
АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан энэ баасан гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ Украин руу дайрах нь цаг хугацааны асуудал гэдгийг онцолж, Украинд байгаа АНУ-ын иргэдийг 48 цагийн дотор Украинаас гарахыг зөвлөжээ.
Түүний хэлж байгаагаар ОХУ-ын дайралт агаараас цохилт өгөхөөс эхэлж болзошгүй ба агаараас цохилт өгсөн тохиолдолд иргэдэд Украинаас явах хүндрэлтэй болох аж. Москва Украины хил орчим хэдэн арван мянган цэргүүд байршуулаад байгаа ч Украин руу цэргээ оруулах төлөвлөгөө байхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж, барууны улс орнуудыг худал мэдээлэл тарааж байна хэмээн буруушааж байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын адилаар Их Британи, Канад, Нидерланд, Латви, Япон болон БНСУ-ын эрх баригчид иргэдээ Украинаас явахыг анхааруулаад байна.
Жэйк Салливаны мэдэгдсэнээр ОХУ-ын зэвсэгт хүчин "томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахад тохиромжтой байршил" эзэлсэн байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт транс атлантын улс орнуудын тэргүүнүүдтэй цахим уулзалт хийж, ОХУ Украин руу довтолсон тохиолдолд ОХУ-ын эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэх хориг арга хэмжээ авах талаар ярилцжээ.
Ерөнхийлөгч Ж. Байдений хувьд ОХУ Украин руу цэргээ оруулсан тохиолдолд Вашингтон Украин руу цэрэг илгээж чадахгүй гэдгийг онцолсон юм.
Нөгөөтэйгүүр Вашингтон Польш руу нэмж 3000 цэрэг илгээж байгаагаа мэдэгдсэн ба тэдгээр цэргүүд нь Украинд байлдах бус АНУ-ын түнш орнуудыг хамгаалах зорилготой гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар энэ бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, ярилцах аж.
Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг байсан, Оростой нийгэм, соёл зэрэг олон талаараа гүн холбоотой Украиныг барууны орнуудтай нэгдэн НАТО-д элсэхийг ОХУ хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ илэрхийлж, уг асуудлыг даруй шийдэхийг АНУ болон НАТО-гоос шаардаж байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.9.40.10) 2021-04-23 17:44Нэр хугацаагаар яс хугар. Хайран нэр хүнд. Ард түмний хайр хүндлэл
Хариулах