Арав давсан аварга Агваансамдангийн Сүхбат

Twitter Print
2017 оны 04-р сар 07-нд 08:09 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын даян аварга А.Сүхбат 1971 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төрж хүүхэд ахуй цагаа эцэг эхийн дэргэд өнгөрөөжээ. Хөдөө нутагт ах дүү нартайгаа өдөржин барилдан, ноцолдож өнждөг байсан Сүхбат хүү Сэргэлэн сумын 10-н жилийн дунд сургуульд сурч байхдаа анх удаагаа бөхийн барилдааны ам угтуул болон гарч үзсэн гэдэг. Үүнээс хойш бөхийн спортоор тууштай хичээллэж, 1992 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байв. Тэр жилдээ улсын баяр наадамд зодоглож гурав даваад дөрвийн даваанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг начин цолтой байхад нь тунаж барилдаад өвдөг шорооджээ.

Энэ үеэс ардын төрийн их баяр наадамд тогтмол амжилттай барилдаж 1993 онд улсын цолтнуудын эгнээнд багтсан байна. Тухайн үед зургаагийн даваанд улсын начин Ш.Батхуягийг давж “өсөх идэр” чимэг хүртэн зааны даваанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд хоёр дахь удаагаа өвдөг шороодсон билээ. Наадмаас наадамд барилдааны ур, хүч чадал нь жигдэрч ирсэн А.Сүхбат аварга 1997 онд зааны болзол биелүүлж улмаар их шөвгийн барилдаанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй барилдаж барьцгүй цохих мэхэнд нь гэнэ алдан унасан нь түүнд том сургамж, ихээхэн ухаарал хайрласан гэж хожмоо дурсаж ярьсан аж.

Цол дагаж бяр нэмдэг гэж Монголчууд билэгшээдэг. Цолоо батлах, ахиулах нь бөх хүн бүрийн хүсэл билээ. А.Сүхбат аварга заан цолтой барилдсан хоёр наадамдаа санасандаа хүртэл барилдаж чадалгүй нэгэн үеийн хүчит бөхчүүд Ц.Цэрэнпунцаг, Д.Сумъяабазар нарт зургаа, долоогийн даваанд унасан байна. Эдгээр барилдаанууддаа дүгнэлт хийж, өрсөлдөгч бөхөөсөө хүчээр илүүгээс гадна ухааны цараар барилддаг юм байна гэдгийг хүчит аварга маань тэр үед ойлгож авчээ.

Ийнхүү дараа жилийн наадам хол байна даа гэж хүлээсээр 2000 оны ардын төрийн их баяр наадамд хүчтэй, уран мэх гарган барилдаж түрүү бөхөөр тодрон Монгол улсын арслан цолтны эгнээнд багтсан. Ардын хувьсгалын 79 жилийн ойд А.Сүхбат хэрхэн барилдаж түрүүлснийг нэхэн санахад дөрвийн даваанд эдүгээгийн улсын арслан Д.Азжаргалыг, тавын даваанд хожимоо заан цол хүртсэн Ч.Батзоригийг, зургаад начин Ц.Сумъяабэйс нарыг давсан бол дунд, их шөвөг, үзүүр түрүүнд Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, Б.Гантогтох зэрэг нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгч бөхчүүдээ өвдөг шороодуулсан байна. 1921 оноос хойших наадмуудад арав давсан аварга тун цөөн ажээ. Анхны арав давсан аварга нь Монгол улсын ууган гавъяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж бол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ж.Цэвээнравдан ардын хувьсгалын түүхт 30 жилийн ойгоор 1024 бөх барилдуулахад 10 даван түрүүлж улсын аварга цол хүртэж байжээ. Мөн 2006 онд ардын хувьсгалын 85, Их Монгол улсын 800 жилийн ойг тэмдэглэн үндэсний бөхийн 1024 бөх барилдан Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Д.Сумъяабазар гарьд цолтой байхдаа 10 даван түрүүлж улсын аварга цолонд хүрсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн аж. Даян аварга А.Сүхбат ардын хувьсгалын 80 жилийн ойгоор 1024 бөхөөс 10 даван түрүүлж Монгол улсын 17 дахь аварга болсон нь Төв аймгаас арав давсан анхны бөх болон тодорчээ.

Ид залуу 30 насандаа улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрсэн “жижиг” Сүхбат 2002, 2003 оны наадмуудад хүр дүү улсын гарьд Б.Гантогтох, даян аварга Г.Өсөхбаяр нарт их шөвгийн дөрөвт унасан байна. Харин 2004 онд ардын хувьсгалын 83 жилийн ойгоор одтой сайхан барилдаж улсад гурав дахь удаагаа түрүүлж МҮБХ-ны 1990 онд баталсан дүрмийн дагуу анхны “далай аварга” цол хүртсэн нь бас л содон амжилт болсон билээ. Тэрхүү наадмын тавын даваанд аймгийн заан И.Батсайханыг, зургаад улсын начин цолны болзол хангасан аймгийн арслан Ж.Алтансүхыг, долоогийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг дөврийн даваанд орхиж, харцага цолны болзол биелүүлсэн аймгийн начин П.Пүрэвжавыг, их шөвгийн дөрөвт хүчит гарьд Ц.Цэрэнпунцагийг хав дөрвөлжин барьцнаас ялгүй халтиргаа ороход нь мордож даваад өөрийн хүр дүү Б.Гантогтохтой хоёр дахь удаагаа наадмын тэргүүн байр булаацалдан өвдгөндөө тоос хүргэлгүй түрүүлсэн манай улсын хүчтэй аваргуудын нэг нь болсон.

Ийнхүү бөхийн барилдааны зүлэг ногоон дэвжээн дээр арав гаруй жил барилдахдаа дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар, О.Балжинням, улсын гарьд Д.Баяраа, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нартай үнэн хүчийг үзэн өвдөг шороодуулж байжээ.

Тэрээр аварга цолтой бөх наадамд түрүүлэх хэмжээнд барилдах ёстой. Спорт бол залуу насны ажил, олон жил ужгирсан бэртэл гэмтэл бие зовоох боллоо хэмээн учирлаж торгон ногоон дэвжээгээ орхиж байсан нь саяхан санагдана.

Гэхдээ даян аварга маань үнэнийг эрхэмлэн, аваргын жудаг гаргаж Монгол үндэсний бөхийг цэвэр байлгая, залуу бөхчүүд өөрийн хүчээр улсын алдар цолонд хүрдэг байхыг уриалж өөрөө наадмын талбайгаас хөндийрсөн. Эрэмгий хурц барилдаантай “жижиг” Сүхбат аваргаа тийнхүү зодог тайлсан наадмын дараа хичнээн олон хүн хачин гунигтай давалгаа тээж гэртээ харьсан бол...

Хэдийгээр өдгөө барилдахгүй байгаа ч жинхэнэ Монгол бөх ямар байдгийг бидэнд харуулсан Сүхбат аварга уран хурц хөдөлгөөнтэй, мэхний олон хувилбар гарган барилдахдаа элэг бүсний барьцнаас сууж хөл авах, урдуураа гүйлгэн таллан тэвэрч өвдөглүүлэх, сэнжигний ороолдсон барьцнаас этэх, өлгөх, гар ачих зэргээр өрсөлдөгч бөхөө унагадаг гал цогтой, хийморьлог барилдаан нь хойшид дахин давтагдахгүй.

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (87.139.17.186) 2014-04-09 03:49
      • 0
      • 0

      doping ni duusaad zodog tailaad shaasan daraa ni shuudgaa tailaad avgai erguuleed shaasashdee

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.1) 2014-04-08 08:16
      • 0
      • 0

      Uran hurts, hurdan shalamgai barildaantai, unehee uzuustei boh baij bilee. Odoo ch ard tumen barildaanyg ni uguilseer baidag yum daa.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.2) 2014-04-07 20:51
      • 0
      • 0

      Арай тасархай аварга шүү

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.37) 2014-04-07 14:15
      • 0
      • 0

      unen saihan barildaanch avraga shuu

      Хариулах