“Катюша” тэмцлийн сүлд дуу болсон бахархам түүх

Twitter Print
2021 оны 05-р сар 24-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

Алдарт "Катюша" дууны тухай бахархам түүх нь дуу гэдэг ямархан хүч, шид увидастай болохыг нотлон харуулсан тухай цухасхан өгүүлэхэд ийм буюу...

Эх орноо эх хүнтэй зүйрлэдэг үндэсний уламжлалт ухамсар монгол болон орос хүмүүсийн зүрх, сэтгэлд нэвт шингэсэн байдаг гэхэд хэтрүүлэг болохгүй... Эх орон-Эх дэлхий, Эх нутаг, Эх газар... энэ бол эх үндэс нь эх болсон нутаг орон гэсэн санааг илт илтгэж байна. Катюша дууг 1938 онд яруу найрагч Михайл Исаковский шүлгийг тэрлэж, нэрт хөгжмийн зохиолч Матвэй Блантер аялгуу туурвисан байдаг. Энэ дууг анх Валентина Батникова их симфони оркестертой дуулсан бөгөөд хожим Эх орны дайны жилүүдэд Лидия Русланово дуулснаар Орос орон төдийгүй дэлхийн олон оронд түгэн дэлгэрсэн бахархам түүхтэй билээ.

Дууны үг нь энгийн бөгөөд байгаль дэлхий өнгөө зассан ирж яваа хавар цаг дор үзэсгэлэнт орос бүсгүй өөрийн хайртай залуугаа санагалзан сэтгэл, зүрхнийхээ үгийг аялгуут дуундаа шингээн догдлон буй уянга-ухаарал, уярам хэрнээ цээл яруухан аялгуу илгээж буйг дүрсэлсэн ажээ.

Орос орныг юугаар нь танин мэддэг вэ? гэсэн санал асуулгад гадаадын улс орнуудын ард түмэн "КАТЮША" гэдэг дуугаар нь хэмээсэн хариулт тэргүүлсэн сонин баримт байдаг юм билээ. Тэгэхлээр энэ дуу ямархан ид шидтэй, далд увидастай бүтээл болохыг төвөггүй ойлгож болно. Энэ дуу дайны эсрэг ард түмнүүдийн "Тэмцлийн сүлд дуу" болон бөмбөрцөг даяар эгшиглэж, олон тэрбум хүний зүрх, сэтгэлийг татсан юм. Дайны жилүүдэд энэ дууны пянзыг олон саяар үйлдвэрлэж, фронтод, дайны талбарт тарааж байжээ. Дууны ач холбогдлыг орос тэр бүү хэл германы тал ч үнэлж, германчууд энэ дууг сурч, орсуудыг уяраан татахыг оролдож байсан гайхмаар түүх бий.

Аугаа эх орны дайны жилүүдэд цэрэг эрс, тэдний тэмцлийг зоригжуулан элдэв бэрхшээлийг даван туулахад сэтгэлийн дэм болж, хийморь золбоог нь өргөхийн тулд агуу Орос гүрний уран бүтээлчид олон сайхан дуу туурвин гаргаж байжээ. Үүнд ч тухайн үеийн Зөвлөлтийн удирдагчид ихээхэн ач холбогдол өгч байсан нь нэн сайшаалтай билээ.

Катюша, День победы, Эх, дороги, Смуглянка, Алёша зэрэг дуунууд төрж, өдгөө ч бидний зүрх, сэтгэлийг эзэмдсэн сайхан бүтээлүүд амьдарсаар байна.

Эдгээр дуунуудыг манай монголчууд бүгд мэддэг, сонсдог, дуулж оюуны таашаал авдаг нь нэн сайхан. Катюша дууны үгийг анх Н.Наваан-Юндэн гуай эх монгол хэлнээ орчуулсан байдаг. Харин цогтой яруу найрагч Ренцэнгийн ЧОЙНЯМ гайхалтай сайхан буулгасныг та бүхэнд толилуулъя... Зарим бадгийг Н.Наваан Юндэн гуайн орчуулгатай харьцуулан харж бас болох бөгөөд утга, агуулгын хувьд эх хувийг ягштал баримталсан нь харваас илт байна. Ингээд дууны үгээ сонордъё:

Алим лирийн модод цэцэглээд

Алсын будан гол дээр халиглаад

Өндөр цавчим эргийн дээгүүр

Өгсөөд гарлаа, хүүхэн Катюша

Гарч зогсоод дуугаа аяланхан

Гардаж хадгалсан дуугаа аяллаа

Талын буурал бүргэд нь болсон

Танхил амрагаа дурсан дууллаа

Дуу, ай хө, охимсогхон тэр дуу

Дулаахан хурц нарыг дагаад

Алс хил дээрх байлдагч түүнд

Амраг Катюшагийн мэндийг хүргээрэй

Эгэл бүсгүйн дурлалт тэр хүү

Эгшиг дууг нь сонсог тэр хүн

Эх нутгаа хайрт нь хамгаалаг

Энхрий хайраа Катюшаа хамгаална... гэсэн бол Н.Наваан-Юндэн гуайн 3 дахь бадагийн орчуулгаар:

-Хай, чи дуу минь, охины минь дуу минь

Хурц нарны хойноос нисээрэй

Хол хязгааргүйн байлдагч түүнд

Хүүхэн Катюшагийн мэндийг хүргээрэй... хэмээсэн байна. Яруу найрагч, хөгжмийн зохиолч болон олноо түгээсэн дуучин Лидия Русланова болон дуунд зориулан бүтээсэн хөшөө дурсгал сүндэрлэн байна. Сайхаан...

Д.Доржготов 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.