Мьянмарчууд бэлэн мөнгөний хомсдолд оржээ

Twitter Print
2021 оны 05-р сар 15-нд 17:37 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 2-р сарын 1-нд Мьянмарт болсон цэргийн эргэлтийн дараа мьянмарчуудад тулгарч эхэлсэн хамгийн том асуудал нь бэлэн мөнгөний хямрал болоод байна.

Төрийн эрхэнд гарсан цэргийн удирдлагууд Мьянмарын Төв банкны удирдлагыг сольсон ба тухайн албан тушаалтнууд нь банкнуудад зориулсан бэлэн мөнгөний нөөцөө тодорхой шалтгаангүйгээр татаагүйгээс болж банкнууд бэлэн мөнгөний нөөцгүй болжээ. Бэлэн мөнгө авах хүсэлтэй мьянмарчууд үүрийн 4 цагаас эхлэн банкны гадаа дараалал үүсгэн зогсох ба банкны зүгээс эхний 15-30 хүнд нь дугаар өгч, дуугар авсан хүмүүстээ л бэлэн мөнгө олгож байгаа аж.

Банкны ажилчид цэргийн эргэлтийг эсэргүүцэж, жагсаал цуглаанд оролцож байгаатай холбоотойгоор банкнуудын зарим салбарууд ажиллахгүй, зарим нь богиносгосон цагийн хуваариар ажиллаж байгаа ба эрх баригчдын зүгээс интернет сүлжээг тогтмол тасалж байгаагаас цахимаар шилжүүлэг хийхэд хүндрэлтэй болжээ.

Цэргийн эргэлтээс хойш Мьянмарын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 20 хувиар буурчээ. Дэлгүүр худалдааны төвүүд зөвхөн бэлэн мөнгөөр гүйлгээ хийж байгаатай холбоотойгоор мөн банкны тогтолцоо нурна гэсэн айдас бэлэн мөнгөний эрэлт огцом нэмэгдэхэд хүргэжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар бэлэн мөнгөний хямрал нь Мьянмарт эдийн засгийн гүн хямрал үүссэнийг илтгэж байгаа аж. Санхүүгийн шинжилгээ судалгааны Fitch Solutions компанийн судалгаагаар 2021 онд Мьянмарын ДНБ 20 хувиар буурах гэнэ.

Өнгөрсөн сард НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Мьянмарын эдийн засаг коронавирусын цар тахал болон цэргийн эргэлтээс болж уналтанд орсон ба 54 сая хүн амтай тус улсын хүн амын тал орчим хувьд ядуусын эгнээнд шилжих аюул нүүрлэсэн талаар онцолсон юм.

Эх сурвалж: https://www.reuters.com/business/finance/

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.