“Superman”

Twitter Print
2014 оны 04-р сар 08-нд 08:35 цагт
Мэдээний зураг,
 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лиг үеийн үед төвийн тоглогчидоороо алдартай байсан. Олимпийн наадамд Европын багууд шилдэг бүрэлдэхүүнтэй ирдэг байсан ч “Мөрөөдлийн баг”-ийн хамгаалалтыг давж гарсан нь цөөхөн аж. Шак, Жаббар, Родманы халааг залгамжлан гарч ирсэн Д.Ховард 2008, 2012 оны Олимпийн наадам, 2010 оны дэлхийн аваргад Майк Кыржижевскийн найдвартай зэвсэг нь байж алтан медаль хүртсэн билээ.

Өдгөө “Хьюстон Рокетс” багт хүчин зүтгэж буй Д.Ховард 1985 оны арванхоёрдугаар сарын 8-нд Жоржия муж улсын Атланта хотод төрсөн. Түүний эцэг нь “Southwest Atlanta Christian Academy”-ын биеийн тамирын багш байсан нь Ховардад нөлөөлсөн байна. Гэр бүл нь христийн шашин шүтдэг учир бяцхан хүү багаасаа зөөлөн сэтгэлтэй, тусч занг эрхэмлэдэг байжээ.

Наймдугаар ангид орохдоо аль хэдийн насанд хүрсэн хүн шиг өндөр нуруутай байсан Ховард NBA-ийн оддыг шүтэн бишэрч, драфтад нэрээ дэвшүүлэхийг хүсдэг байв. Улмаар ахлах суруульд орох жил аавынхаа ажилладаг “Southwest Atlanta Christian Academy”-д элсэн суралцаж, сагсан бөмбөгийн шигшээд нь тогложээ. Тэр жилүүдэд хүчний довтлогчийн байрлалд тоглож 16.6 оноо, 13.4 самбар, 6.3 блок-шот дунджилж ирээдүйн од тамирчин гэдгээ харуулсан аж. Оргил амжилтаа үзүүлсэн тоглолтонд 25 оноо, 18 самбар, 8 блок, 3 оновчтой дамжуулалт үзүүлэхэд сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд түүнд багтаа элсэх санал өгсөн гэдэг.

Харин Ховард төрлөх сургуулиа сонгож 2004 оны NBA-ийн драфтад нэрээ дэвшүүлж нэгдүгээр бүсийн эхний сонголтоор “Орлэндо Мэжик” багт иржээ. Тухан үед М.Петрус, Х.Туркоглу, Р.Льюис, Ж.Нэлсон зэргэ үеийн залуучуудтайгаа “Шидтэн”-гүүдийг жил бүр плей-оффт шалгаруулж байлаа. 2004-2011 оны хооронд Хорвард лигт самбараас бөмбөг авалтаар тэргүүлж “Бүх оддын тоглолт”-ын тохолтын тэмцээнд түрүүлсэн. “Супермэн”-ы хувцастай цагирган дээрээс довтлох үзүүлбэр үзүүлсэн нь хүүхэд, багачуудын сэтгэлд хоногшиж тэр цагаас хойш “Супер хүн” нэртэй болжээ.

Лигийн шилдэг төвийн тоглогч болсон ч аваргын хэмжээнд баг нь тоглож чадахгүй байлаа. Орлэндод ирээд хамгийн оргил амжилтаа 2009 онд үзүүлэв. Тэр жил бүсийн аваргын төлөө Л.Жеймс тэргүүтэй “Клевлэнд Кавалейрс”-ыг 4:2-оор буулган авч финалд шалгарсан. Харин NBA-ийн финалд алдарт “Лос Анжелес Лэйкерс”-т 4:1-ээр хожигдон “бяцхан Ховард”-ын хүсэл нь биелээгүй аж.

Залуу бүрэлдэхүүнтэй багт аварга авах туршлага илт дутмаг байсан тул “Супермэн” Орлэндо хотыг орхихоор шийджээ. Улмаар зуны солилцоо наймааны цонх нээгдэхэд түүнд гурван баг санал ирүүлсэн. Мэдээж эдгээр багууд дунд “Лос Анжелес Лэйкерс” байв. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигт 15 удаа түрүүлж, олон шилдэг тамирчдыг төрүүлсэн “Нуурууд”-ыг сонгох нь алдаж болохгүй боломж гэдгийг Ховард ойлгож дараа улирал нь “шар” өмсгөлтэй талбайд гарах болсон.

Гэвч түүний аварга болох хүсэл нь дахиад л бүтэлгүйтэж “шинэчлэл”-ийн үе нь таарсан “Лос Анжелес Лэйкерс” Коби, Нэш, Ховард, Газоль нарыг тоглуулаад ч плэй-оффын эхний шатнаас хасагдав. Багийнх нь олон дараалсан хожигдол, “Лэйкерс” түүхэндээ хэдхэн удаа плей-оффын эхний шатыг давж чадаагүй тохиолдолын нэг гэрч нь болсон зэрэг олон азгүйтэл супер Ховардыг дахиад л багаа солиход хүргэв.

Энэ байдлыг сурамгай менежерүүд ч алдалгүй лигийн шилдэг төвийн тоглогчийн хойноос хөөцөлдөж олон сая долларын гэрээ санал болгож байлаа. Харин Ховардад мөнгө бус аваргын бөгж л хэрэгтэй. Тэр олон гэрээнүүд дундаас хамгийн их мөнгө амласан бус аварга болох боломжийг нь бүрдүүлж өгөх багийг сонгожээ. Ингээд түүний дараагийн зогсоол нь Техас мужийн Хьюстон хот байлаа. NBA-д дөрвөн удаа аваргаласан “Хьюстон Рокетс” зөвхөн цомын төлөө тоглох баг бүрдүүлж буй нь түүнд таалагдаж Ж.Харден, Ж.Лин, О.Ашик нартай нэгджээ. Шинэ улиралд “Хьюстон Рокетс” 51 хожил, 25 хожигдолтой плей-оффын эрхээ авсан. Мэдээж түүний замд бүсийн шилдэг багууд болох “Сан Антонио Сперс”, “Оклахома Сити Тандер”, “Лос Анжелес Клипперс” байгаа ч мөрөөдлийнхөө төлөө урагшилсаар байна.

Д.Ховард ахлах сургуульд байхдаа оны шилдэг тоглогч, Нэйсмитийн нэрэмжит ахлах сургуулийн оны шилдэг тоглогч, Морган Вуттений нэрэмжит оны шилдэг тоглогч, Гаторэдийн нэрэмжит үндэсний шилдэг тоглогч, бүх Америкийн ахлах сургуулийн “Бүх оддын” тоглолтын “үнэ цэнэ”-тэй тоглогчийн шагналыг Жэй.Ар.Смитийн хамт хүртжээ.

Мөн 2004 оноос хойш арван жил NBA-д тоглохдоо 13988 оноо, 9856 самбар, 1168 оновчтой дамжуулалт, 769 бөмбөг таслалт, 1653 блок-шот гүйцэтгэсэн аж.

М.Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.