Шинэ коронавирусын шалтгаант уушгины хатгалгаагаар тамхи татдаг хүмүүс амархан хүндрэх магадлалтай байна

Twitter Print
2020 оны 02-р сар 19-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Хятадын Хубэй муж 2 сарын 19-ний өдөр уушгины хатгалгаа үүсгэж буй шинэ коронавирусын халдварын улмаас нас баралт 132 тохиолдлоор нэмэгдэж, эх газрын Хятадад нийт 2000 тохиолдол болсон тухай мэдээллээ. Тус мужид халдвар авсан тохиолдлын тоо 1693-аар аар нэмэгдэж, эх газрын Хятад дахь 74000-аас давжээ. Халдварын тархалт буурч ирж байгаа хэдий ч нас баралтын тоо төдийлөн буурахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Хубэй мужийн Ухань хотод 116 нас баралт гарсан ба тус мужид 1900 гаруй хүнд өвчтөн байгаа мэдээ байна.

Дашрамд дурдахад:

Шинэ коронавирусын шалтгаант уушгины хатгалгаагаар тамхи татдаг хүмүүс амархан хүндрэх магадлалтай байгаа юм байна.
Хятадад тус халдварын шалтгаант хатгалгаагаар нас барсан тохиолдлуудын эзлэх хувь ялангуяа эрчүүдийн дунд их байгаа бөгөөд энэ нь тамхидалтын түвшин өндөр байгаатай холбоотой гэж үзэж буй юм байна.

АНУ-ын Флоридагийн Их Сургууль, Бээжингийн Их Сургуулийн багууд Хятадад бүртгэгдсэн халдварын 8,900 тохиолдолд дүн шинжилгээ хийсэн судалгаа нийтлүүлжээ.

Эдгээр халдвар авсан хүмүүсийн бараг тал нь 50-аас дээш насныхан бөгөөд нийт өвчтөнүүдэд нас баралтын түвшин 3.1 хувь байсан. Гэхдээ зөвхөн эрэгтэйчүүдэд нас баралтын түвшин дангаараа 4.5% байсан буюу эмэгтэйчүүдийн 1.3%-иас 3 дахин өндөр хувийг эзлэж байгаа байдал ажиглагджээ.

Үүнийг батлах хүчин зүйл нь хэдийгээр тодорхойгүй байгаа ч сэжиглэж болох холбогдох хүчин зүйлийн нэг нь эрчүүдэд түгээмэл байгаа тамхидалтын зуршил гэж хэлэхээр байгаа гэнэ.

2010 оны судалгаагаар Хятад эрчүүдийн 54% нь тамхи татдаг зуршилтай, харин эмэгтэйчүүд нь 2.6% буюу хүйсийн хоорондын зөрөө асар өндөр ялгаатай байгаа юм байна.

ДЭМБ-ын Онцгой байдлын албаны дарга Майк Райан 2 сарын 14-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Тамхи бол амьсгалын замын бүхий л халдварт өвчнийг улам бүр нэмэгдүүлдэг хүчин зүйл гэдгийг хэлэх нь илүүц байж магад. Энэ удаагийн шинэ коронвирусын халдварт ч нэгэн адил үүнийг тохиолдлоос гадуур гэж хэлэхээргүй байна" гэж дурджээ. Тэрээр мөн эрэгтэйчүүдийн тамхидалтын түвшин өндөр байгаагаас хүндрэх тохиолдлууд илүү нэмэгдэж байгаа магадлалын тухай "Хараахан батлагдаагүй байгаа хэдий ч маш их сонирхол татаж байна" хэмээн хэлжээ.

coronavirus and smoking-н зурган илэрц

Тэгэхээр манай тамхичид бас анхаарах хэрэгтэй болох нь ээ. Халдвар авах юм бол хамгийн амархан хүндрэх хүмүүсийн тоонд багтах нь байна шүү. Ойрын өдрүүдэд энэ тэрүүгээр яваад шүлс, нус цэрээ хаяад байгаа хүмүүсийг торгоод байгаа сураг дуулдсан. Энэ эмнэлгүүдийн гадна тамхиа татаад нус цэрээ хаяад байгаа хүмүүсийг нэг хуу торгоод өгдөг ч болоосой.

Ялангуяа эмч мэргэжилтнүүдэд зориулсан шинэ мэдээлэл:

БНХАУ-ын Засгийн газрын халдварын голомт дахь судалгааны багийн ахлагч доктор Жонг Нан Шань шинэ коронавирусын шалтгаант уушгины хатгалгааны талаар уушгинд их хэмжээний салс хуримтлагдах онцлог шинж байгааг тодорхой болгосон байна.

2 сарын 18-ны өдөр судалгааны багийн хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр доктор Жонг уушгины хатгалгааны шинэ төрлөөр нас барсан өвчтөнд эмнэлзүйн эмгэг судлалын шинжилгээ хийж үзэхэд уушгины эдэд байгаа шинж тэмдэг нь амьсгалын замын цочмог хам шинж (SARS)-ийн өвчтөнөөс ялгаатай байгаа болохыг тогтоожээ.

Юуны түрүүнд SARS-ийн үед бол уушиг хатуурч амьсгалахад бэрхшээлтэй болдог "уушигны фиброз" ажиглагддаг бол энэ шинэ коронвирусын тохиолдлуудад хүнд хэлбэрийн фиброзын шинж тэмдэг бараг байхгүй байсан аж.

Нөгөө талаар энэ удаагийн уушгины хатгалгааны онцлог шинж бол уушгинд их хэмжээний салс хуримтлагдаж байсан бөгөөд энэ нь хэт их зунгааралдах шинжтэйгээс үүдэн амьсгалахад бэрхшээлтэй болгож буй байдал ажиглагдсан байна. Үүнээс гадна уушгин доторх үрэвслийн макро байдал маш хүнд байдалтай байж.

Мөн доктор Жонг өвчтөний өтгөн доторх вирус агаарт дэгдэж, агаарын замын (аэрозолын) халдвар үүсгэх магадлалтай байж болохыг тэмдэглэжээ.

Жич: Хэрэв өтгөн шингэний халуун уураар дамжиж агаарт тархах халдварын эрсдэл байгаа бол энэ тун ярвигтай болж ирнэ байх. Ялангуяа манайх шиг гэр хороололд ил жорлон ихтэй газар...

Ойдовын Батгэрэл

Анагаах ухааны доктор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.