
Өнөөдөр би шүглэсэн чөтгөрөө зайлуулахаар явна. Үнэн мөнөөр нь хэлбэл, намайг дагуулж явах гэж байгаа боловч би их хүлээцтэй, тайван байна. Гэрт маань өнөөдөр өглөөнөөс хойш ээж, удган эмээ хоёр нааш цааш их л завгүй холхих нь миний дотор шүглэсэн чөтгөрийг зайлуулахаар явах бэлтгэл хийж байгаа юм.
Үнэнийг хэлэхэд надад чөтгөр шүглэсэн гэж би огт бодохгүй байна. Гэвч сургуулиас ярьж, - Кэйтагийн ухаан санаа нэг л тогтворгүй, хэвийн бус байх шиг байна гэсэн тул эмчид үзүүлэх үү, удганд харуулах уу гэж ээж нэлээн бодсны эцэст хямдхан ч юм гээд удганд үзүүлэхээр болсон билээ. Тэгээд удганд үзүүлтэл “Чөтгөр шүглэжээ” гэсэн нь тэр.
Хэрвээ миний ухаан санаа өвчилсөн нь үнэн аваас шалтгаан нь өнөөх сайхан төгөлдөр хуурч эгчээс болсон нь гарцаагүй. Өнгөрсөн долоо хоногт миний сурдаг бага сургуульд ирж бидний өмнө төгөлдөр хуурын бяцхан концерт тоглож өгсөн юм. Би тэгэхэд төгөлдөр хуурч гэдэг хүнийг ч, мөр цээжээ ил гаргасан даашинзтай эмэгтэй хүнийг ч анх удаа харж билээ. Хөгжим эгшиглэсэн яг тэр агшинд төгөлдөр хуураас ямар нэгэн гайхалтай гэрэл сацрах шиг болов. Моцартын “Төгөлдөр хуурын аяз К330” хэмээх зохиол байсан авч би тэр аялгуунд “ Гял цал” гэж нэр өглөө. Хэрэв үүнийг үгүйсгэх хүн байх аваас тэр хүн бол хөгжмийн тухай өнгөцхөн л мэддэг, цаад мөн чанарыг нь огт ойлгоогүй хүн болно.
“Гял цал” -ыг сонсож байх зуур сэтгэл зүрх минь уярч, эгшиг аялгуу нь миний бүх биед шингэн орох шиг болсон юм. Дуу чимээ атлаа солонгорон гялтганаад өнгийн харандаануудаас ч олон өнгөтэй байсан шиг санана. Үгүй ээ, би энэ хоёр нүдээрээ тэр олон өнгө туяаг тодоос тод харсан юм. Санагдсан юм биш. Хий үзсэн юм биш. Сэтгэл ихэд догдолж өөрийн эрхгүй босоод алга ташиж орхив. Төгөлдөр хуурч эгч над уруу зэрвэсхэн харснаа ахин хөгжимдөж эхэллээ.
Багш намайг, - Чимээгүй сонс! гэж анхааруулсан боловч би ая дууссаны хойно алга ташсан болохоор юунд анхааруулсаныг нь үл ойлгов. Тэгтэл дэргэд сууж асан Кана охин, нэгдүгээр хэсэг нь л дуусаж байна шүү дээ гэж хэлж өгөв. Хэрвээ надад үнэхээр чөтгөр шүглэсэн бол, “Гял цал” нь буг чөтгөр юм бол буг чөтгөр гэгч нь их сайхан амьтан юм хэмээн бодов. Чөтгөр шүглэсэн хүн хэвийн байдалдаа эргэж орохыг үл хүсэхдээ тийн шалтаг хэлж байгаа юм огт биш. Концертын дараа би хөгжмийн багшаасаа нөгөө аяыг тоглож өгөөч гэж гуйлаа. Багш дарахынхаа урьдаар, би мэргэжлийн төгөлдөр хуурч хүн биш шүү гэж хэлээд хөгжимдөв. Гэвч ямар ч “Гял цал” биш. Өнгө ч үгүй, хэлбэр ч үгүй. Утас нь тасарсан сувсууд шиг л хөг аялгуу нь тал тал тийшээ бутран таржээ. Магадгүй Моцартын “Төгөлдөр хуурын аяз К330” мөн байж болох ч “Гял цал” – аас онхи ондоо. Тэгсэн хэр нь багш чадлаа гэсэн шиг тун чиг сэтгэл өндөр байв.
- Арай ч дээ гэж би тохирсон шүүмжийг нь л хэлэв. Түүний дараах нэг сонин эвгүй уур амьсгал миний буруугийнх биш. Дэндүү болхи аянд тохирсон гашуун ч гэлээ үнэн үг хэмээн үзвээс тийм ч сүртэй асуудал биш шиг санана. Багш дарж чадахгүй бол өөр хүнээс гуйя. Төгөлдөр хуураар хичээллэдэг Кана охиныг сайхан үгээр шагнаж, шалж байгаад хичээлийн дараа “Гял цал” ыг тоглуулж авлаа. Тэрээр
- Төгөлдөр хуурын аяз К330 ыг аль нэгдүгээр ангидаа үзчихсэн шүү дээ” гэж тун бардам байсан тул би ихэд найдлага тавин хүлээсэн юм.
Кана охин төгөлдөр хуурч эгчийн адил дүрэмт хувцсаа биеэрээ ороож өмсөөд төгөлдөр хуурын өмнө гарч ирлээ. Гэвч хөг аялгууны ширхэгүүд нь энд тэнд, дэргэдэхтэйгээ давхцсан тэгээд хүнд. Нэр өгье гэвэл “Пял пял”. Усыг нь солиогүй савтай будаг шиг л үнсэн ногоон өнгөтэй ая.
- Сайн давтах хэрэгтэй.
Би ингэж хэлээд тавьтал Кана охин час улайснаа уурлаад багшид ховлохоор гүйн явав. Асуудал юунд байна вэ гэвэл Канагийн ур чадвар дэндүү муугийнх болохоос надаас болсон юм биш. Канагийн төгөлдөр хуурын багш ч гэсэн тийн анхааруулж хэлэх л байсан болов уу. Миний буруу биш. Би гагцхүү “Гял цал” ыг л ахин нэг удаа сонсохыг хүссэн билээ.
Багш ч, Кана ч чадахгүй бол би өөрөө дарахаас яах вэ. Би төгөлдөр хуурын өмнө суугаад төгөлдөр хуурын даруултай тулалдахаар шийдлээ. Компьютерийн гар дээр хирагана, латин үсэг, ханз гээд олон үсэг бичээстэй байдаг атал төгөлдөр хуурын даруулд ямар ч үсэг алга. Ойлгомжгүй санагдлаа. Хэрвээ компьютерын гар ямар ч үсэггүй бол ихэнх хүн хэрхэн шивэхээ мэдэхгүй балмагдах биз ээ. Тиймээс би сайхан сэтгэлийн үүднээс төгөлдөр хуурын даруул дээр үсэг бичихээр шийдэв.
“Энэ до, дараагийнх нь рэ, ми, фа, соль...”
Хичээлийн дараа боломжтой бүх цагаа ашиглаад төгөлдөр хуурын даруул дээр бүдүүн палмастераар үсгүүд өрж бичлээ. Ингээд төгөлдөр хуур тогломоор байгаа хүүхдэд тус дэмтэй болох нь дамжиггүй. Маргааш “Гял цал” - ын нотны дагуу 1,2,3,4 гэсэн тоо бичнэ. Нөгөөдөр хэрэглэхгүй даруулуудыг “х” - ээр тэмдэглэнэ. Тэгээд уйгагүй хичээллэж байгаад “Гял цал”- ыг төгс дарна.
Төгөлдөр хуурын даруул дээр “х” тэмдэг бичиж дууссан гурав хоногийн дараа миний гэр рүү сургуулиас ярьсан юм. Шүглэсэн чөтгөрөө зайлуулахаар явах замдаа би удган эмгэнээс асууж үзлээ.
- Үнэхээр надад чөтгөр шүглэсэн гэж бодож байгаа юм уу?
Эмээ таг дуугүй байхаар шийдсэн бололтой, ямар олон үгтэй золиг вэ гэсэн аятай харагдана. Намрын үдийн нар хэдийн баруунаа хэлбийсэн атал арлын хөх тэнгэр гүн тунгалаг бөгөөд нарийхан зүүнүүдээр нум сум харваж буй мэт хурц нар шарна. Миний шилэн хүзүүнд тэр дороо л хурц зүүнүүд шигдэн орлоо. Удган эмгэн баадантай юм тэврээд арлын хамгийн дээд бурхан оршин амьдардаг Кавабирагийн Үтаки шүтээн өөд биднийг залан явлаа.
Намхавтар уулын оройд орших Үтаки бол эртний тахил шүтлэгийн газар бөгөөд чухамхүү лус савдагийн орон шиг ер бусын санагдав. Хэрвээ надад үнэхээр чөтгөр шүглэсэн бол ганц далайлтаар л хөөн зайлуулахаар сүнслэг орчин ажээ. Шүтээний өмнө өргөл барьц зэхэж тавьсан ээж маань эмээн сүрдэнгээ залбирч эхэллээ:
- Кэнта хүүг минь эрүүл саруул болгож хайрла.
Удган эмээ намайг бас ээжийн дэргэд суулгаад, дагаж хэл хэмээн зарлиг буулгав. Бие ч, сэтгэл ч эв эрүүл байхад яагаад залбирч гуйх хэрэгтэй юм бол. Тэгтэл удган эмээ, - Чшш гэж хуруугаа уруулдаа хүргэснээ шүтээний ар уруу яв хэмээн гар дохив. Толгойгоо газар тултал залбирах ээжид анзааралгүйхэн шиг шүтээний ар уруу сэмхэн явлаа. Тэгтэл нүдний минь өмнө цэлийх байгаль дэлхийг хараад би өөрийн эрхгүй уулга алдав.
Кавабирагийн эрэг хойгоос өнгө алаглан харагдах шүрэн бошгууд далайн усан доороос нүд гялбам нэвт гэрэлтэнэ. Давалгаан завсар дунд хөвөлзөн тусах нарны гялбаа нь гэрэлтснээ унтрах гэрлийн ширхэгүүд ажээ. Би далай ширтэнгээ өнөөх аялгууг лавтайяа сонсов. Одоо миний өмнө Моцартын “Гял цал” гялтгананхан эгшиглэж байна.
Удган эмээ миний дэргэд хүрч ирээд нүүр дүүрэн инээмсэглэв.
- Бурхан чамайг тэгж их сонсмоор байгаа бол Үтакид аваад ир гэж хэлсэн юм шүү дээ гэлээ.
Шүрэн арал Моцартын хөнгөн цоглог, тунгалаг агаад өнгө өнгийн сонатыг хөгжимдөнө. Тэртээ далайн тэнгэрийн хаяа хүртэл гялалзах аялгуунаа би хэсэг зуур цаг хугацааг умартсан байлаа.
Икэгами Эй-Ичи /1970-“Орчин үеийн Япон уран зохиол 2010 он-Шилмэл өгүүллэгийн түүвэр -” ээс
Орчуулсан: Д.Алтанцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.