
Энэтхэгийн нийслэл Дели хотын агаарын бохирдлын үзүүлэлт эрүүл мэндэд хортой буюу ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн хэвийн хэмжээнээс 400 дахин их хэмжээнд хүрчээ.
Энэтхэгийн үндэсний Дивали баярын дараагаас Дели хотыг нөмөрсөн өтгөн утаа ойрын хугацаанд арилах шинжгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа ба Дели хотын сайд Арвинд Кежривал Дели хотыг "хийн камер" хэмээн тодорхойлоход хүрсэн байна. Үзэгдэх орчин муу байгаагийн улмаас зорчигч тээврийн онгоцнууд замаасаа буцаж, зарим нислэгүүд хойшлогдоход хүрээд байна.
Дели хотын агаар жилийн яг энэ үеэр ихээр бохирдох нь элбэг бөгөөд энэ нь энэтхэгчүүдийн 10-р сарын сүүлээр тэмдэглэдэг Дивали баяраар иргэд галын наадам зохион байгуулж, Бенгалын гал, динамит зэргийг ихээр тэсэлдэгтэй холбоотой аж. Түүнчлэн Дели хотын ойролцоох Пунжаб, Харъяна зэрэг мужуудад газар тариалан эрхлэгчид өвс ихээр шатаадаг байна. Энэтхэгийн засгийн газрын дэргэдэх Байгаль орчны агентлагаас мэдээлж байгаагаар үргэлжилсэн хур тунадас болон өндөр чийгшлийн улмаас Дели хотын агаарын бохирдол ирэх хоёр хоногтоо буурахгүй гэнэ.
Агаарын бохирдлын улмаас сургуулиуд хааж, барилгын ажлуудыг зогсоосон байна. Эрх баригчид иргэдэд 5 сая орчим утааны маск тараахаар төлөвлөсөн ба өнөөдрөөс эхлэн Дели хотын автомашинуудын хөдөлгөөнийг тэгш, сондгой дугаараар нь хязгаарлах аж. Дели хотын оршин суугчид агаарын бохирдлыг бууруулахад хатуу арга хэмжээ авахыг шаардаж байгаа ба тэр дундаа агаарын бохирдлын гол шалтгаан болох газар тариалангийн талбайг шатаах явдлыг зогсоохыг шаарджээ.
Хиймэл дагуулаас авсан мэдээллээр Дели хотын ойролцоох мужуудад өнгөрсөн долоо хоногт газар тариалангийн талбай шатаасан 3000 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь уг хотын агаарын бохирдлын 44 хувийг дангаараа үүсгэдэг аж. Эмнэлгүүдэд амьсгалын замын асуудалтай өвчтнүүд ихээр хандах болсоныг мэргэжилтнүүд онцолж байна. Сүүлийн хоёр жилд энэтхэгчүүд агаарын бохирдлын асуудалд ихээр анхаарах болж, утааны маск зүүж, утааны үеэр аль болох гадагш гарахгүй байхыг хичээх болсон аж.
НҮБ-ын мэдээлж байгаагаар дэлхийн хамгийн бохир агаартай 15 хотын 14 нь Энэтхэгт байдаг ба Энэтхэгийн Бихар, Чандигар, Дели, Харъяна, Пунжаб, Уттар Прадеш, Баруун Бенгал амьдарч буй иргэдийн дундаж наслалт агаарын бохирдлын улмаас 7 хүртэлх жилээр багасч буйг онцолжээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.