Беларусь Украинтай хиллэдэг хилээ хаажээ

Twitter Print
2021 оны 07-р сар 03-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

Беларусийн эрх баригчид украинчууд Беларусь луу хилээр хулгайгаар зэвсэг оруулж байна хэмээн Украинтай хиллэдэг хилээ хаажээ. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко гадаадын хүчнүүд түүнийг төрийн эрхээс унагахыг оролдож байна хэмээн мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар Беларусийн аюулгүй албаныхан гадаадын дэмжлэгтэйгээр нууцаар үйл ажиллагаа явуулж буй алан хядах бүлэглэлийг илрүүлсэн ба тус бүлэглэл түүнийг төрийн эрхээс унагахыг төлөвлөж байгаа аж.

Ерөнхийлөгч А. Лукашенкогийн мэдэгдсэнээр дээрх алан хядах бүлэглэлийг ХБНГУ, Литва, Польш, Украин болон АНУ зэрэг улс орнуудаас санхүүжүүлж байгаа аж. Тэрээр, "Украинаас Беларусь руу маш их хэмжээний зэвсэг орж ирж байна. Тийм учраас би хил хамгаалах албаныханд Украинтай хиллэдэг хилээ бүгдийг нь хаахыг үүрэг болгосон." хэмээн Украин улс ЗХУ-аас гарч, тусгаар тогтносны 30 жилийн ойн баярын үеэр мэдэгдсэн ба алан хядах бүлэглэлийг санхүүжүүлж буй улс орнуудын тэргүүнүүдтэй уг асуудлаар ярилцана гэжээ.

Беларусийн зүгээс Украиныг Беларусийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгаж байгааг Украины эрх баригчид үгүйсгэж байгаа ба тус улстай хиллэдэг 1084 км хилээ хааснаар Беларусь улс л хохирно гэжээ. Беларусь нь өмнөд хэсгээрээ Украинтай, баруун хэсгээрээ Польш, Литва, хойд хэсгээрээ Латви, зүүн хэсгээрээ ОХУ-тай тус тус хиллэдэг билээ.

Өнгөрсөн 5-р сард Беларусийн эрх баригчид Ирландын Ryanair агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоцыг Минскт хүчээр буулгаж, тус онгоцонд зорчиж байсан сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевичийг найз Ольга Сапегагийн хамтаар баривчилсан нь олон улсын бухимдлыг төрүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор барууны орнууд Беларусийн эсрэг хориг арга хэмжээ тогтоосон юм.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.