Цэвэрхэн бичсэнээр сайхан амьдардаггүйг багш хэзээ ойлгох вэ

Twitter Print
2022 оны 10-р сар 24-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

Одоо хүртэл цэвэрхэн бич, хичээлээ хуваарийн дагуу ялгаж ир, цэх суу, битгий эргэж хар, битгий хичээл үймүүлээд бай, жагсааж, алхуулж, загнаж зандарч, зөвхөн ур чадвартай хүүхдүүддээ анхаарч, ур чадварт хараахан суралцаж амжаагүй хүүхдүүдээ гадуурхаж, үүнд нь эцэг эхийг нь татан оролцуулж, гэр бүлд нь асуудал нэмж, хүүхдээ анхаардаггүй мэтээр эцэг эхийг нь хүүхдийнхэн дэргэд муулж, хүүхдүүдийг нэг нэгэнтэй нь харьцуулж, магтаал урамшуулал гэхээсээ илүүтэйгээр үг үсгий алдааг нь тоолж, хүүхэд нь хичээхгүй, муу байгаа мэтээр эцэг эхэд нь ойлголт өгч улам өөртөө итгэлгүй болгодог сургалтыг тогтолцоо байсаар байгаад, үүнд нь бэлтгэдэг, сургалын арга барилаа огт шинчилдэггүй боловсролын их сургууль байгаад үнэхээр их харамсаж байна.

Цэвэрхэн бичсэнээр сайхан амьдардаггүйг, хүн бүр зураач болох албагүйг, хичээлээ ялгаж ирсэнээр амьдралдаа эмх цэгцтэй хүн болдог гэсэн утгаггүй ойлголтыг өөрчилмөөр.

Ар араасаа утга учиргүй өндөр намарааа жагсана. Би намхан, би өндөр гэх мэт өөрийгөө бусдаас дутуу гэх мэдрэмж тэндээс төрдөг. Тэрний оронд бөөндөө тойрч суугаад биеийн тамир эрүүл мэндийн тухай ярилдцаг, сурахыг хүссэн спорт, эсвэл иога, бүжиг гэх мэт олон төрлийн сонголт байгааг ялгаж салгаж яаж энэ багш нарт ойлгуулах вэ? Жагсаж алхана гэдэг нь СОЦ үеэс үлдсэн муухай арга барил гэдгийг хэзээ энэ биеийн тамирын багш нар ойлгох вэ?

Эргэж харж, босч явж нэгэнтэйгээ харилцаж байж хүүхэд өөртөө итгэлэй, бусдыг сонсож бас ярилцаж чаддаг задарсан сэтгэлгээтэй болно. Зөвхөн ур чадвартайг нь шалгалт гэсэн зүйлээр шүүж авч элдэв олимпиад, дугуйланд бүртгэж, үүнд нь хамрагдаж чадаагүй хичнээн олон хүүхэд өөрийгөө дутуу гэдгийг мэдэрч, үүрд тэр зүйлийг сонирхохгүйгээр хасагдаж байгаа бол гэж бодохоос аймар. Гэтэл ОУ олимпиадууд тодорхой төлбөр төлөөд хүн бүр оролцож болох эрх нь нээлттэй байдаг шүү дээ. Жишээ нь кангару байна.

Хэзээ энэ багш нар үндсэн хичээлээ заах биш, өөрийнхөө туулж өнгөрүүлсэн буруу зөв нь батлагдаагүй амьдралын түүхээ шавь нартаа ярьж, үүнийгээ тэдэнд амьдралд сургаж байна гэж өөрийгөө өмөөрдөг муухай зүйлээ болих вэ? Эд чинь хүүхэд, дөнгөж хорвоотой танилцаж өөрөөрөө юмыг нээж үзэж, хайрлаж, мэдэрч таньж өсөх ёстой. Хүүхдийн асуудлыг зөвхөн эцэг эхэд нь ярьж ойлгуулж хүүхдүүдийгээ энэ асуудалд нь оролцуулдаггүй, юун дээр анхаарч яаж ажиллах талаар заадаг боловсролын систем хэзээ энэ боловсролын их сургуульд чинь нэвтэрэх вэ? 20 үгтэй цээж бичигнээс алдаа 3 гэж бичихийн оронд зөв бичсэн 17 гэж алдааг нь биш зөвийг нь хэлж, ахиж, дэвшиж байгааг нь хэлж ойлгуулдаг сэтгэлтэй багштай хэзээ бий болох вэ?

Хамгийн чухал нь багш хүн хичээл заахаас илүүтэйгээр хүүхдийн сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн онцлогт нь энэ нийгэм хэрхэн нөлөөлж байгааг судлаж, өөрийнхөө заах арга барилыг шинчилж өөрчилдөг тогтолцоог хэрхэн энэ боловсролын сургуулийн салбарт нэвтэрүүлэх вэ? Урлагийн их сургууль, Боловсролын их сургууль гэх мэт ёс суртахуун этикийг зааж суулгах ёстой хамгийн чухал сургуулиа улс яагаад анхаарахгүй байна вэ? Үнэхээр сайн багш хуруу дарам цөөхөн юм.

Сайн багшийг тогтвортой ажилуулж, амьдрал нийгмийн баталгааг нь гаргаж өгөх улсын бодлого ч гэсэн үнэхээр муу юм. Боловсролын салбар өөрчөгдөж, хүний сурах арга барил хүртэл өөрчлөгдөөд байхад хэзээ энэ нэг заваан СОЦ үеийн аргачилалаа болих вэ? Сүүлийн үед энэ нь бүр залуужиж, шинээр боловсролын салбарт багшлахаар орж ирж байгаа залуухан багш нар ихсэж байгаа нь үнэхээр санааг зовоож байна. Үүнийг нь өмгөөлж хамгаалдаг дээд үеийнхэн нь байгаа гэж бодохоор үнэхээр гайхаж байна. Би хүүхдээ сайн хүмүүжүүлж байгаа. Та ч бас. Ирээдүйд эд л улс орныг чинь өөрчилж авч явна шүү дээ. Ингэн ингэн заавал хүүхдүүдээ сургуульд сургаж тэднийг зовоох хэрэг байгаа ч юм уу? Хуучирсан өөрчлөгдөөгүй тогтолцоонд заавал хүчээр хүүхдүүдээ өгч хэн хэн нь стрессдэх хэрэг байгаа ч юм уу? Хэтэрхий олон жил хэтэрхий утгаггүй өнгөрөөж байгаа юм шиг 30 жилийн өмнө надад санагддаг байсан. Одоо ч гэсэн ингэж санагдаж байна.

Та нар хүүхдүүдийгээ хар л даа. Өөрсдөө бие даагаад гадаад хэл сурч байна, өөрсдөө бие даагаад үзье гэсэн зүйлсээ үзэж байна. Хайж байгаа мэдээллээ ямар ч багшийн тусламжгүй олж чадаж байна. Гэтэл багш нар, энэ боловсролын байгууллага нь яагаад сонирхол татахуйц, ахиц дэвшилтэйгээр өөрчлөгдөж болдоггүй юм бэ? Шинэ үе чинь тэс өөр хүмүүс шүү дээ. Бидний хувьд чухал зүйл тэдний хувьд чухал биш, зөвхөн ямар нэгэн арга хэрэгсэл ч болж мэдэх хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд амьдарч байна шүү дээ.

Эрдэнэбилэгийн Дөлгөөн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.