
ОХУ, Украин хоёр Европын хамгийн том атомын цахилгаан станц болох Запорожье АЦС цохилтонд өртөж буй явдалд харилцан бие биенийгээ буруутгасаар байгаа энэ үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга томоохон хэмжээний осол гарахаас сэргийлж, цахилгаан станцын ойр орчмыг зэвсэггүй бүс болгох санал тавиад байна.
Украины Энергоатом агентлагийн мэдээлснээр өнгөрсөн пүрэв гарагт л гэхэд Запорожье АЦС таван удаагийн цохилтонд өртсөн бөгөөд цацраг идэвхт материал хадгалдаг байгууламж галд өртөх шахсан гэжээ. Оросыг талаас томилсон албан тушаалтнууд Украины зэвсэгт хүчнийхэн станцын ажилтнууд ээлж солилцох үеэр станцыг хоёр ч удаа бөмбөгдсөн хэмээн мэдэгджээ.
Үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт чуулж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш байлдаж буй талуудыг Запорожье АЦС-ын ойр орчимд явуулж буй тулаанаа зогсоохыг шаарджээ. Тэрээр, "Запорожье АЦС-ын орчимд цэргийн ямар ч ажиллага явагдах ёсгүй. Оронд нь аюулгүй байдлын үүднээс тус цахилгаан станцын ойр орчимд зэвсэггүй бүс тогтоох зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна." гэжээ.
ОХУ Запорожье АЦС-ыг өнгөрсөн 3-р сард хяналтандаа авсан ба станцын үйл ажиллагааг Украины ажилчид хангасан хэвээр байгаа юм. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр АНУ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагаас Запорожье АЦС-ын нөхцөл байдалтай очиж танилцахыг шаардсан байна.
НҮБ-д ОХУ-аас суугаа элчин сайд Василий Небензя Чернобылийн АЦС-д гарсан осолтой адил цөмийн гамшигтай тулахад ойрхон байгааг анхааруулж, Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн төлөөлөгчид Запорожье АЦС-д энэ сардаа багтаан очиж боломжтойг онцолжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аас Запорожье АЦС-ыг Украины мэдэлд буцаан өгөхийг шаарджээ. Тэрээр, "Тус бүс нутгаас оросууд бүгд гарч, АЦС-ын орчимд Украины зэвсэгт хүчин хяналтаа тогтоосон цагт л Европын цөмийн аюулгүй байдал хангагдах болно." хэмээн мэдэгдсэн бол Францын тал түүний тавьсан шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлэн, ОХУ-ын тал Запорожье АЦС-ыг эзэлсэн байгаа нь дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна гэжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.