“Баян Монгол” чуулгын 50 жилийн ой тохиож байна

Twitter Print
2019 оны 11-р сар 11-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Филармонийн Баян Монгол чуулгын 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа 11-р  сарын 30-нд Corporate Concert Hall-д 16.00 цагаас болох гэж байна. Монголын эстрад, рок попын эхлэл Баян Монгол чуулга 1969 оны 7 дугаар сарын 9,10-нд хөгжмийн зохиолч, УГЗ Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо хийж байсан чуулга өдгөө 50 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Ойн хүрээнд баримтат кино, хос цомог, пянз, түүхэн ном зэрэг олон ажил хийгдэж байгаа ба 11-р сарын 30-нд корпорэйт концертын танхимд баримтат киноны нээлт, баярын концерт болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: Баян Монгол чуулга 50 жил - Баярын концерт/facebook хаяг болон 7011-8012, 8800-4849 дугаараас тодруулж болох юм.

“Баян Монгол” чуулга нь 1967 онд байгуулагдаж, 1969 оны 7 дугаар сарын 10-нд Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан тэр цагаас хойш Монгол улсад эстрад, жазз урлаг хөгжих нөхцөл суурь болсон.

Энэ хамт олноос Монголын эстрадын урлагийн нэр алдартай дуучид, хөгжимчид хөгжмийн зохиолчид, удирдаачид төрөн гарч, уран бүтээл нь түгэн алдаршсан юм. “Баян Монгол” чуулга нь өөрийн улсад мэргэжлийн сонгодог жазз хөгжмийг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд Монголын жазз урлагийг сурталчилан таниулах зорилготойгоор ажиллаж байна.

“Баян Монгол” чуулгын хөгжмийн бүтэц, бүрэлдэхүүн, урын сан

“Баян Монгол” чуулгын удирдаачаар Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Ганбат, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан С.Саруул-Од нар ажиллаж байгаа бөгөөд жазз хөгжмийн хамгийн том биг бэнд оркестрын стандартаар буюу саксафони хөгжмийн хэсэг, тромбон хөгжмийн хэсэг, труба хөгжмийн хэсэг, ритм хэмнэлийн хэсэг гэсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж байна.

Монгол ардын дууны найруулга, хөгжмийн зохиолчдын дуу, хөгжмийн бүтээл, уран сайхны болон баримтат кино, телевиз, радио, жүжиг, мюзикл, хүүхдийн дуу, Оросын жазз хөгжмийн бүтээлүүдээс хөгжимдөхийн зэрэгцээ дэлхийн жазз хөгжмийн сонгодог үеүдээс эхлээд орчин цагийн жазз хөгжмийн бүхий л урсгал хэлбэрээр урын сангаа баяжуулан тоглож байна.

Баян Монгол Чуулга

“Баян Монгол” чуулгын шагнал, аялан тоглолт, цомог

2000 онд ОХУ-д болсон олон улсын жазз хөгжмийн наадамд дэд тэргүүн байрын шагнал, 2005 онд БНАСАУ-д уламжлал болгон зохиогддог “Хаврын баяр” олон улсын наадамд удирдаачийн Алтан Цом, гоцлол хөгжмийн Алтан Цом, “Алтан Намар” хөгжмийн наадмын гурван удаагийн шагнал, гоцлол хөгжимчдийн шагнал зэрэг олон шагнал хүртсэн.

Мөн ОХУ-ын жазз хөгжмийн зохиолч, удирдаач В.Смагин, Куба улсын удирдаач Эдди Гайтан, Раймондо Калисдо, Рей Монтёсинос, Ремберс, Болгар улсын удирдаач Крилл Экиномов зэрэг зочин удирдаачид уригдан ажиллаж байсан ба тус найрал хөгжим нь Куба, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Унгар, Румын, Чех, Польш, Узбек, БНАСАУ зэрэг улс, орнуудад айлчлан тоглолт хийж байсан. “Баян Монгол” чуулга нь “Баян Монгол & Соёл Эрдэнэ” пянз, “Баян Монгол” пянз, “Баян Монгол-40” хос цомог, “Мөнхөд Дуурьсах Аялгуу” Улсын Филармонийн нэгдсэн уран бүтээлчдийн цомог, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн олон цомог хэвлүүлсэн.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.