Нарны гэрлийн ач тус ба сөрөг тал

Twitter Print
2021 оны 09-р сар 02-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Зуны улиралд иргэд хөдөө болон зусланд гарч агаарт гарах, наранд шарахыг эрхэмлэж байгаа билээ. Нарны илч гэрэл нь хүний эрүүл мэндэд тустай, Д витаминыг нийлүүлэгжүүлэхэд хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөдөг. Гэвч анхаарах зүйл бас бий!

Нарнаас нүдэнд үзэгдэх гэрлээс гадна нүдэнд үл үзэгдэх хэт ягаан туяаны 3 төрлийн туяа дэлхийд тусдаг. Эдгээр нь долгионы уртын хувьд ялгаатай UVA, UVB, UVC гэсэн хэт ягаан туяа юм. Эдгээрээс UVC гэсэн туяа нь агаар мандалд шингэж газрын гадаргад хүрч тусдаггүй. Үүнээс UVB гэсэн 290-320 nm урттай хэт ягаан туяа нь хүний арьсанд нөлөөлж Д витамины нийлүүлэгжүүлэлтийг бий болгодог гэнэ.

Харин 321-400 nm урттай UVA гэсэн хэт ягаан туяа нь хүний биеийн эд эсэд зохих хэмжээнээс илүүдвэл сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ.

Хэт ягаан туяа нь эсийн түвшинд хүрч нөлөөлж, зарим талын сөрөг нөлөө үзүүлдэг тул наранд хэзээ, хаана, ямар хэмжээнд шарах буюу ил задгай явж болох вэ гэдгийг онцгой анхаарах, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээг авч байх ёстой.

Улс орнуудын газар зүйн байршлаас хамаарч экваторын орчмын халуун бүсэд хэт ягаан туяаны индексийг дээд хэмжээ нь 11-12-т хүрдэг бол Монгол орны хувьд зуны улиралд хэт ягаан туяаны индекс 7-9-д хүрдэг ажээ.

Монгол орны хангайн бүс нутгаар хэт ягааны туяаны индекс зуны улиралд 7-д, говийн бүс нутгаар 9-10-д хүрдэг ажээ.

Иймээс зуны улиралд наранд шарах, гадаа орчинд удаан ажиллах нөхцөлд анхаарах зүйлс бол:

- Наранд шарахдаа өглөөний 12 цагаас өмнө, үдээс хойш 17 цагаас хойш шарах нь тохиромжтой;

- Зуны улиралд нартай, халуун өдрүүдэд жин үдийн халуунд гадуур явахдаа нарны малгай, шүхэр, нарны шил, биеийг далдалсан хувцас өмсөж байх;

- Наранд шарах болон хэт ягаан туяанаас хамгаалах тосыг тохируулан хэрэглэж байх;

- Бага насны хүүхдүүдийг үдийн халуунд наранд удаан суулгахгүй, тоглуулахгүй байх;

- Хэт халсан өдрүүдэд шингэн зүйл, усыг сайн ууж,наранд удаан явахаас сэргийлж байх ёстой гэж эмч, судлаачид зөвлөж байна.

Намжилдоржийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.