
Өнөөдөр 2021 оны 10 дүгээр сарын 13, намрын сүүл сарын шинийн 8-ны өдөр. Энэ өдөр Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 152 жилийн ойн өдөр тохиож байна.
2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 09 тоот зарлиг буулгасан билээ. Тиймээс эл түүхэн зүтгэлтний ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон “БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) О.Батсайханы тавьсан “1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч, эцэг VIII Богд Жавзандамба хутагтын үйл ажиллагааг бодитоор үнэлэхүй” илтгэлээс хүргэж байна.
1990 оны үндэсний ардчилсан хувьсгалын нэгэн ололт нь Монголчуудын үндэсний түүх, соёлоо сэргээн, өвлөн авч хөгжүүлэх эхлэлийг тавьсанд оршино. Өөрийн үндэсний эх түүхээ дурсан ярих эрхгүй, дэлхийн түүхэнд мөрөө тодоор үлдээсэн үндэсний баатаруудаа дурсах, түүх соёлоороо бахархах эрхгүй явсан ард түмэн чухам ардчиллын буянаар ийм эрх, эрх чөлөөгөө олж авсан билээ. Их эзэн Чингис хаанаа хүртэл дурсаж бахархах байтугай, их эзэн хааныхаа нэрийг сайнаар хэлэх эрхгүй байсан юм.
1990 оноос Монголын төр улс, үндэстнийхээ түүхийг эргэн харж анхны төрт улс үүссэн эрт үеэс өнөөдрийг хүртэлх эх түүхээ бодит үнэнээр нь судлах, бичих, коммунист үзэл суртлаас шалтгаалан дайрч гутаасан, тойрч зугтаасан, хориглож гээгдсэн соёл уламжлал, зан заншлаа сэргээх их ажил эхэлсэн билээ.
1991 онд Ерѳнхийлѳгч П.Очирбат Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч их эзэн Чингис хааныхаа 830 жилийн ойг Улс орон даяараа ѳргѳн тэмдэглэх, дурсгалын цогцолбор байгуулах тухай зарлиг гаргажээ. Энэ бол Монголын тѳр анх удаагаа тѳр улсаа үндэслэгч, үндэсний их баатрынхаа мэндэлсний ойг албан ёсоор тэмдэглэх болсон онцгой үйл явдал байв. Ѳмнѳ нь 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх тухай асуудал МАХН-ын Улс тѳрийн товчооны түвшинд яригдаж, тѳрсѳн нутаг – одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт хѳшѳѳ босгосон ч ЗХУ-ын удирдагчид үүнийг эсэргүүцсэний улмаас уг ажил зогсож, санаачлагчдыг нь “харгис этгээдийг дѳвийлгѳсѳн” хэмээн буруутган шийтгэж, албан тушаалаас нь зайлуулах нэг шалтаг болгосон билээ.
Монголд коммунизм тогтсон XX зуунд манай түүх бичлэгт харь гүрний удирдамж зааврыг дагаж төр улсынхаа болон үндэстнийхээ түүхийн бодит үнэнийг ард түмнээсээ нууж, түүхээ мушгин гуйвуулж, нэг үзэл сурталд таацуулан зохиомжилсон байв. Ийнхүү харийн үзэл сурталд нийцүүлэн зохиосон түүхийн хуудсанд хамгийн ихээр мушгин гуйвуулж, дайрч гутаасан үе бол ХХ зууны түүх юм. Тухайлбал, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд, Манж Чин гүрний эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Богд хаантай Монгол Улсаа дэлхий дахинд тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг мушгин гуйвуулах, эсвэл дайрч гутаах, тойрч зугатаах зэргээр бодит түүхийг шууд нуун дарагдуулсан байв.
1990 он хүртэл гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдан ЗХУ-аас цааш оронгүй, орос хэлнээс өөр гадаадын хэл үгүй мэт хаалттай ертөнцөд төрж өссөн Монголчуудын бүхэл бүтэн гурван үеийнхэн чухам ийм худал түүхээр тархиа угаалгаж, ертөнцийг үзэх үзэл нь социалист хэмээх үзэл онолыг туйлын үнэн хэмээн шүтсэн, юмыг ганцхан талаас нь харж номлодог эл үзлийн хүрээнд бүрэлдэн тогтсон юм. Үүний хор уршиг өнөө ч та бидний тархинд үргэлжилсээр байна. УИХ 2007 оны наймдугаар сарын 16-нд жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг Үндэсний эрх чѳлѳѳний ѳдѳр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргалаа. Улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд УИХ “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж арванхоёрдугаар сарын 29-нийг амралтын өдөр болгож Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нэрлэхээр шийдвэрлэлээ.
2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойд зориулан хүндэтгэлийн хуралдаан хийжээ. 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг буулгаж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг 1924 оноос хойш анх удаа орон даяар тэмдэглэж байна.
Богд хаан гэж хэн байв?
1869 оны шороон могой жил Түвэдэд төрөөд Богд Жавзандамба хутагтын хойт дүрээр тодорч, 5 настайдаа Монголд бурханы шашны тэргүүний ширээнд өргөмжлөгдсөнөөс хойш түүний амьдрал тэр чигтээ монголчуудын сайн сайханы төлөө зориулагдсан юм. Богдод багаас нь төвд, монгол хэл бичиг зааж, улмаар шашны болон дорнодахины ёс заншилыг түүнд сургасан байна. Богд гэгээн монгол, түвд хэлийг өв тэгш сурав. Түвд, монголын алдартай багш нар түүнд Жавзандамба хутагтын өмнөх дүрүүдийн түүх шастир, бурхан багшийн арван хоёр зохионгуй, зарлиг, эртний энэтхэгийн 84 шидтэн, түвдийн мэргэдийн номлол, сургаал, дорнодахины уран зохиол, Монголын түүх, цадигийг зааж сургаж байв.
Түүний хамгийн ойр дотны номын багш нь хамба номун хан Балданчоймбол нар байжээ. Монгол хэл бичгийн багш нь Бадамдорж болон Магсаржав хурц нар байв. Богдын номын сан бол дорнодахинд томоохонд орох номын цуглуулгатай байсан бөгөөд Богд түвд, монгол зэрэг олон ном амтархан уншиж байсан гэдэг. Тэрээр Монголд шарын шашиныг тэргүүлж байсан Богдуудаас ганцаараа гавжын дамжаа барьсан байна. 43 настай Монголын үндэсний хувьсгалыг ялалтанд хүргэж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулж, Монгол Улсын эзэн хаан 1911 онд суусан түүхтэй. Монгол Улсын эзэн хаанаар гурвантаа өргөмжлөгдсөн сүүлчийн хаан билээ.
1911-1924 онд хамгийн ээдрээтэй хэцүү үед Монголын төрийг тэргүүлж, Монголчуудад тусгаар тогтнол, бие даасан байдал, эрх чөлөө авчирсан үндэсний хувьсгалыг удирдан зохион байгуулсан гавьяатай. Бурханы шашин ХХ зууны эхээр монголчуудыг нэгтгэж, түүний тэргүүн Богд гэгээн тэр үндэсний тэмцлийг удирдаж, ялалтад хүргэсэн нь түүхэн үнэн юм. Нөгөө талаас монголчууд, тухайлбал Эзэн Чингисийн алтан ургийн Халхын дөрвөн хан, ноёд, лам хувраг, үндэсний сэхээтэнүүд тэр цагт Богд гэгээнтнээ тойрон хүрээлж, тусгаар тогтнолоо аварч болох юм байна гэдгийг гүнзгий ухамсарласаны үр дүнд үндэсний эрх чөлөөгөө олж авч, туурга тусгаар улсаа сэргээн мандуулан, төрийнхөө гал голомтыг сэргээж чадсан билээ.
Энэ бол Манж Чингийн эрхшээлээс хоёр зуу гаруй жилийн дараа монголчууд гарч, нар үзсэн хэрэг юм. Тиймээс Богд гэгээнтэн 1911 оны 12 сарын 29-ний өдрөөс 1924 оны 5 сарын 20 хүртэл Монгол Улсын төрийн тэргүүн, шашны тэргүүн, эзэн хаан байлаа.
Богд хааны түүх гэдэг бол ХIХ зууны сүүлчээс ХХ зууны 30-аад он хүртэлх үеийн монголчуудын түүх юм.
Монгол Улсын хаан Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тэмдэглэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн буулгасан зарлиг нь Богд хааны тухайд Монголын төрөөс үзүүлж буй цагаатгал хэмээн түүхчийн хувьд үзэж байна. Энэхүү Ерөнхийлөгчийн зарлиг гарсанаар Орчин үеийн Монголын түүх үнэн байх, үзэл суртал, улс төрөөс ангид байх, шинжлэх ухааны үндэслэлтэй байхын эхлэл байгаасай хэмээн хүсэж байна.
Монголын түүх үнэн болсноор Бурханы шашин хийгээд Богд хааны тухай үзэл суртлын дор хуурмаг бичигдсэн уран зохиол, дуу шүлэг, кино, үзвэрүүд үнэн бодитой болж, зөв гольдрилдоо орно байх хэмээн найдаж байна. Монгол үндэстэн өөрийн түүх, соёл, уламжлал, шашинаа бодитой үнэн зөвөөр мэдэж сурах нь даяаршиж буй үед чухалаас чухал болж байгаа гэдгийг дахин сануульяа.
1924 оны 5 дугаар сарын 20-нд Богд эзэн хаан таалал болсоны дараа 1924 оны 6 дугаар сарын 3-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдээс Монголд бүгд найрамдах засаглал тогтоох тухай шийдвэр гаргаж, “Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн залж хадгалах” -аар тогтоожээ. Эл шийдвэрийн дагуу битүүмжилсэн саванд хадгалсан Богд хааны хаш тамга, мөнгөн эрдэнэ тамга, алтан тамга, алтан өргөмжлөл, хатны тамга зэрэг үнэт зүйлсийг тэр чигээр Засгийн газар хав даран социализмын жилүүдэд нээлгүй байсаар 1990 онтой золгожээ. Ингээд 1995 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн 47 тоот захирамж гарч, “Засгийн газрын нэр дээр Монголбанкинд хадгалагдаж байсан үнэт металл, эрдэнийн чулуугаар хийсэн 20 нэр төрлийн үнэт, дурсгалт зүйлсийг Монголбанк, Сангийн яамны мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хэсгийн шалгаж тогтоосон үнээр Эрдэнэсийн үндсэн санд байнга хадгалуулахаар худалдах нь зүйтэй хэмээн үзсүгэй” гэжээ. Ерөнхий сайдын захирамжид “Эрдэнэсийн үндсэн санд байнга хадгалуулахаар худалдах үнэт, дурсгалт зүйлсийг Эрдэнэсийн сангийн тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохих хяналт, хамгаалалттайгаар хүлээлгэн өгөхийг” даалгасанаас гадна “Үнэт, дурсгалт зүйлсийг Эрдэнэсийн санд худалдсаны орлогыг төсөвт авч түүний зохих хэсгийг Улсын Их Хурлаас тавьсан хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүдийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн төр, засгийн төв байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах тоног төхөөрөмж худалдан авах, төрийн ордон, Ерөнхийлөгчийн өргөө болон бусад байр, тусгай обьектыг засварлах, тохижуулах арга хэмжээнд зарцуулах зориулалтаар олгохыг” Сангийн яамны сайд Э.Бямбажавт зөвшөөрсөн байна.
Эндээс үзвэл Богд хааны тамга зэрэг үнэт зүйлсийг байнга хадгалуулахаар Эрдэнэсийн санд худалдсан мөнгөөр Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, Ерөнхийлөгчийн өргөө, байр зэргийг засварласан нь тун ч сонирхолтой учир юм.
Дээр дурьдсан МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх-ийн нэгэн ботьд “Монголын шарын шашины толгой Жавзандамба хутагт монголчуудын эзэн хаанд өргөмжлөгдөж, шашин төрийг хослон барьсан тэргүүн болжээ” гээд “Бүгд найрамдах байгуулал тогтоох аятай шалтаг нь Богд гэгээн нас барсан явдал байв” (БНМАУ-ын Түүх 1984: 319) хэмээн бичсэн байна.
МАХН-ын товч түүхэнд Богдын талаар өгүүлэхдээ: “Засаг төрийн хэмжээт цаазат хэлбэрийг халж, ардын бүгд найрамдах улсыг тогтоох нөхцөл бололцоог бүрэлдүүлэв. 1924 оны тавдугаар сард Монголын хэмжээт эрхт хаан Богд Жавзандамба нас барсан нь энэ бололцоог бодит байдал болгон хувиргахад дөхмийг үзүүлэв” (МАХН-ын товч түүх 1970: 94) хэмээсэн нь нөгөө л “аятай шалтаг” -ийн санааг давтжээ.
Монголчууд шашны тэргүүнээ, төрийн тэргүүнээ таалал болсон үйл явдлыг “аятай шалтаг” хэмээн үзэж байсан юм гэж үү. Богд таалал болсон мөчөөс эхлэн түүний нэр төрийг гутаах ажил шууд нарийн зохион байгуулалттайгаар эхэлсэн гэхэд болно. Үнэндээ 1921 оны 7 сараас хойшхи Ардын засгийн газрын нэрээр улаантаны зөвлөхүүдийн хийж байсан бүхий л ажиллагаа шууд бусаар үүнд чиглэж ирсэн билээ. Саж ламын хэрэг, Бодоогийн хэрэг, Их Жанжин Сүхбаатарыг хордуулсан тухай, Эх дагины сэжиг бүхий таалал болсон явдлууд ар араасаа нэг л зүгт чиглэж байсан юм. Тэр бол ард олондоо бурханчлан Амьд бурхан хэмээн тахин шүтэгдсэн, нэр алдар нь монгол овогтоны дунд хүлээн зөвшөөрөгдсөн Наймдугаар Богд Жавзандамба хутагт байсан юм.
Иймээс 1919 онд Богд хааны ордонг хятадын гамин цэргүүд бүсэлж байсан шиг 1921 оны 11 дүгээр сард ч Богд хааны ордонг улаан орос цэргүүд бүсэлж айлган сүрдүүлэн байсан тэр үед Тангаргийн гэрээ гэдгийг Ардын Засгийн газар дангаар баталж, Москвад Монгол Зөвлөлтийн гэрээнд гарын үсэг зурж байв. (Америкийн консул Сокобин Монголын тухай 2017: 70)
1923 оны 2 дугаар сард Жанжин Сүхбаатар таалал болж, тэр дор нь түүнийг Богд хаан хорлосон хэмээсэн цуу тарааж орхив. Энэ цуу зуу гаруй жил лав явжээ. Олон ч хүмүүс үнэмшиж, түүх орвонгоороо эргэсэн байх.
Улмаар 1923 оны 6 дугаар сарын 27-нд Богдын хатан Дондогдулам таалал болов. Маргааш нь Ринчинод хэл хүргэжээ.
Энэ бол Сокобины онож тэмдэглсэнчлэн Богд хаанд өгсөн сүүлчийн сануулга байлаа. Ердээ жил хүрэхгүйн дараа 1924 оны 5 дугаар сарын 20-нд Монголын сүүлчийн эзэн хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагт таалал болсон билээ. Түүнээс ердөө хэдхэн хоногийн дараа МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах засаглал тогтоосоноо зарласан бөгөөд яг тэр заалт тэр чигээрээ үг үсгийн ч зөрөөгүйгээр 1924 оны Үндсэн хуулинд суусан юм.
Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын зохиосон Монгол Ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүхэнд өгүүлэхдээ: “Богд болбоос ....ардыг туслан жаргуулах байтугай ийнхүү элдвээр гасалгаж явсан нь чухамхуу хутагт Богд хэмээгчдийн хоосон нэр хорт чанарыг баримттайгаар илрүүлжээ” (Чойбалсан, Лосол, Дэмид, 1979: 25) хэмээн бичжээ.
2004 онд хэвлэгдсэн Монгол Улсын түүхийн таван ботийн тавдугаарт Богдын тухайд өгүүлэхдээ: “Монгол оронд Бүгд Найрамдах засаглал тогтоох бэлтгэлийг эрэмбэ дараатайгаар хийж байсан үед 1924 оны 5 дугаар сарын 20-нд хэмжээт цаазат хаан Богд гэгээн таалал төгсчээ. Үүгээр ардын эрхтэй хэмжээт цаазат хаант засгийг нөхцөлдүүлж байсан хүчин зүйл үгүй болж, засаглалын эл хэлбэрийг солих үйл явцыг хурдасгав” (Монгол Улсын түүх, Тавдугаар боть 2004: 151) хэмээн нөгөө л “аятай шалтаг”-ийг далдуур зөвтгөсөн дүгнэлт хийжээ.
Баабарын бичсэн “XX зууны Монгол: Нүүдэл суудал” номонд Богдын талаар өгүүлэхдээ: “Энэ өдөр Хятадын Чин династийн яг 220 жил үргэлжилсэн ноёрхлыг Гадаад Монголд түлхэн унагаж Олноо өргөгдсөн Монгол улс буюу тусгаар тогтносон Монгол улсыг ёслол төгөлдөр зарлаад Богд Жавзандамба хутагтын наймдугаар дүр хэмээн олон монголчуудаар бишрүүлэн шүтүүлсэн ер бусын урт нэртэй, 41 настай төвд эр энэ шинэ улсын эзэн хаанаар өргөмжлөгдлөө” гээд Богд Жавзандамбыг “монголчуудын оюуны удирдагч” (Баабар 1996: 130) хэмээн дүгнэжээ. Оюуны удирдагч, оюун санааны удирдагч хэмээх үгс түүх бичлэгт олонтаа гарна. Энэ үг чухамдаа юу гэсэн үг вэ, англиар spiritual leader хэмээн хэлдэг үгийн утга бол ердөө шашны тэргүүн хэмээсэн утгатай байна. Энэ бол Богдыг Монголын үндэсний хувьсгалын удирдагч, төрийн тэргүүн байсаныг хүлцэн тэвчиж чадахгүй байгаагийн л илрэл юм.
Өнөөгөөс 108 жилийн тэртээ Чингис хааны алтан ургийн Халхын дөрвөн ханы дотроос хамгийн ойр төрөл болох Түшээт хан Дашням Монгол Улсын эзэн хаан сууж болох байсан боловч түүний хэлсэн “Би бол энэ түвд гаралтай Жавзандамбыг бодвол Их Чингис богдын угсаатны хаадын дотроос ахмад нь билээ” (Навааннамжил Гадаад Монголын автономит үеийн түүх, гар бичмэл, Улсын нийтийн номын сан: 81) хэмээх үгс салхинд хийсэх төдий болж өнгөрчээ.
Хэрэв үнэхээр л Монголын ноёд Богд Жавзандамба хутагтаас илүү үндэсний хөдөлгөөнд санаачлагч, удирдагч, хэрэгжүүлэгчдийн эгнээнд байсан бол Эзэн Чингисийн угсааны ханыхаа хэлснийг дэмжиж болох байсан биз. Харин ийнхүү дэмжээгүйгээр барахгүй, Богд Жавзандамба хутагтын заасан замаар л хөтлөгдөж байсан нь Богдын нөлөө хийгээд уг үйл явдлыг тэрбээр өөрийнхөө санасан бодсоноор удирдан залж байсаныг илтгэнэ.
Харин хэт зүүний үеийн гол төлөөлөгчдийн нэгэн болох Ө.Бадрахын 1932 онд хэвлүүлсэн “Намаас баруун бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай их тэмцлийн туршлага” хэмээх номонд Богдын талаар “Жавзандамба хутагтын наймдугаар дүр болбоос шашин төрийг хослон баримой хэмээх түүх бүхий учир Монголыг Хятадын/Манжийн/ мэдлээс гаргаж, автономитыг ба одоо ардын засгийг байгуулсан гавьяа буй ажгуу” (Өлзийтийн Бадрах 2001: 175) хэмээн бичсэн нь түүний тухай үнэнийг өгүүлэхээс зайлсхийж чадаагүй хэмээн үзэлтэй.
Гэтэл түүнээс сүүлд бичигдсэн МАХН-ын түүх болон БНМАУ-ын түүхэнд дээр дурьдсан зохиогчийн хүлцэн зөвшөөрсний хэмжээнд ч Богдод үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй нь үзэл суртлын хэмжээнд хэр их автсаныг харуулна. Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан М.Петухов 1939 онд бичихдээ: “Автономит Монголын толгойлогч нь Богд байсан бөгөөд ... Өргөн олон ардууд нь Богдыг занан үзэж байсан бөгөөд жишээлвээс ардуудаас сохор тангад үхээгүй цаг дор бид амрах цаг үгүй хэмээн ярилцацгааж байсан баймой. Ард олон нь Богдыг сохор хэмээхээс өөрөөр нэрлэж байгаагүй” (Петухов Монгол нь манж, автономитийн үед 1939: 97) хэмээн Богдыг илт дайран доромжлох үйл явц энэ үеэс эрч хүчээ авчээ. Улмаар уран сайханы кино, уран зохиолд Богд хааныг хамгийн муухайгаар дүрслэн харуулсан байна.
Богд хааны талаар урьд нь “Богд гэгээнийг түүхийн үүднээс шинжлэн үзэхэд амьсгалаа зогсон зогстол Монголын ард түмний хамгийн заналт дайсан бөгөөд харгис этгээд байсан юм” (Пунцагноров Монголын автономит үеийн түүх 1955: 105) хэмээн эрдэмтэн Ц.Пунцагноров дүгнэж байжээ. Энэ бол үзэл суртлын оргил үеийн дүгнэлт юм.
Хэдийгээр хатуу хяналтын дор үзэл суртлын зэвсэг ажиллаж байсан ч гэсэн үнэний эрэлд зүтгэж байсан эрдэмтэн цөөн ч гэсэн байжээ.
Монголын эрдэмтэн Ш.Сандаг бүр 1971 онд хэвлүүлсэн зохиолдоо “нэн ялангуяа 1911 онд Монголын үндэсний тусгаар тогтнолыг тунхаглаж хэмжээгүй эрхт Богд хаант феодалын Монгол улс байгуулсан явдлын ач холбогдлыг олон талаас дэнслэн үзээгүй, тэр үеийн улс төрийн зүтгэлтний үйл ажиллагааг хавтгайруулан дүгнэсэн, 1911–1919 оныг Монголын “автономит үе” гэж томьёолсон зэрэг нь уул асуудлуудыг бүдүүвчлэн хялбарчилсан буюу тойрч гарсан, үнэн бодит байдлыг бүрхэгдүүлсэн хэмээмээр байна” (Сандаг Монголын улс төрийн гадаад харилцаа 1971: 25) гэж дүгнэсэн атал түүнээс хойш бичигдсэн нам, улсын түүх, эрдэмтэдийн бүтээлд эл асуудлыг олон талаас нь дорвитой дүгнэсэн нь өнөө хэр тийм ч элбэг бус байгааг хүлээн зөвшөөрөх нь зүй болов уу.
Эрдэмтэн Ш.Сандаг цааш өгүүлэхдээ: “Манжийн колончлолын дэглэмийг эсэргүүцсэн Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөөлгөөний шууд нөлөөгөөр монголын феодалууд ч хамрагдаж улс орныг манжийн эрхшээлээс тусгаарлан тулгар төрөө сэргээн мандуулахад оролцжээ. Феодалуудын энэ хөдөлгөөнийг Жавзандамба хутагт удирджээ” (Сандаг Монголын улс төрийн гадаад харилцаа 1971: 274) хэмээсэн нь Монголын үндэсний хөдөлгөөний удирдагч нь Богд болохыг тухайн үед зоригтой хэлсэн хэрэг юм.
Монголын эрдэмтэн Т.Төмөрхүлэг 1990 онд “Наймдугаар Жавзандамба хутагт ямар хүн байв” гэсэн өгүүлэл бичиж, түүндээ “Монголын шинэ үеийн түүхэнд шашин сурталтай тэмцэнэ гэдэг нэрээр “ясаа өндөлзтөл” муучлуулсан хүний нэг нь Халхын VIII Жавзандамба хутагт билээ” хэмээжээ. (Төмөрхүлэг Наймдугаар Жавзандамба хутагт ямар хүн байв, Утга зохиол урлаг, 1990 оны дөрөвдүгээр сарын 6-ны дугаар)
1990 оноос өмнө бичигдсэн нам, улсын түүхэнд Богд хааны талаар үзэл суртлын үүднээс шинжлэх ухаанч бусаар хандаж, түүхэн үйл явдалд дэндүү субьектив байдлаас хандсан дүгнэлтүүд ноёрхож байсан болохыг дээрх өгүүлсэн баримт сэлтүүд тодорхой илтгэж буй болно.
Харин Монгол, Орос, Хятад, Япон зэрэг улсуудын архив, номын санд хадгалагдаж буй Богд хааны түүхэнд холбогдох баримтууд, эх сурвалжууд Богд хааны тухайд эрдэм шинжилгээ судалгааны илүү үндэслэл бүхий түүхэн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийх боломжийг олгож байгаа болно.
1911 онд Монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ. “Монголын цагаагчин гахай жилийн 11 дүгээр сарын шинийн 9 бөгөөд Европын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ.
Ийнхүү олон монголчуудын сэтгэлд нийцсэн амжилт олсон 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг санаачлан, зохион байгуулж, удирдсан хүн бол VIII Богд Жавзандамба хутагт бээр мөн юм. Манжийн эрхшээлд байсан үеийн Монголын ноёдын нөхцөл байдал хийгээд Бурханы шашины тэргүүн VIII Богд Жавзандамбын нэр хүнд, бие даасан байдал, нөлөөлөл зэргийг Манжийн хаанаас хараат оршиж байсан монголын ноёдын байдал лугаа харьцуулж үзвэл үндэсний хэмжээний хөдөлгөөнийг санаачилж, түүнийг удирдах, зохион байгуулах боломж, бололцоо Богд гэгээнд л илүүтэй байсан нь тодорхой харагдана. Харин Богд Жавзандамба хутагт ч тэрхүү боломжийг сайтар, алсын хараатай ашиглаж чадсаны дүнд Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн оройд нь ямагт байж чадсан удирдагч нь болсон юм. Үүний улмаас Богдын зөвшөөрөлгүйгээр монголын хан ван, ноёдоос хэн нь ч өөр алхам хийж байгаагүй бөгөөд 1911 он гэхэд Хүрээнд ноёдын цугларах, тарах нь хүртэл Богдын адисгүйгээр болдоггүй байсаныг эх сурвалжид нэг бус тэмдэглэсэн байна. Нөгөө талаар буддын шашин хэзээ нэгэн цагт монголчуудын омог бардам занг дарахад ашиглагдаж байсан бол ХХ зууны эхээр монголчуудыг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж, шарын шашины тэргүүн Богд гэгээнийг үндэсний удирдагч болоход шууд нөлөөлөл үзүүлсэн нь тодорхой байна.
1911 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Хүрээнд ирээд байсан Добданов “Халхын амьдралын ирээдүйн бүх шанс ганцхан Богд хааны гарт байна. Түүний улс төрийн мэргэн ухаан одоо хэр тодорхойгүй байна” (Котвич 1972: 70) гэсэн байна. “Хутагтын хувьд Монголын хаанаар өргөмжлөгдсөн явдал нь санамсаргүй хэрэг бус байлаа. Тэрбээр олон жилийн турш бараг л тийм байсан юм. Тэрээр дэлхий дахины өмнө Монголын хаан болохоо харуулахыг олон жилийн турш тогтмол, болгоомжтой, бодлоготойгоор бэлтгэсэн юм. Ийнхүү болсон эргэлт нь бүхэлдээ Хутагтын мэргэн бодлого, түүний төрийн нарийн ухааны шижим юм” Котвич 1972: 92) хэмээн онцлон тэмдэглэжээ.
VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хэд хэдэн үндэслэл нөлөөлсөн байна. Тухайлбал, тэрээр монголчуудын дунд шашины тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв. Үүнийг нилээд эртнээс Оросын эзэнт гүрний засгийн газар мэдэрч, Богд гэгээнтэй нягт холбоо тогтоохыг эрмэлзсэн юм. Иймээс бүр 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Я.Шишмарев бичихдээ: “хэрэв Монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй” хэмээн түүний нэр, нөлөөний тухай бичсэн буй.
Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн мэдээндээ: “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно” (РГИА., ф.892, оп.3, ед.хр.127, л.1, Архив Внешней политики России, Фонд Миссия в Пекине, Опись 1, Дело 316) хэмээн онцлон тэмдэглээд цааш өгүүлэхдээ: “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” (РГИА., ф.892, оп.3, ед.хр.127, л.1, Архив Внешней политики России, Фонд Миссия в Пекине, Опись 1, Дело 316) гэсэн буй. “Түүхэн энэ цаг үед Хутагт ард түмнийхээ хүсэл зоригийг соргогоор мэдэрч, Хятадаас (Манж Чин улсаас–О.Б) холбоогоо таслахаар шийдэж, Монголын хувьд хэзээ нэгэн цагт байсан шиг нь хүчирхэгээр хамгийн дээд өндөрлөгтөө зогсож, Их Орос улсаас тусламж эрсэн” юм хэмээн консул В.Люба нэмэж тэмдэглэсэн байна. Богд эзэн хаан жанч халтлаа монголын үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдал, монголчуудын уламжлал, соёл, шашины төгс ирээдүйн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэл өвөрлөж байв.
Богд хааны тууштай байдал бусдыг араасаа дагуулж, тойрон хүрээлүүлж, зоригжуулж, нэг зүгт чиглүүлж чадсан байна. Тэрбээр Хятадын ерөнхийлөгч Юан Ши Кайн дарамт шахалтанд өчүүхэн төдий гуйвж дайвсангүй, хэхээл хахуульд нь идэгдсэнгүй. Өөрийн сонгож авсан зам дээрээ бат зогсож, Монгол тусдаа тусгаар тогтносон, бие даасан улс байх учиртай хэмээхийг ягштал баримталж чадсан юм.
Тэрбээр ухамсарт бүхий л амьдралаа Монголчуудын үндэсний тусгаар тогтнол бэхжих, үндэсний уламжлал, шашин, соёл эрхэм үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө зориулсан байна. Тухайлбал, төрийн бүх хэргийг монгол хэлээр монгол бичгээр явуулахыг зарлигдав. Төрийн тамга, төрийн түшмэдийн хувцас монгол байх, төрийн хууль цаазыг монгол уламжлалдаа түшиглэн боловсруулах, Монголын угсаа залгамжилсан хан, ван, гүнгүүдийн намтар, уг түүхийг үнэн магадтайгаар бичүүлэх, хөтлөн явуулах, монгол ноёд хятад эхнэр авч болохыг хориглох зэрэг Богд хааны гаргасан зарлиг, шийдвэрүүд архивын шарласан хуудсанд дүүрэн үлджээ. Зуун дамжин сүндэрлэх Өндөр Мэгзэджанрайсиг, Түмэн гэлэнгийн хайлан гээд бурханы шашны хөгжилд оруулсан үнэт хувь нэмэр олон буй.
Дүгнэлт
Түүний шийдвэртэй зоригтой хийсэн алхмуудын хүчээр Орчин үеийн Монгол улсын үндэс суурь 1910-аад онд тавигдсан юм. Иймээс VIII Богд Жавзандамба хутагт бол монголчуудад үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол авчирсан 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч, эцэг нь төдийгүй Орчин үеийн Монгол Улсын үндэслэгч мөн хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэв 1911 оноос өмнөх үед Богд Жавзандамба хутагт нь монгол үндэстний шашины дээд шүтээн болж чадсан бол 1911 оны үндэсний хувьсгалын дараа Монголчуудын шашины төдийгүй төрийн удирдагч, эзэн хаан жинхэнэ утгаараа болжээ. Тэр бол монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын эцэг нь мөн билээ. Тухайн үед Богд хааны нэр хүнд, нөлөө, ач холбогдол лам нар, сүсэгтэн олон, нийт монгол үндэстний дунд маш өндөр байсаныг Католик шашинтнуудын папаас илүүгүй юмаа гэхэд дутахааргүй байсан (Коростовец От Чингис хана До Советской республики 2004: 312) хэмээн Оросын эзэн хааны Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец бээр тэмдэглэсэн байдаг.
Богд хааны засгийн газраас ХХ зууны эхээр үндэсний хэмжээнд, улс төр, нийгэм, эдийн засаг, олон улсын харилцаа, оюун санааны хүрээнд гээд бүхий л салбарт боловсруулан авч хэрэгжүүлсэн алхамууд нь Орчин үеийн Монголын төрийн үндэс суурь, хөгжлийн замын эхлэлийг тавьсан хэмээн үзэж байна.
Монгол Улс ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засаг руу шилжилт хийсэн 30 жилд эх түүхээ эргэн харж, үндэсний ёс заншил, уламжлал соёлoo сэргээхэд том ахиц дэвшилд хүрсэн боловч иргэн бүрийн, айл гэр бүлүүдийн аж амьдралын ёс зүй, хэвшил болон төлөвшихөд нь хугацаа шаардлагатай байна. Учир нь монгол үндэстэн социализмын он жилүүдэд өөрийн түүх, соёл, уламлжлал, шашин, зан заншилаасаа холдсон болохоор эсвэл холдуулсан болохоор үндэстнийхээ амин шалгуур, үнэт зүйлсээ танихгүй болтлоо өөрчлөгдсөн юм.
Агуу түүхтэй монгол үндэстэнд өнгөрсөн нийгмийн үеэ өнгөрөөсөн үзэл суртлын хүлээснээс үтэр түргэн ангижирч, ирээдүйг авч явах хүүхэд, өсвөр үеэ хордуулахгүй байх явдал нь онц чухал байна. Ингэж чадахгүй байгаа учраас л нийгмийн оюун санааг өөрчлөх явцыг удаашралтай болгож, хөгжил дэвшлийг хойш татагч хүчин зүйл болж байна.
Улс үндэснийхээ XX зууны түүхийг үнэн мөнөөр нь сэргээж, хүн зоноо ухааруулж сэнхрүүлэх явдал манай өнөөгийн нийгмийн оюун санааны өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх болно.
Зуун жилийн өмнөх бидний өвөг дээдэс биднээс илүү ухаантай байжээ. Биднээс илүү зовлон туулсан байна. Тиймээс л монгол үндэстний тасарсаныг залгаж, эвдэрснийг эвлүүлэх, мартсаныг сэрээхийн төлөө тэдний үг, тэдний бодол, тэдний сэдэж хэрэгжүүлж эхэлсэн алхмуудыг зөв хэмээн үзэж, зуу гаруй жилийн дараа ч болов монгол түмэндээ хүргэхийг зорьсон юм. Иймээс миний бие ам дугарвал 1911 он, үг хэлбэл Богд гээд байгаа юм.
Учир нь өнөөгийн Монголын үндэс суурийг эрэлхэг жанжин Сүхбаатар бус Богд хаан тавьсанд асуудлын учиг оршино. Өөрөөр хэлбэл Орчин үеийн Монгол Улсын үндэс суурийг тавьсан үндэслэгч бол Богд хаан мөнөөс мөн хэмээн хэлж байгаа хэрэг. Түүх бол үнэн бодитой байх хэрэгтэй. Үнэн бодитоор судлах дүгнэх явдал чухал, харин тэр түүхийг өргөн олон түмний ой санамжид хүргэх гэдэг бол тун их хэцүү явдал байдаг юм байна.
Бид ингэж чадахгүй аваас монгол үндэстэн өөрийгээ олж, таньж чадахгүй, зүгээр л онгироо хүүхэд адил болж мэднэ. Үүнээс ангижруулахын тулд л Орчин үеийн эхлэлийг тавьсан ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, бүр тодруулбал Орос, Хятадын дундах хуурай газрын арал мэт орших Монголыг тойрсон геополитик тэр үед тавигдсан учраас л үүний учрыг мэдэж таниасай хэмээсэн сэтгэлээр Богд хааны түүх, намтарт хандаж ирсэн болно.
1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Богдыг Монгол Улсын эзэн хааны ширээнд дахин залах ёсслол болов. Энэ бол гурав дахь удаа байлаа. Өмнөх хоёроос ялгарах зүйл нь энэ ёслол хуурамч байсанд оршино. Учир нь яг энэ өдрөөр Богд хааны улс төрийн амьдрал дууссан юм. Тиймээс уг үйл явдлыг гадныхан “намайг эзгүйд намайг гэрлүүлчихлээ” гэдэг шиг зүйл боллоо хэмээн бичиж байлаа.
Энэхүү үйл явдлаар Богдыг хэмжээт эзэн хаанаар өргөмжилсөн нь Богд болон монголчуудад бус зөвхөн Оросын улаан засаг, түүний хүүхэлдэй болсон ардын засгийнханд Богдын нэр сүр, алдар хүндийг ашиглахад хэрэгтэй байлаа. Ард олонд Богдын нэрийг барьж, өөрийн бодлогоо тулгах явдал Ардын нам, улаан армийнханыхан Монголын хил даван орж ирсэн цаг мөчөөс эхэлсэн юм.
Барон Унгерн 1920 онд Монголд орж ирэхдээ л би Богд хааны урилгаар орж ирлээ гэсэн бол Ардын намынхан 1921 оны 7 дугаар сард орж ирэхдээ “Бид Богд хааны зарлигаар” яваад ирлээ хэмээн адилхан үгс хэлж байлаа. Чухам үнэн хаана байгааг Богд хаан ялгаж салгаж байсан юм.
Бодоо Ерөнхий сайдын албанаас буудаг нь Хүрээнд орж ирсэн Улаан цэргийн армиийн бие бүрэлдэхүүнийг гаргах учиртай гэснээс болсон нь лавтай хэрэг. Бодоо хүний тоглоом болсоноо л ойлгож эхлэсэн тул зайлуулагдав.
1921оны 7 дугаар сараас хойш Ардын засгийн газраас Богд хааны эрх мэдлийг хумих, нэр хүндийг унагах талаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байлаа. Саж ламын хэрэг, Бодоогийн хэрэг, Цэрэнпил гүнгийн хэрэг, Сүхбаатар жанжан таалал болов гээд бүхий л ажиллагаанд Богд буруутан болж байлаа.
Богдын нэр хүнд монголчуудын дунд маш өндөр байсан нь шууд үгүй хийж чадахгүй байсан юм. Үүнийг японы тагнуул бичихдээ бүр Богд 1924 оны эхээр таалал болсоныг ард олноос нуусан хэмээн бичиж байлаа.
1924 онд таалал болсоноос хойш Богд ын нэр хүндийг хамгийн саар байдлаар дайран гутаахад ашиглаж байлаа. Энэ бол үзэл суртлын зэвсэг болгоход маш тохиромжтой дүр байсан юм. Учир нь Богд бол монголчуудын хувьд харь гаралтай хэмээн үзэж байлаа. Тиймээс ХХ зууны турш үзэл суртлын нэг том зэвсэг бол шар толгой феодал Богд болсон юм. Ингээд эхний ээлжинд түүний дүрийг тодруулахгүй байх талаар дэс дараалалтай бодлого явуулж тасалж дөнгөв.
Улмаар БХКбН-ын түүх адил МАХН-ын түүхэнд Богдын тухайд ямар улс төрийн жанжин шугам баримтлахыг тодорхойлж бичнэ. Үүний дараа улсын түүх, уран сайханы кино, уран зохиол, дуу шүлэг гэх мэтээр бүхий л үзэл суртлын хэрэгслээр Богдыг муучилна. Ийм байдлаар Богд бол Монголын түүхэнд хамгийн сөрөг дүр болон хувирсан болно.
Дээр дурьдсан бүхэн бол монгол үндэстэнд хор хохирол учруулсан улааны үзэл суртлаас ангижирахын тулд хэлж буй шүүмжлэл болохоос хөрш орон Орос улсыг шүүмжилсэн хэрэг бус юм. Коммунизмын өлгий нутаг хэмээн нэрлэгдсэн байсан Орос улсад коммунизмын үзэл суртлаас ангижирч, орос үндэстний түүх, соёл, уламжлалаа хэмээсэн бодлогоо тууштай хэрэгжүүлж байна. Энэ бүхний учрыг ялган салгаж ойлгох нь зүйтэй байна. Эндээс суралцвал зохилтой.
1990 оны үндэсний ардчилсан хувьсгалаас хойш ч энэхүү үзэл суртлын уур амьсгал Монголд үргэлжилсээр байна. 30 жилийн босгонд Ерөнхийлөгчийн зарлиг буулаа. Баярлалаа.
Харин цааш цаашдаа ийм удаан хэмнэлээр яваад байвал төөрч будилсан монгол үндэстэн өөрийн үндэсний түүх цадигаасаа өөрсдийгөө хэзээ олж таньж сэрэх болоо?
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.