
Наадам болох нь. Үндэсний их баяр наадам, монгол төрийн их баяр цэнгэл ч гэдэг. Жил тойрон хүлээдэг, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хүрдэг ч гэж тодотгосоор ирсэн ардын баяр. Монгол наадам бүрэлдэхүүн хэсгүүдтэй, өөрийн гэсэн уламжлалт дэг жаяг, дүрэм, журам, өнгө, үнэртэй. Ялангуяа энэ жилийн наадам цар тахлын дараах гэдгээр, мөн Ардын хувьсгалын хоёр ойг давхар тэмдэглэхээр товлосноор онцлог болно гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна. Гоё наадам хүлээсэн хүмүүс хаа сайгүй. Гэтэл одоогийн байдлаар улсын наадамд ямар морь уралдуулахаа шийдээгүй байдаг. Дарга нар ба эгэл малчид, уяачид гэсэн хоёр тал болоод гөжөөд зогсчихсон байдалтай байна.
Монгол наадмын бүрэлдэхүүн хэсгийн нэг нь хурдан морины уралдаан. Сүүлийн жилүүдэд бэл бэнчинтэй хүмүүс гадаадаас эрлийз морь оруулж ирж, эсвэл эндээ эрлийзжүүлж үр төлийг нь өсгөн уядаг болсноор наадамд ямар морь уралдуулах вэ гэдэг дээр маргаж, муудалцах болсон бөгөөд үүнийг хуулиар зохицуулахдаа тулсан. Өдгөө Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлахад бэлдээд буй юм. Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооныхон буюу жинхэнэ уяачдын төлөөлөгчид нь монгол морио уралдуулж байя гээд байгаа. Үүнийгээ төрийн шийдвэр болгуулахын төлөө есэн зүйлийн аргаар тэмцсээр байна. Харин Морин спорт, уяачдын холбоо буюу голдуу эрлийз адуутай, бусдаар морио уюулж, өөрийн нэр дээр цоллуулдаг, мөнгө үнэртүүлсэн нөхөд монгол, эрлийз морьдыг хольж уралдуулж болно шүү дээ гэсээр. Үндэсний морин уралдаан, уяачдын холбооныхон “Бидний тэмцлийн дүнд хуулийн төсөлд нааштай өөрчлөлтүүд оруулсан. Гэхдээ төсөл санаачлан зүтгүүлэгчид яаж ч зальдаж мэдэхээр байна. Бүр байчихаад “Энэ жил л ганц удаа хольчихъё. Түүнээс цааш хамаагүй” гэж хүртэл гуйх гэх үү, аргадаж үзэж байна. Хуулийн төслийг хаврын чуулганаар батлуулахгүй байхын тулд чуулганы ирц бүрдүүлэхгүй талд ч ажиллаж мэднэ шүү” гэж ярьж байх юм. Тэгэхээр ирц бүрдлээ гэхэд энэ хуулийн хувь заяа УИХ-ын гишүүд аль холбооны талд кноп дарахаас хамаарах болоод байна. Энэ хүртэл бичсэнийг сайтар анзаарваас монголчууд наадаж чадахаа байжээ гэж дүгнэхээр, “Иш чааваас даа” гэхээр, эсвэл “хүүхэд нохойн доог” гэмээр байгаа биз. Монгол наадам нь монголчуудын үүх түүх, уламжлал, сэтгэлгээний ч ялгарал, монгол соёлын дархлаа гэж ирээд том, том юм яриад байдаг нь хаана байна вэ гэхээр.
Монголчууд хэдэн зууны турш наадмаараа морь уралдуулж, бөх барилдуулж, сур харван цэц мэргээ сорин цэнгэж ирсэн л гэдэг. Энэ нь үндэсний соёл, улмаар дархлаа юм гэдэг. Хэрвээ тийм л юм бол хууль тогтоож, төр барилцагчид, Засгийн газрын яам толгойлогч хүртэл энэ ойлголтыг умартан, үл оошоон наадамд эрлийз морь уралдуулж, дээгүүр давхиулан, улмаар түрүүлүүлж бах таваа хангахаар улайран дайрагч найзуудынхаа хүсэл, захиалгаар хуулийн төсөл боловсруулан батлуулахаар зүтгүүлэхийг юу гэх вэ. Өнөөх үндэсний соёл, дархлааг хувьдаа ашиглах, завшихыг оролдож байна гэж дүгнэхээс аргагүйд хүрч буй юм. Зүй нь төрийн өндөр албан тушаалтнууд тусмаа тэрхүү соёл, дархлааг хайрлах, хамгаалахаар эгэл малчид, уяачдаас урьтан хөдлөх ёстой баймаар. Гэтэл үгүй аж. Эрлийз морьтой, мөнгөтэй хүмүүсийн зарц мэт яв гэсэн газар нь явж байх юм.
Ингэхэд монгол наадам нь тусгаар Монгол Улсыг бүрдүүлэгч монголчуудын оюун, сэтгэлгээ, соёлын дархлаа үнэхээр мөн юм уу. Хэрвээ мөн юм бол жилд нэг удаа болдог үндэсний их баяр наадмаа үндэснийхээ эрх ашигт нийцүүлэн хэрүүл маргаангүй зохион байгуулах жудаг хаана, хаанаа баймаар. Моринд хорхойтой, гадаад үүлдрийнхэд дурлагсад нь “Макс” Д.Ганбаатар шиг хурдан хүлгүүдээ гадаадад уралдуул л даа. Эсвэл нийлээд морин тойруулга барьж, тэндээ наадаж болно. Заавал үндэсний их баяр наадмын дэг жаягийг зөрчин байж, уяачид, наадамчдыг бухимдуулан төрөлхөөсөө тал хээрийн бүсдээ зохицож үүсэж бий болсон мөч богино, эрлийзтэй харьцуулахад намхан морьдтой зэрэгцүүлж гүйлгээд яах юм бэ. Хотойхгүй бэл бэнчинтэй болтлоо элдвийг үзэж, ихийг туулсан нөхдөд ичих нүүр, бодох ухаан баймаар.
Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нааштай өөрчлөлтүүд оруулсан талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат ярьж байна лээ. Адаглаад улсын, аймгийн, сумын наадмыг долдугаар сарын 11,12-нд орон даяар зэрэг явуулна, бүсийн наадмыг жилд дөрвөн л удаа зохион байгуулна гэхчилэн дэвшилт нэмэлт, өөрчлөлт байна. Шат, шатны наадмыг бүгдийг нь зэрэг явуулахад бөхчүүд, уяачид аймаг, сум хэсэж барилдаж, уралдаад байхгүй, өөрөөр хэлбэл хүч ихт арслан, заанууд аймаг, сумынхны наадамд түрүүлж, хамаг шагналыг нь авч будлиулахгүй болох юм билээ. Ингээд ирэхээр бөхчүүд ч, хурдан морь уяачид наадмыг сонгож бэлдэх нөхцөл үүсэх бөгөөд бүхий л зүйл замбараатай болох сайн талтай. Үүнийг дэвшил гэж харж буй юм.
Харин энд өгүүлээд буй монгол болон эрлийз морьдын асуудлыг энэ удаагийн наадмаас өмнө нэг тийш болгох эсэх бол өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. Бултуулах, займчуулахыг хүсэгчдийн санаа бол Ардын хувьсгалын 100,101 жилийн ой тохиож буй наадмаар эрлийз морь уралдуулахыг туйлаас хүсэж буй найз нартаа хуулиар, хугацаагаар бэлэг барих. Ядарсан ч юм. Бодвол хэн, хэндээ их л том тус байх. Магадгүй шагнал, байтай ч юм бил үү дээ. Ингээд аваад үзэхэд энэ нөхдийг үндэснийхээ соёлд хүнийрхүү хандаж, авах, идэхийн шуналын төлөөсөнд тавиад туух мэт аашилж байна гэхээр.
Монголчуудын соёл, сэтгэлгээний асуудлаар өөрийн дуу хоолой, байр суурьтай хүмүүсээс санал сонссон юм. Ардын билэг зүйч, доктор С.Дулам “Монгол наадам мөн юм бол монгол морио уралдуулах нь зөв шүү дээ” гэсэн. Хөгжмийн зохиолч, доктор Н.Жанцанноров “Монгол наадам гэдэг маань үндэсний их баяр наадам биз дээ. Баяр цэнгэл шүү дээ. Спорт биш. Спортын тэмцээн буюу бооцоотой барилдаан, уралдаан гэдэг бол ондоо. Тэгэхээр үндэсний, уламжилж ирсэн баяр цэнгэл мөн юм бол хууль гаргаж, зохицуулах гэж оролдохын хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэж боддог. Дээр үеэс уламжлагдаж ирсэн дэг жаягаар нь журмын хүрээнд бөх барилдуулж, зургаан насны морио уралдуулаад, харваачдынхаа цэц мэргийг сориод байж болохгүй юу. Бай шагнал нь мөнгө биш, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гарын бэлэг, төрийн их баяр цэнгэлийн дурсгал гэдэг утгыг бэлгэдэж соёмбо тэмдэг өгч болох юм шиг. Түүнээс биш мөнгөөр барилдаж, мөнгөөр уралддаг үндэсний их баяр наадам гэж байж болох уу. Үндэсний их баяр наадам гэдгийг сайтар тодруулж ойлгомоор. Тусгаар тогтносон Монгол Улсын, иргэдийнх нь баяр гэсэн үг. Харин үндэстний гэвэл монгол угсаатнуудыг хамрах болно. Тэр бол өөр. Тэгэхээр агуулгыг сайн бодох хэрэгтэй. Үндэсний уламжлалт соёл, сэтгэлгээтэй холбоотой асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Таны асууж байгаа хуультай холбоотой асуудлаар бол ингэж хариулъя. Монгол хүн монгол наадамдаа өөрийнхөө морийг уралдуулах гээд байдаг. Эрх нь бий. Харин морь нь ямар цустай нь хамаагүй гэж бодъё. Гэтэл монгол үндэсний их баяр наадамд монгол хүн монгол морио уламжлал ёсоор уралдуулахыг хүсээд байгаа хэсэг байна аа даа. Ийм тохиолдолд төр ямар ч хамаагүй цусны морь уралдуулах гэсэн иргэдийн эрх ашгаас илүүтэй монгол морио гэж буй хэсгийн буюу үндэсний эрх ашгийг дээдэлж шийдвэр гаргах юм болов уу. Тэгэхээр ухаад, угт нь хүрэхээр яваад байвал асуудал нарийсаж байгаа биз. Тийм болохоор үндэсний гэсэн бүхэнд их бодолтой, ухаалаг хандах ёстой юм. Үндэстний бус, үндэсний эрх ашиг гэдэг бол тусгаар улсын эрх ашиг гэдгийг л санах хэрэгтэй” гэв.
Тэгэхээр эндээс монгол наадам болбоос тусгаар Монгол Улсын төрийн ч, ард түмний ч их баяр цэнгэл болох нь харагдаж байна. Өвөг дээдэс хэдэн зуунаар уламжлан буухиалж, өнөөгийн бидэнд ирсэн монгол наадамдаа саруул ухаанаар хандаж, шингэж дархлагдсан ёс жаяг, жудгийг нь ч дээдэлж, эв эеийг эрхэмлэн, сайхан наадах нь энэ цагийн монголчуудын үүрэг, бичигдсэн ч бай, үгүй ч бай хууль ажгуу. Улс нэгэнт Баяр наадмын тухай хуультай бөгөөд цаг үеийн шаардлагаар шинэчлэн найруулж, төслийг нь хууль тогтоогчдод өргөн бариад, тэр нь шат шатны даваа давсаар, хэзээ өнөөгүй батлагдахдаа тулаад буй энэ үед шийдвэр зөв, дэвшилттэй талд гараасай хэмээн хүснэм.
Р.Оюунжаргал
“Өнөөдөр” сонин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.