Чи чадахгүй... гэх үг намайг хурцалдаг

Twitter Print
2020 оны 05-р сар 31-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

Тээр жил наймдугаар ангид байхад гадаад хэлний багш маань “Чи ер нь хэл сурахгүй хүүхэд байна. Чи чадахгүй” гэж хэлж билээ. Хожим нь Индианагийн их сургуульд хуулийн мастер хамгаалсан өдрөө утасруу нь Америкаас залгалаа.

Эхлээд англиар хэсэг ярьтал багш маань таньдаггүй, явц дунд намайг гэдгийг ойлголоо. Би зөвхөн ингэж утсаар ярих юмсан гэдэг мөрөөдлөөр их хичээсэн байлаа. Эхнэрийнхээ найз залуу болохоос өмнө түүнийг өчнөөн эргүүллээ. Бүхэл бүтэн роман хүртэл бичиж өглөө. “Энэ бүх оролдлого чинь амжилтгүй. Та чадахгүй” гэх харцтай тулгарах үедээ “Энэ сайхан бүсгүйн ирээдүйн үр хүүхдүүдийн аав нь ямар азтай залуу байх бол оо” гэж санааширч билээ. Харин өнөөдөр би өөрийнхөө асуусан асуултын хариулт болчихсон сууж байна.

Багад Ширээ ах маань “Догшин хул үрээг чи сургаж дөнгөхгүй, аймар булгидаг, чи чадахгүй” гэж шордож билээ. Эмээлийн бүүргэнд давсгаа хэд сайн халцлаад сургасан хүлэгтэйгээ хожим сумын наадам үзэж билээ. “Чи чадахгүй!”. Энэ үг намайг эрчилж ирсэн. Бусдын үгийг давах гэж шаралхаж зүтгэсэн хэрэг биш. Харин “Чи чадахгүй” гэх үгнээс яагаад тэр хүн намайг ингэж үнэлж байна, надад ямар алдаа байна, яаж засах вэ гэсэн бодол зурсхийн орж ирдэг. Нөгөө талаас ийм үг сонсохоор л тархинд ямар нэгэн нэмэлт хөдөлгүүр ажиллаж эхэлдэг. Бас зүрхэнд эрчим хүч үйлдвэрлэгдэх мэт урам зориг, эрч хүч мэдрэгддэг.

Чи чадахгүй, чи амжихгүй гэж шууд хэлсэн үгс намайг хурцалдаг. Харин та мундаг, чи чадна гэх үгс хэдий урам өгөх ч тэсрэлт авчирдаггүй. Чи чадахгүй гэх үгс, сүүлийн үед “ТА НАР ЧАДАХГҮЙ” гэх үгэнд хувиллаа. Нэг хүн байснаа үзэл санаа, үйл хэрэг хуваалцах анд нөхөд, хамт олны хэсэг болжээ.

Та нар чадахгүй, асуудлыг шийдэж!

Монголчууд чадахгүй, хөгжин дэвжиж!

Бид нар эв нэгдэлгүй, хамтдаа урагшилж!

…Ийм олон эргэлзээ, чадахгүйн цавагт наасан үгс харин ч бид чадна, хийж чадна гэх эрмэлзлэлийг өрднөм!

С.Эрдэнэболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.