Д.Цогтбаатар: ҮХЦ-ийн дарга автоматаар дипломат эрхтэй

Twitter Print
2019 оны 11-р сар 05-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Индонезид болох олон улсын хуралд оролцохоор БНСУ-аар дамжин явахдаа онгоцонд үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл нийгэмд дуулиан тариад буй билээ.

Хэвлэлд мэдээлснээр, тэрбээр тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд онгоцны ОО-ын хажууд зогсож байхдаа ажил үүргээ гүйцэтгэж явсан үйлчлэгч бүсгүйн өгзөгт хүрч бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг. Мөн түүнтэй явж байсан А гэгч ч өөр нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр зохисгүй аашилж, тэдний Инчоны нисэх онгоцны буудалд газардмагц нь цагдаагийн байгууллага саатуулсан байна. Гэсэн ч, дипломат эрх ямба, халдашгүй байдал ярьж, суллагдан Индонез руу явсан бөгөөд БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас түүнийг дипломат халдашгүй эрхгүй гэх мэдэгдэл хийсэн нь тус улсын томоохон хэвлэлүүдэд гарсан.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тайлбар хийсэн байна. Тэрбээр “Олон улсын хуулийн дагуу аливаа улсын өндөр албан тушаалтан дипломат эрх ямбатай байдаг. Энэ нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцээр зохицуулагддаггүй.  Олон улсын хууль болон бусад гэрээ, хэлэлцээрүүдээр зохицуулагдаг. Үндсэн хуулийн Цэцийн дарга гэдэг бол Монгол Улсын өндөр албан тушаалтан. Тиймээс төр нь өөрөө дипломат эрх ямбаар хамгаалагдсан байдаг. Тэр утгаар төрөө төлөөлөөд явж байгаа гэсэн үг. Үүнд хүнийг нь хамгаалаад байгаа юм биш, Монголын төрийг хамгаалдаг гэсэн үг. НҮБ-ын конвенц гэж бий. Энэ конвенцийн дагуу Үндсэн хуулийн Цэцийн дарга автоматаар дипломат эрхтэй. Олон улсын л хуулиа дагана шүү дээ” хэмээжээ.

Юутай ч, уг хэрэг камерт бичигдсэн гэдгийг Солонгосын талаас мэдээлж байгаа бөгөөд  Д.Одбаяр буцахдаа Солонгосоор дайрч мэдүүлэг өгөхгүй бол хэргийг нь прокурорт шилжүүлнэ гэдгийг тодотгож байгаа юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.