"Шударга фронт"-оор овоглосон хүн шударга байж чадсан уу?

Twitter Print
2014 оны 04-р сар 10-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Гурван сар гаруй хугацаанд засварын улмаас зогсоод байсан төв бассейн ажиллаж эхэлжээ гэсэн сайхан мэдээ сонсоод хүүгээ дагуулаад төв бассейныг зорив. Тэнд очоод хүүгээ хүлээх зуураа зүгээр байхаар гээд дотно гаднагүй явж байдалтай нь танилцлаа. Хүүхэд залуучуудын маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг, бие бялдараа чийрэгжүүлж, усан спортоор хичээллэдэг ганц газар гэж хэлж болох бассейн маань гаднаа хэвээрээ, харин дотроо бол үнэхээр өнгө засчээ. Чийг үнэртэж байдаг газраас будгийн үнэр ханхлах нь бас л сонин. Ус нь тув тунгалаг, цэв цэнхэр. Хаалгаар хүүхдүүд хэд гурваараа шуугилдан орж ирэх нь үнэхээр хүсэн хүлээсэн нь илт. Харин төв бассейн маань бас шинэ захиралтай болсон дуулдана. Шинэ захирлаар тус бассейныг ашиглалтанд орсон цагаас амь, амьдралаа холбосон гэх мэргэжлийн усан сэлэлтийн дасгалжуулагч, багш Ч.Эрдэнэчулуун томилогджээ.

Ч.Эрдэнэчулуун захирал бассейнаа Г.Арслан даргаас "100-аад сая төгрөгийн өртэй хүлээж авсан. Өнгөрсөн оны сүүлийн улирлын ажилчдын цалин, НДШ, орлогын албан татвар, байгууллагын ус, цахилгаан, дулааны төлбөрүүд, дээрээс нь алданги тооцлоо гээд 6 сая төгрөгийн төлбөр тавьсан зэрэг нь нийлээд ийм болсон юм билээ. Өрөө дарах гээд үзэж тарж байна даа" гэсээр яриагаа эхэлсэн юм. Ингээд та бүхэнд  шинэ захирал Ч. Эрдэнэчулуун болон мөн тус бассейнд эхнээс нь ажилласан багш, сургалтын менежер А. Оюунцэцэг нартай уулзаж ярилцсанаа толилуулья.

-Танай бассейны үйл ажиллагаа яг хэдийд зогслоо?

-Жижиг бассейн бол хэвийн ажиллаж байсан, том бассейн бол яг өнгөрсөн оны 11-р сарын 25-ны өдөр зогссон. Харин өнгөрсөн хагас сайнд буюу 4-р сарын 5-нд бид засвараа дуусаад нээлээ. Усан спорт сургалтын төв нь нийслэлийн өмчийн газрын харъяа улсын үйлдвэрийн газар, төсвөөс санхүүжилт авдаггүй, зөвхөн өөрийн орлогоор санхүүждэг. Хүүхэд залуучууд маань байнга асууж сурагласаар одоо ганц нэгээрээ ирж эхлэж байна. Мөнгө төгрөгний асуудалтай, ажилчдынхаа цалин мөнгийг өгч чадаагүй болохоор хэвлэл мэдээллээр ч зарлаж чадахгүй л байна. Сургалт л явагдаж байвал орлого орж ирж санхүүжих боломжтой болно.

-Хэдэн ажилтантай  вэ?

-Одоогоор 7 багштайгаа нийлээд 30 ажилтантай. Онцгой байдлын Ерөнхий газартай гэрээтэй ажиллаж, өдөрт 1 аврагч ирж ажилладаг. Онцгой байдлын Ерөнхий газрынхан өөрсдөө ирж дадлага хийдэг болохоор сайхан дадлага туршлага болдог л доо. Фитнесс, жижиг бассейн, хоолны газар гээд бүгд өөрсдөө ажиллуулдаг.

-Танай байссейн ер нь хир том юм бэ? Өөр ийм бассейн улсын хэмжээнд бий юу?

-Манай бассейн нам талдаа 1.6 м, гүндээ 5м, 6 замтай, улсын болон олон улсын уралдаан тэмцээн зохиох шаардлага хангасан улсын хэмжээний, стандартын цорын ганц бассейн. Хэдийгээр улс, нийслэлд хэд хэдэн бассейн нэмж баригдсан боловч цар хүрээ, үйл ажиллагаа, мэргэжлийн байдлаараа төв бассейн бол улсдаа ганц.  Бусад нь сургалтын чиглэлээр байгуулагдсан жижиг байссейнууд. Энэ шинээр баригдсан бассейн, сургалтын төвүүдийн ерөнхий түшиц газар нь манай төв бассейн. Бид ч 27, 28 жилийнхээ туршлагаас тэдэнтэйгээ хуваалцахадаа таатай байдаг.

-Танай бассейн анх хэдэн онд байгуулагдсан билээ? Та хоёрыг анх байгуулагдахад ирж багшилсан хэдхэн хүний нэг гэж сонслоо.

-Манай бассейн анх 1986 онд МХЗЭ-ийн ТХ-ны харъяанд Цэдэнбал Филатова гуайн санаачилга, Орос ах нарын тусламжаар СОТ 2-ын барилгачид барьсан. Анх усан сэлэлтийн спортын мастер зэрэгтэй тамирчин оросууд ирж зааж сургаж, эхний 5 багшийг ягштал бэлдээд хүлээлгэж өгч байсан. Энэ барилга байгууламжийг хүртэл яаж ашиглах, яаж ажиллуулах талаар жинхэнэ мэргэжлийн хүн хоёр жилийн турш зөвлөж, зааж  сургасан юм шүү дээ.  Бассейн маань нэг хэсэг ЭМЯ-ны харъяа байгаад дараа нь нийслэлийн өмч болсон. Харин өдий хүртэл 28 жилийн турш ямар нэг засвар үйлчилгээ хийгдээгүй гэхэд Орос ах нар юмыг үнэхээр чанартай хийж бүтээж байж дээ. Оросууд юмыг хийж чаддаг, хүнд үнэн сэтгэлээсээ зааж сургаж, хийж буй зүйлдээ сэтгэлээ өгдөг тэр л чанарыг бид адилхан эзэмшиж гарсан даа.  

Энд яг одоо ашиглалтанд орохоос нь өгсүүлээд ажилласан 3 хүн байна. Дунд нь зах зээлийн үед хэдэн жил завсардсан. Тэрний нэг нь одоо менежер хийж байгаа А.Оюунцэцэг багш.

-Одоо усан сургалтын багш нарыг хаана, яаж бэлддэг юм бэ?

-Биеийн тамирын дээд сургууль дээр усанд сэлэлтийн багш бэлддэг анги байсан. Манай бассейн дээр хичээл сургуулилтаа явуулж, манай багш нараар заалгаж бэлддэг, үндсэн бааз суурь нь манайх болж байсан. Харин одоо бол тэр анги байхгүй болсон юм билээ.  Тэгэхээр яг одоо сэлэлтийн багш бэлдэж байгаа нэг ч газар байхгүй гэсэн үг. Хоёр л удаа төгсөлт хийсэн санагдана. Эхнийх нь 1995 онд, 2010 онд сүүлчийнх нь төгссөн юм байна. 

-Жилд ер нь хичнээн хүнд үйлчилдэг вэ?

-Өнгөрсөн онд гэхэд давхардсан тоогоор 44 мянган хүн сургалтанд хамрагдсан гэсэн тооцоо бий. Анх байгуулагдахдаа жилд 3 удаа буюу улиралд нэг удаа сургалт явуулдаг байсныг болиулж сургалтыг олон болгох, аль болох олон хүн хамруулах үүднээс сургалтын хөтөлбөр боловсруулж, өөрсдөө сэлэлтийн хөвүүлэгч бүс зохиож, үр дүнд нь сар тутам сургалт явуулах бололцоотой болсон. Ингэснээр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадвартай болсон. 2005 оноос хойш бол улсаас нэг ч төгрөгний татаас аваагүй. Манай багш С.Лхагвадулам, А.Оюунцэцэг, С.Солонго, Ч.Эрдэнэчулуун нарын хамтран бүтээж патентаа авсан сургалтын хэрэгсэлүүд - усанд сэлэлтийн аюулгүй хөвүүлэгч бүс,  тэнцвэржүүлэгч гар, хөвүүлэх эрүүвч зэргийг үр дүнтэй ашигласнаар суралцагчид маш богино хугацаанд сэлж сурч байна, аваар осол гарах нь багассан. Одоо танай бассейны даргаар энэ бассейнаа нээгдэхээс өгсүүлээд одоо хүртэл хувь заяагаа холбосон, дасгалжуулагч багшаар ажиллаж байсан Ч.Эрдэнэчулуун багш томилогджээ.

-Миний харж байгаагаар урд нь дандаа улс төрийн томилгоо шиг гаднаас хүн томилогддог байсан санагдах юм?

-Тийм. Ч.Эрдэнэчулуун багш энэ оны 1 сарын 1-ээс ажлаа авсан. Урд нь улс төрийн томилгоогоор л дарга томилогдож ирдэг байсан. Мэргэжлийн бус хүн ирэхээр байгууллагынхаа онцлогтоо тохирсон ажил явуулж чадахгүй, бараг ойлгохгүй байсаар л дараагийн даргатай учирдаг байлаа. Уул нь бид Арслан захирлыг анх ирэхэд их нааштай, баяртай хүлээж авсан юм шүү дээ. Яагаад гэвэл Арслан захирал манайд их олон жил хичээллэсэн гэсэн утгаар бас ч гэж бидэнтэй ойр дотно хүн ирлээ, “Шударга фронт” энэ тэр гээд байгууллага ахалдаг болохоор нь үнэхээр бидний төлөө ажиллах хүн орж ирлээ гээд баярлаж байсан. Харин Г.Арслан захирал маань бидний урамыг үнэхээр их хугаллаа.

Шударга юм яриад эсрэг юм хийгээд явдаг хүмүүсийн л нэг юм байна. Бүр бассейн ажиллахгүй гэдгийг өөрөө мэдсээр байж урьдчилсан бүртгэл хийгээд суралцагчдаас авсан мөнгөө бүгдийг нь аваад явсан байгаа. Бас, бүртгэл санхүү гээд бүхий л ажлын байранд ах дүү хамаатан садныхаа 10 гаруй хүнийг авчирч ажиллуулж байлаа. Одоо үлдээгээд явсан тэр их өрийг нь бид төлж барах гээд үнэхээр хэцүү цаг үеийг туулж байна даа.

Ажлаа өгөхөөс өмнө гэрээ сунгахгүй гэж бүх ажилчдаа халчихаад дараа нь энд тэнд шинэ удирдлага маш олон хүн халсан гээд л яриад яваад байна. Үнэхээр харамсалтай. Гэхдээ одоо энэ тухай яриад яахав дээ. Байгууллагыг маань “их муу байхад нь ирээд маш их орлого олдог болголоо, ер нь урд дарга нар нь идээд, орлого олдоггүй байсан юм байна” гэх мэтээр маш их худлаа, өөрийгөө шударга сайнаар харагдуулах пи ар хийсэн болохоор хүмүүст их буруу ойлголт өгсөн. Хэрвээ тийм л их орлоготой, бас шударга ажиллаж байсан юм бол бид Арслан захирлын үлдээсэн тэр их өрийг дарах гээд өндийж чадахгүй, цалин мөнгөгүй ингэж ажиллахав дээ.

Өөрсдөө бассейнаа гэсэн сэтгэл зүрхтэй тулдаа л энэ хэдэн сард цалин цуургагүй ажиллаж, нийслэлээс өгсөн хэдэн төгрөгийг хүргэж засвараа хийх гэж нэлээн юм боллоо ш дээ. Ингэж бүхэд бүтэн байгууллагаар улс төрийн тоглоом хийж, өөрийн нэр хүндийг өсгөх гэж байгууллагын үйл ажиллагааны эсрэг сурталчилгаа хиймээргүй байгаа юм. Улсын ганц том бассейнаа сургалтыг нь зөв зүйтэй явуулья, мэргэжлийн хүмүүс удирдах нь зөв юм байна гээд энэ удаад харин Э.Бат-Үүл даргыг мэргэжлийн хүн тавьсанд үнэхээр талархаж байна. Ер нь их судалгаатай ажлаа хийдэг хүн байна гэж бид нар бодоод байгаа. Ч.Эрдэнэчулуун даргыг бол өөрсдийн шугамаар л судласан байх. Бидэнд ямар лобби байх вэ дээ. 

-Танай бассейн их гоё өнгөлөг, цэв цэнхэр харагдаж байна. 5 метрийн гүндээ ч гэсэн бүр шал нь харагдаад байх юм. Бүх плитагаа сольсон юм уу?

-Үгүй ээ. /инээв/ Энэ бассейн чинь ямар ч засвар үйлчилгээ хийхгүй байсаар байгаад шал, хана туургыг нь угаасаар байгаад хуучин плитаных нь өнгө нь алга болоод бор болчихсон байсан юм.  Тэрнийг нь бид зүлгэж цэвэрлээд тусгай бодисоор өөрсдөө цэнхэр болгож өнгөллөө. Урд нь ногоорсон их ус л харагддаг байсан шүү дээ. Хичээллэгчид хүртэл айж, сүрддэг байсан. Одоо 5 метрийн гүндээ ч ганц ширхэг товч унасан харагдахаар цэвэрхэн, тунгалаг байгаа биз дээ.

Бид бас технологийнх нь дагуу доод шугам сүлжээ бүх зүйлийг сольсон, дээр нь шинэ технологоор усаа цэвэршүүлж, ариутгаж байгаа. Бас маш сайн гэрэлтүүлгүүд иж бүрнээр нь хийж өгсөн. Нэг гэрэл нь л гэхэл 300,000 төгрөгийн үнэтэй.  Гэхдээ 10 жилийн баталгаатай. Хичээллэгсэдийнхээ тав тухыг хангах, бассейнаа хир чинээгээр өөд нь татах гээд манай ажилчид өдөр шөнөгүй л зүтгэлээ дээ.

Улаанбаатарт баар цэнгээний газраас элбэг юм алга. Чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдараа чийрэгжүүлэх бараг цор ганц гэж хэлж болохоор энэ газраа үнэхээр сайхан болгоё гэсэн сэтгэл бол бидэнд байсан.  Хот ч бас анхаарч байгаад маш их баярлаж байна. Одоо цаашлаад дээврийн засварын мөнгийг н.Энхцэнгэл, Э.Бат-Үүл дарга маань шийдэж өгнө гэсэнд үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Усан спорт сургалтын төвийнхний амжилтын талаар?

-А.Оюунцэцэг багшийн зүтгэл, хүчин чармайлтаар 2000 онд Азийн усны холбоонд элссэн. Азийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө 6 наснаас нь эхэлж бэлдсэн шавь нараа оролцуулсан, дараа нь Япон улсад болсон дэлхийн аваргад бас амжилттай оролцож анх удаагаа олимпод оролцох 2 ширхэг эрхийн хуудсаар шагнуулж байлаа. Азийн усны холбоо, дэлхийн усны холбоотой маш ойр ажилладаг, ингэснээр 4 жилд нэг удаа болдог олимпод манайх ордог болсон. Энэ бол бидний хувьд том амжилт.

-Одоо явагдаж байгаа сургалтуудын талаар?

-Одоо хуучин явагддаг байсан бүх сургалтууд хэвийн явагдана. Дээрээс нь А.Оюунцэцэг багшийн удирдлагаар 45 аас дээш насны, мөн нуруу нугасны асуудалтай хүмүүсийг хичээллүүлдэг эмчилгээний зориулалттай сургалт, мөн саажилттай хүүхдүүдэд зориулсан сургалт жижиг бассейнд явагдаж байна. Бие эрхтний саажилттай болохоос оюун ухаан эв эрүүл хүүхдүүд бассейндаа ирээд үнэхээр их баярлаж хөөрч, аз жаргалтай байгааг харах үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг даа. Хотын аль ч дүүргээс эцэг эх нь сэтгэл гаргаад аваад ирж байхад бид усаар бие бялдарыг нь сайхан сэргээгээд, чангарсан булчингуудыг нь суллаад явуулах юмсан гэж хичээж ажилладаг.

Бас жирэмсэн эхчүүдэд зориулсан хичээлүүдээ үргэлжлүүлнэ. Бид санхүү мөнгөний чадавх сул байгаа энэ үед сайн санаагаараа ирж бидний ажилтай танилцаж, хүмүүст мэдээлэл өгч байгаад талархаж байна. Одоогийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ нийгэмд сайн сайхан зүйл юу болов гэхээсээ илүү, хов жив, муу муухайн араас хөөцөлдөх, мөнгө төлөхгүй л бол ямар ч сайхан зүйл хийсэн харалган хүн шиг болжээ. Харин танай мэдээллийн сайтаас гурван ч удаа ирж бодит байдалтай танилцаж, хүмүүст үнэн зөв мэдээлэл өгч байгаад баярлаж байна.  

Ярилцсан Ц. Мөнхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.13) 2014-04-12 10:07
      • 0
      • 0

      За нээрээ vнэхээр л зев ярьж. Бассейнд хvртэл улс тержеед байхдаа яахав дээ. Байгууллагаа еедьнь татаж байгаа нь сайн байнаа. Санаачлагатай сайн л ажиллах хэрэгтэй дээ. Бас хvvхэд залуучуудын очдог, vйлчилгээний байгууллага гэдэг vvднээс хvмvvсийнхээ харилцааны соелд дээд зэргээр анхаармаар байгаа юм.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.95) 2014-04-11 12:59
      • 0
      • 0

      За нээгдсэн л бол боллоо доо. Яг муухай хар утаатай үеэр хүүхдээ сэлүүлж уушгийг нь цэвэрлэх хэрэгтэй байгаа юм. Засвар үйлчилгээгээ сайн хийгээд тасралтгүй ажиллах л их чухал даа.

      Хариулах