээдэг. Эл цамхаг 96 метр өндөр. Британийн нийслэлд Биг-Бений багасгасан хувилбар хэд хэд бий.
Жуулчдыг цамхгийн дотогш оруулдаггүй ч дэлхий дахинд нэрд гарсан том цагийг харах, аварга хонхны дууг сонсох гэсэн хүмүүсийн хөл тасардаггүй байна. Westminster Presbyterian Church Вестминстер дэх Гэгээн Петрийн цогчин дуган 1065 онд байгуулагджээ. Британийн хаан, хатад, язгууртан, улстөрчид, урлагийн алдартнуудыг оршуулах ёслол готик загварын энэ сүмд болдог байжээ. Католик шашны уг сүмд 1066 онд Херольдийг хаан ширээнд залах ёслол болж байсан. Хожим XIII зуунд III Генрих сүмийн байрыг нураан, тухайн цагт орчин үеийн хэмээгдэж байсан готик загвараар байр бариулсан түүхтэй. Үе үеийн хаадыг ширээнд залах ёслол, оршуулах ёслол ч уг сүмд болно. Түүнчлэн Чосер, Жонсон, Спенсер, Шелли, Байрон, Керрол, Диккенс, Шекспир зэрэг алдартай зохиолч, яруу найрагч, эрдэмтэн Ньютоныг Вестминстерийн сүмд оршуулжээ. Тower church Лондоны төвд орших салдаг гүүр бол Англи, цаашлаад бүх Британий бэлэг тэмдэг болдог. 244 метр урттай энэ гүүр 65 метр өндөртэй хоёр цамхагтай. Цамхгуудад Тауэрийн гүүрийн түүхийг өгүүлсэн музей бий. Гүүрийг салгах механизмын бүдүүвч зураг сэлтийг уг музейгээс харж болно.
Madame Tussauds Wax Museum Лааны тосон баримал тольдож болох хамгийн том, алдартай музей Лондонд байдаг. 1000 гаруй үзмэртай уг музейг Мари Тюссо хэмээх хатагтай байгуулжээ. Страсбургт төрсөн Мари Тюссогийн ээж хоёр дахь нөхрөө нас барсны дараа лааны тосоор баримал хийдэг Филлип Кёртис хэмээх урлаачийнд ажиллаж байжээ. Урлагийн энэ чиглэлийг тухайн үед төдий л олон хүн мэддэггүй байсан учир анхны бүтээлүүдээ олонд танилцуулсны дараа Кёртис нэрд гарсан гэдэг. Мастер ажилтныхаа охиныг урландаа орохыг зөвшөөрч, лааны тосоор баримал хийхийг зааж өгчээ. Кёртисыг нас барсны дараа түүний бүтээлүүд Марийн мэдэлд очиж. Мадам Тюссо багшийнхаа цуглуулга дээр өөрийн бүтээлүүдээ нэмж, үзэсгэлэн гаргаж эхэлсэн байдаг. 1835 онд Тюссогийн хөвгүүд Бейкерийн гудамжинд музей байгуулж, ээжийнхээ бүтээлүүдийг олонд танилцуулсан аж. Эхэндээ музей 2-3 жил "амьдрах" настай 30 барималтай байж. Харин хожмоо лааны тосыг хайлуулахгүй байлгах арга олсноор үзмэрүүдийн тоо эрс нэмэгдсэн гэдэг. 1884 онд музейг Мэрилебон-роуд рүү нүүлгэжээ. Өдгөө дэлхийн 10 оронд салбартай уг музейд улстөрчид, хөгжимчин, жүжигчид, нийгмийн зүтгэлтнүуд, порно од, эрдэмтдийн баримлуудыг харахаас гадна түүхэн үйл явдлыг ч тольдож болно. Trafalgar Square Лондоны хамгийн алдартай талбай бол Трафалгарын талбай. Вестминстерийн төвд орших уг талбай Их Британийн эхлэл цэг. 1820 онд байгуулагдсан уг талбай Трафалгарын тулаанд англичууд ялсны билгэдэл болдог байна. Энэ талбайд адмирал Нельсоны хөшөө болон түүний дурсгалд зориулсан 44 метр өндөр багана бий. Трафалгарын талбайд 2000 оноос өмнө 35 мянган тагтаа байсан гэдэг. Гэвч тагтааг хооллохыг хориглосон тушаал гарснаас хойш тэд "дүрвэжээ".
Баярын арга хэмжээ, эсэргүүцлийн жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээ ихэвчлэн тэнд болно. Haide Park Лондон хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг Гайд парк хэмээдэг. Хотын төвд оршдог энэ цэцэрлэгт хүрээлэн XVI зуунаас өмнө Вестминстерийн сүмийн мэдэлд байсан бөгөөд 1536 онд VIII Генрих хааны ан хийх зориулалттай газар болгожээ. XVII зууны сүулч гэхэд ард иргэдийн зугаалах дуртай газар болсоноор барахгүй үг хэлэх эрх чөлөөг бүхэнд олгодог ганц газар болсон байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн өнцөг буланд илтгэл тавьж буй олон хүнийг харж болно. Хатан хаантай, эрх баригчидтай санал нэгдэхгүй, бүр хэн нэгний эгдүүг хүргэхээр зүйл ярьсан ч илтгэгчдийг шийтгэхгүй, торгохгүй, баривчлахгүй. Паркийн төвд Serpentine хэмээх нуур байдаг. Энд усанд сэлж, загас барихыг зөвшөөрдөг байна.
Р.Этүгэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.