Тайванийн асуудлаар...

Twitter Print
2022 оны 08-р сар 09-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Тайваний асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд цаашид Украин шиг халуун цэг болж болзошгүй хэмээн зарим ажиглагчид үзэж байна. Тиймээс өнөөдөр Тайваний талаар товчхон өгүүлье.

Тайваний арал дээрээс чулуун зэвсгийн үеэс хүн суурьшиж байсныг илтгэх археологийн дурсгал олддог аж. Энэ арлын уугуул оршин суугчид нь Зүүн өмнөд Азийн өвөг хэлтэн Австронез угсааныхан бөгөөд одоо Тайваний хүн амын 2% буюу 16 овгийн 500 орчим мянган хүн байдаг ажээ. Эртний хятадын династинууд Тайваньтай өргөн харилцаатай байсан гэх сурвалжийн мэдээ хомс бөгөөд 11 зуунд Сун улсын үеэс эхлэн далайн тээвэр хөгжсөнтэй холбоотойгоор эх газраас хятад иргэд Тайвань руу ирж очиж эхлэв. Үүний дараа Монголын Юань гүрэн Хятадын нутаг дэвсгэрийг бухэлд нь эзлэн авмагц тэндээс дайжсан хэсэг хятад иргэд Тайвань руу ойн гарсан байдаг. Дараа нь Мин, Чин улсын үед ч эх газраас ихээхэн хэмжээний хятадууд Тайвань руу гарчээ. Ер нь үеийн үед эх газрынхаа засгийг эсэргүүцсэн этгээдүүдийн дайжин очдог газар нь Тайвань байлаа. Ийнхүү хэдэн зууныг дамнан хятадаас шилжин суурьшигчид Австронезийн соёлт уугуул оршин суугчдаас илэрхий давамгай болж хятад маягийн соёл Тайваний арлын имиж болсон юм.

Газарзүйн их нээлтийн үед Португальчууд Тайванийг нээн илрүүлсний дараа Испани, Голландууд зэрэгцэн бэхлэлт цайз барин Хятад руу нэвтрэх боомт болгон ашиглаж байв. Хожим нь Голландууд Испаничуудыг хөөж явуулаад дангаараа колоничлон чихрийн нишингэ тариалж тэнд хятад иргэдийг олноор дайчлан ажиллуулж байв. Энэ үед Манж Чин улсад шахагдан эх газраас Тайвань руу ойн гарсан Кошинга гэх эр арлынхны дэмжлэгийг авч Голландуудыг зайлуулан 3 үе дамжсан хаант улсыг байгуулж байгаад Энх-Амгаланд дарагдсанаар Тайвань арал Манж Чин гүрний мэдэлд орлоо. 19-р зуунтай золгоход дэлхийн хүчирхэг том гүрнүүд нөлөөний хүрээ, колонио тэлэхээр өрсөлдөж эхлэхтэй зэрэгцэн Манж Чин гүрэн бууран доройтов. Мэйжийн хувьсгалаас хойш хүчирхэгжин дэлхийн томоохон тоглогч болоод байсан Их Наран улсын хамгийн эхний колони болох хувь тавилан Тайваньчуудыг хүлээж байлаа. Окинава арлын хэсэг хүмүүс Тайваньд алагдсанаар шалтаглан 1874 онд Япончууд Тайванийг эзэлж орхив. 1894 онд Солонгосын хойгт нөлөөгөө тогтоох асуудлаар Япон, Манжийн харилцаа хурцдаж дайтахдаа хүрэв. Дайнд Япончууд ялснаар Тайванийг албан ёсоор колонидоо багтааж, Манжаас авсан дайны төлбөрөөр зэвсэглэлээ улам сайжруулах боломжтой боллоо.

1911 онд Хятад оронд Цинхайн хувьсгал ялж цэргийн эрхэтнүүд өөр хоорондоо үзэлцэж байх зуур Тайвань Японы мэдэлд л байлаа. Япончууд дэлхийн нэгдүгээр дайнд Антантын эвсэлд багтан оролцсон бөгөөд дайны дараа ялагч улсын хувьд колонит гүрний байр сууриа улам бэхжүүлж авлаа. Японы амбиц хязгааргүй үргэлжилж Хятад, Солонгос, Манж, Монгол, Зүүн өмнөд Ази, Тайванийг хамарсан колонийн бүсийг байгуулах том төлөвлөгөө боловсруулав. Үүнийгээ хэрэгжүүлэх үүднээс дэлхийн хоёрдугаар дайнд Германтай холбоотон болж Номхон далайн дайныг эхлүүлэв. Нөгөө алдарт Пирл Харбор.

Номхон далайн дайнд Япончууд ялагдал хүлээж 1945 онд Тайвань чөлөөлөгдлөө. Японы дарлалд орохоос өмнө Манж Чин гүрний мэдэлд байсан учраас Хятадын мэдэлд шилжлээ. Тухайн үед Хятадыг Гоминдан буюу Ард түмний намын удирдагч Чан Кайши эрхшээж байсан юм. Дайны дараа шинэ засаг захиргаа, Гоминдан-ы шугамаар эх газрын хятад иргэд ихээхэн хэмжээгээр Тайвань руу ирлээ. Ер нь дундад зуунаас эхлээд Японоос чөлөөлөгдөх хүртэл хугацаанд ирж суурьшсан хятад иргэдийн “Арлынхан”, түүнээс хойш ирэгсэдийг “эх газрынхан” гэх бөгөөд эдгээрийн хооронд Гоминдан-ы эрх барьсан үес эхлэн зөрчил үүсч эхлэв. Өнөөг хүртэл үүнээс улбаатай зөрчил байсаар буй. Ялангуяа 1947 онд 2 дугаар сарын 28-нд арлынхны эрх ашгаа хамгаалах хөдөлгөөнийг эрх баригчид цус урсган дарсан нь Тайваний түүхэнд хар өдөр болон үлджээ.

1949 онд Чан Кайши-гийн удирдсан Гоминдан нам, Мао Зэдуны удирдсан Хятадын коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдан эх газраас шахагдан Тайвань руу гарчээ. Чан Кайши засгийн газраа Тайвань руу шилжүүлсэнтэй холбогдон нам, улс төрийнхөн, цэрэг, цагдаа, төрийн албан хаагч тэдний гэр бүл гээд нийтдээ 2 сая орчим хүн Тайвань руу нүүжээ. Тэд явахдаа түүх соёлын дурсгал, төрийн архив, үнэ цэнэтэй бүхнээ авч явжээ. Монголын Юань гүрний үед холбогдох чухал чухал дурсгалууд, Чингис хааны болон бусад хаадын хөргийн эх Тайваний музейд байдгийн учир энэ бөлгөө. Энэ цагаас хойш Бээжинд төвтэй эх газрын БНХАУ, Тайпэй-д төвтэй Тайвань арлын БНХУ байгуулагдан өнөөг хүрээд байна.

Өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст дэлхийн олон улсын харилцааг “Хүйтэн дайн” тодорхойлж ирснийг та мэднэ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ төвтэй социалист системийн тэлэлт АНУ-ын гадаад бодлогод томоохон өөрчлөлтийг авчрав. Тэд социалист системийн тэлэлтийг хазаарлахын тулд Солонгосын хойгт, Вьетнамд дайтахаас гадна социалист системийн таргет болж болзошгүй орнуудын эдийн засгийг сэргээхэд анхаарав. USAID хэмээх олон улсын тусламжийн байгууллагыг ийнхүү байгуулжээ. Энэ бодлогын хүрээнд АНУ Тайванийг эх газрын халдлагаас удаа дараа хамгаалахаас гадна эдийн засгаа хөгжүүлэхэд нь идэвхтэй дэмжлэг үзүүлэв. Дэмжлэгийг үр дүнтэй байлгах үүднээс төлөвлөлт, зарцуулалтад нарийн хяналт тавьж байсан гэдэг. Хожим Азийн дөрвөн барын нэгээр “өргөмжлөгдөх”эхлэл эндээс тавигджээ.

1950-1953 онд хоёр Солонгосын дайнд Хятадууд Хойд Солонгосыг дэмжиж их хэмжээний цэрэг оруулсанд эгдүүцсэн АНУ Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахаас гадна Номхон далай дахь усан цэргийн 7 дугаар флотыг Тайваний хоолойд байршуулав. Улмаар Тайваньтай аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээ байгуулж Америкийн цэргүүдийг Тайваньд байршуулав. Нэгэн үе Тайванд байршуулсан цэргийн тоо 30 мянга хүрч байсан гэдэг. АНУ-ын 34 дэх ерөнхийлөгч Эйзэнахауэр Тайваньд айлчилж байлаа. 1954, 1958 онд болсон эх газрын зэвсэгт халдлагын үед ч усан флотоо ойртуулан татаж Тайванийг хамгаалах байр сууриа маш тодорхой илэрхийлж байлаа. Бүр цөмийн зэвсэгтэйгээ хүртэл сануулж байсан гэдэг. Тухайн үед Хирошима, Нагасаки-ийн траума зүрхэнд ороод байсан үе.

Гэтэл АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсон-ы үед Тайваний талаар баримтлах бодлогод томоохон өөрчлөлт гарлаа. АНУ олон жилийн, үр дүн муутай Вьетнамын дайны дараа Хятадтай харилцаагаа сайжруулах, ЗХУ-ын эсрэг хамтрахаар Хятадыг сонирхож эхлэв. Хятадын хувьд ч ЗХУ-тай харилцаа таагүй болоод байсан үе. Харилцан бие биенийгээ шохоорхож эхлэв. Үр дүнд нь АНУ БНХАУ-ын эсрэг хоригоо цуцалж, Тайвань нь БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг гээд хүлээн зөвшөөрч орхив. АНУ гэнэт Хятадад хайр зарласныг “пинпон” бодлого гэж хошигнон нэрлэдэг. Харилцаа хөгжүүлэх зорилгоор ширээний теннисний баг тамирчид явуулж байснаас үүдэлтэй бий болсон үг л дээ.

Хятадад найр тавих АНУ-ын бодлого тэр дороо бусад улсад “халдварлаж” 1971 оны НҮБ-ын нэгдсэн чуулганаар Хятадыг НҮБ-д төлөөлж буй улс БНХУ биш БНХАУ болж хувирлаа. Өөрөөр хэлбэл НҮБ-ын гишүүнчлэлээс Тайванийг гаргаж БНХАУ-ыг бүртгэсэн гэсэн үг. Нэгдсэн чуулганы уур амьсгал тодорхой болмогц Тайваний төлөөлөгчид өөрсдөө НҮБ-ын гишүүнчлэлээс татгалзаж хурлыг орхин гарсан гэдэг.

1979 онд АНУ Тайваньтай дипломат харилцаагаа цуцалж, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоожээ. БНХАУ Дэн Сяопиний үеэс Тайваний талаар баримтлах бодлого зөөлөрч “нэг улс хоёр дэглэм” буюу нэг улсад хоёр өөр дэглэм байж болохыг хүлээн зөвшөөрч энх тайвнаар нэгтгэх бодлогод шилжсэн байна.

Чан Кайши тэргүүтэй Ард түмний нам (Гоминдан)-ынхан 1949 онд Мао Зэдунаар удирдуулсан Коммунист намынхантай хийсэн иргэний дайнд ялагдан Тайваньд зугтан гарснаас хойш хоёр тал тусгаар байдалтай өнөөг хүрсэн ч ямар ч асуудалгүй зэрэгцэн оршсоор ирсэн гэсэн үг биш юм. Эхэндээ цэрэг зэвсгийн хүчээр нөгөө талаа нэгтгэх санаархал аль алинд нь байлаа. Хятадын тал 1954, 1958 онд томоохон зэвсэгт халдлага үйлдсэн бол Чан Кайши Солонгосын дайнд оролцон Мао-тай байлдах санал гаргаж байлаа.

Яг энэ үед коммунист дэглэм бүхий Умард Солонгосын Өмнөдөө хүчээр нэгтгэх оролдлогын үр дүнд Солонгосын дайн дэгдэж улмаар коммунист үзэл суртал тархах тухай “Домино” онол АНУ-д газар авч эхлэв. АНУ-ын гадаад бодлого Коммунизмын аюулыг хязгаарлахад чиглэгдэж энэ хүрээнд Тайваний тусгаар байдлыг хамгаалж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх болсон тухай өмнөх бүлэгт өгүүлсэн.

Засгаа Тайваний аралд авчирсан Чан Кайши эх газарт эргэн хяналтаа тогтоохын тулд онц байдал зарлан нэг ёсны цэргийн дэглэмийг тогтоосон нь 30 гаруй жил үргэлжилжээ. Эдийн засгийн хувьд Азидаа тэргүүлэх түвшинд хүрсэн ч төрийн тогтолцооны хувьд нэг намын тоталитар дэглэм үргэлжилсээр байлаа. 1980-аад оныг хүртэл буюу Чан Кайши болон түүний хүү Чан Чингуо нарын засаглалын үед эх газрын Хятадтай Тайваний иргэн уулзах, ярилцахыг хатуу хориглодог байлаа. Гэтэл 1986 онд Тайваний агаарын тээврийн нисгэгч онгоцоо барьцаалан Хятад руу зугтсан хэрэг гарч, энэ хэргийн мөрөөр барьцаалагдсан онгоц, зорчигчдыг буцаах асуудлаар эх газрынхантай хийсэн яриа хэлцэл хоёр талын харилцааг уян хатан болгох эхлэл болов.

Хоёр тал бие биенээ тусгаар улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй учраас БНХАУ, Тайван гэх нэрийг хэрэглэхээс зайлсхийж “хоёр эргийн харилцаа” гэх нэр томъёог хэрэглэдэг аж. Онгоцны явдлаас хойш “хоёр эргийн харилцаа”-ны уур амьсгал зөөлөрч 1987 онд Тайвань иргэд эх газрын Хятад руу зорчихыг зөвшөөрөв. 1949 оны хэрэг явдлаар хоёр талд түгжигдсэн хамаатан саднууд уулзах боломж гарч иргэд ч ам сайтай болов. Харилцан бие биенээ зөвшөөрөөгүй, засгийн газрын түвшинд төрийн байгууллагаар дамжин харилцах боломжгүй учир “Хоёр эргийн харилцааг дэмжих сан” зэрэг төрийн бус байгууллага хоёр талд байгуулагдан, тэдгээрээр дамжин харилцаа өрнөж байлаа. Мэдээж хөшигний цаана төр нь ажиллаж байгаа л даа.

Ийнхүү харилцаа нааштай байх үед 1992 онд хоёр тал хамтран “нэг хятад” хэмээх зарчим дээр тохирсноо зарлав. Гэхдээ зарчмын хувьд “нэг хятад” боловч хэлбэрийн хувьд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байлаа. Эх газрынхныхаар БНХАУ төвтэй нэг хятад бол Тайваньчуудын хувьд өөрсдөө төв нь болсон нэг хятад гэсэн үг л дээ. Ер нь Чан Кайши тэргүүтэй Ард түмний намынхан Тайваний арал руу нүүж очсоноос хойш эхэндээ эх газарт эргэж дэглэмээ тогтоох сонирхлоо хадгалсаар байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам массын ялгаа улам тодорч, хүчний тэнцвэрийн хувьд эх газрын Хятад Тайваньтай зүйрлэхгүй түвшинд хүрлээ. Энэ нь ч олон улсын харилцааны түвшинд баталгаажиж Хятад улсыг НҮБ-д Тайваний БНХУ биш, эх газрын БНХАУ төлөөлдөг болов. 1980-аад оны үеэс Тайваны эрх баригчид бодит байдалтай эвлэрч эргэж эх газрыг нэгтгэнэ гэхээсээ илүү бие даасан статусаа хадгалах чиглэлд санаа тавих болов. Гэхдээ эх газартай харилцах гэхээр цаадуул нь “нэг хятад” зарчмаа ярьдаг тул “нэг хятад” зарчмыг бид ингэж ойлгодог хэмээн бэлэг тэмдгийн чанартай тайлбар хийсээр байдаг юм. Дотоодын улс төрөө бодоод ингэхээс ч өөр аргагүй.

Чан овогтын дараа төрийн эрхийг барьсан Ли Тэнхүй бол арлынхнаас төрсөн анхны ерөнхийлөгч бөгөөд Тайванийг орчин үеийн ардчилсан улс болгох тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргасан улс төрч билээ. Энэ үеэс Тайвань олон намын тогтолцоонд шилжиж, төрийн тэргүүнээ бүр ард түмний сонгуулиар сонгох болжээ. Ли Тэнхүй бие даасан статустай байх бодлого барьж байсан нь БНХАУ-ын эрх баригчдын эгдүүцлийг төрүүлж улмаар 1995-1996 онд хоёр эргийн харилцаа бас таагүйтэв.

1995 онд Америкийн Корнеллийн их сургуулиас Ли Тэнхүйг илтгэл тавиулахаар урьсанд Клинтоны засгийн газар БНХАУ-тай харилцаагаа бодож виза олгохоос татгалзжээ. Гэтэл энэ асуудлыг АНУ-ын дээд, доод парламент буюу сенат, конгресст татан авч хэлэлцээд виза олгохоор шийдвэрлэчихэв. Ингээд Клинтоны засгийн газар арга буюу виза олгосны дагуу Ли Тэнхүй Корнеллийн их сургуулд очиж халуун алга ташилтан дунд илтгэлээ тавьжээ. (Энэ илтгэлийг youtube-ээс үзэж болно.) Энэ явдалд эгдүүцсэн БНХАУ-д АНУ-д эсэргүүцэл илэрхийлж Тайваний хоолойд цэргийн сургууль хийв.

Мөн дараа жил нь Тайваний төрийн тэргүүний сонгуульд эх газраас тусгаар байх уриатай Ли Тэнхүй дахин нэр дэвшихэд Тайваний хоолойд их хэмжээний цэрэг төвлөрүүлж сургуулилалт хийж, богино зайн тусгалт пуужин харван эсэргүүцэл илэрхийлжээ. АНУ хариуд нь Тайваны хоолойд тэнгисийн флотоо татаж харилцан сүрийг үзүүлсний эцэст 1996 оны 3 сарын 8-нд зөвшилцөлд хүрснээр Хятад нь Тайванийг цэрэг зэвсгээр сүрдүүлэхгүй байх, Америк нь хоёр эргийн асуудалд цэрэг зэвсгээр оролцохгүй байхаар тохиролцсон байдаг. 1996 оны сонгуульд Ли Тэнхүй дахин ялалт байгуулснаар 2000 он хүртэл нийт 12 жил Тайванийг удирджээ.

Тайваний улс төрийн голлох хүчин бол Ард түмний нам болон Ардчилсан дэвшилтэд нам юм. Энэ хоёр голлох намын үзэл баримтлалыг аваад үзвэл ерөнхийдөө Ардчилсан дэвшилтэд намын хувьд 1980-аад онд байгуулагдсан шинэ улс төрийн хүчин учраас эх газраас хараат бус, бие даасан статустай байх зарчмыг хатуу баримталдаг бол Ард түмний намын хувьд бүр анхнаасаа эх газарт эргэж дэглэмээ тогтооно гэж үздэг байсан учраас“нэг Хятад” зарчимд илүү ойр байдаг. Тайваньд Төрийн тэргүүнийг 4 жилийн хугацаатай сонгодог бөгөөд Ли Тэнхүй-гээс хойш 2000-2008 онд Ардчилсан дэвшилтэд намын Чэн Шүйбиян, 2008-2016 онд Ард түмний намын Ма Инжөү, 2016 оноос өнөөг хүртэл Ардчилсан дэвшилтэд намын Цай Инвэн нар сонгогдон ажиллаж байна.

Ардчилсан дэвшилтэд намын Чэн Шүйбияан улс төрийн хувьд Тайваний тусгаар байдлыг хангах, эдийн засгийн хувьд харилцаагаа тэлэх бодлого баримталж Тайвань иргэн эх газарт хөрөнгө оруулахыг зөвшөөрөв. Гэвч 2002 онд Зян Зиаминий халааг авсан Хү Жинтао 1992 оны “нэг Хятад” зарчмыг сөргүүлэн тавьж бүх харилцаа энэ зарчимд үндэслэн явагдах ёстой гэсэн байр суурийг хатуу баримтлав. 2005 онд БНХАУ-ын Ардын их хурлаас “Салан тусгаарлах явдалтай тэмцэх хууль”-ийг баталж Тайваний тусгаар тогтнолын төлөө оролдлогыг хүчээр няцаах тухай асуудлыг хуульчилсан байна.

2008 онд Ард түмний намын Ма Инжөү ялснаар БНХАУ-тай харилцаа сайжирч эх газраас Тайваньд тодорхой хязгаартай хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэв. Хоёр эргийн хооронд худалдаа арилжаа тэлж, иргэд хоорондоо ирж очих нь ч эрс нэмэгдэв. Бүр 2015 онд БНХАУ-ын дарга Си Жинпин, Тайваний ерөнхийлөгч Ма Инжөү нар нүүр тулан уулзав. 1946 онд Чан Кайши, Мао Зэдун нар уулзаж байснаас хойш анх удаагаа хоёр талын дээд хэмжээний уулзалт болсон хэрэг. Нэг талаас БНХАУ Тайваний болон төрийн тэргүүний нь статусыг хүлээн зөвшөөрсөн мэт боловч нөгөө талаас “нэг хятад” зарчмыг хоёр тал хүлээн зөвшөөрч байгаагаа нотолсон уулзалт болжээ. Өмнө нь “нэг хятад”-ын асуудал яригдахад зарчим нэг ч, хэлбэр нь өөр юмаа гэдгийг Тайваний тал байнга тодотгодог байсан бол Ма Инжөү энэ уулзалтын үеэр тэрийгээ хэлж чадаагүй тул хожим нь нэлээн шүүмжлэлд өртжээ. Ялангуяа Ардчилсан дэвшилтэд намынхны зүгээс 2016 оны сонгуульд зориулан Ард түмний нам, Хятадын коммунист намтай хамтарч дэглэсэн ивэнт гэж хардаж байв.

2016 онд Ардчилсан дэвшилтэд намын Цай Инвэн хатагтай яллаа. Тэрбээр Тайваний тусгаар байдлыг бэхжүүлэх үзэл баримтлалтай нэгэн бөгөөд уламжлалт хоёр эргийн харилцааны зарчмаас татгалзаж асуудалд шинэлэг байдлаар хандахыг эх газрын удирдагчдад уриалжээ. БНХАУ-ын хувьд Тайваний тусгаар тогтнох оролдлогыг хэрхэвч хүлээж авах боломжгүй, шаардлагатай бол хүч хэрэглэх болно гэдэг байр суурийг илэрхийлсээр байгаа бөгөөд 2020 оноос хойш Тайваньтай холбоотой мэдэгдэл, ярианы өнгө улам хурц болсоор байна.

Эсрэгээрээ Тайваньчуудын хувьд сүүлийн үед бие даасан, тусгаар байдлыг дэмжих хандлага нэмэгдэж байна. Энэ нь эх газрын “нэг улс-хоёр тогтолцоо” бодлого буюу БНХАУ-ын бүрэлдэхүүнд Хонгонк, Макао, Тайвань өөрийн тогтолцоогоо хадгалан Хятадтай зэрэгцэн оршиж болох тухай ойлголт бодит байдал дээр өөр байгаатай холбоотой байж болох юм. Тухайлбал сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байсан Хонконгод үүссэн нөхцөл байдал хийгээд түүнтэй холбоотой Бээжингээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь БНХАУ-ын “нэг улс-хоёр тогтолцоо” бодлогын талаар эргэлзээ төрүүлэхэд хүргэж байгааг судлаачид хэлж байна.

Их Британийн колони улс байсан Хонг Конг 1997 онд Хятадын "мэдэлд” шилжихдээ 2047 он хүртэл өөрийн бие даасан хууль, улстөрийн системтэй байна гэсэн тохироо байдаг боловч Бээжингээс Хонконгийн дотоод асуудалд ихээхэн нөлөөтэй бодлого шийдвэрүүд гарч тэр нь эсэргүүцэл дагуулж бослого тэмцэлд хүргэсэн билээ. Гэвч БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их хурлын тэргүүлэгчид Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсны дагуу босогчдыг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдуулан баривчилж бослогыг дарсан билээ. Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага энэ хууль батлагдсанаар хүний эрхийг ноцтой зөрчиж болох нөхцөл үүслээ хэмээн шүүмжилж байсан юм.

Саяхан АНУ-ын парламентийн доод танхим буюу Конгрессийн спикер хадагтай Нэнси Пэлоси ихээхэн сүр дуулиантай Тайваньд айлчилж, үүнд нь БНХАУ-ын тал ихэд дургүйцсэн явдал болсныг бид харсан. Дараагийн цувралаар өнөөгийн АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн дундах Тайвань, улс төр, геополитикийн ямар ашиг сонирхол байгаа талаар өгүүлье.

Жигжидсүрэнгийн Гантулга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин123

      (103.26.194.17) 2014-04-08 15:26
      • 0
      • 0

      нусан буу очирбат чи батүүлтэйгээ ниилж битгий тэнэгт. иргэнээс асууж газар олгож,байшин барина гэж юу байдаг юм,зүгээр л анархи болгож таалагдах гэж шоудахаа боль. хатуу төлөвлөлтөөр хөгждөг юм. мөрөөрөө өөрсдөө огцор

      Хариулах