НАТО ба Монгол Улс

Twitter Print
2022 оны 02-р сар 27-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Аливаа улс оронд гадаад харилцааны зөв чиг баримжаатай бодлого агаар ус мэт хэрэгтэйг батлан харуулсан өдрүүд өнгөрч байна даа. Дүрвэж буй 150 мянга гаруй украин иргэдийг хилээ нээн тосч авах, ОХУ-д эдийн засгийн хориг тавихаас өөр ямар ч арга хэмжээг НҮБ болон Европийн холбооны улсууд авсангүй.

Зеленскийн төсөөлж байснаар үйл явдал өрнөсөн бол өдийд Украины нутаг дэвсгэрт НАТО-гийн цэргүүд Оросын армитай алалцаж, Вашингтоноос Жөү Байден, Кремлээс В.Путин нар харилцан мэдээлэл хийгээд, цөмийн зэвсгийн улаан товчлуур дэлгэц дүүрэн гарч, Ерөнхийлөгч нарын гар хурууны хөдөлгөөнийг бүх дэлхий бүтэн амьсгалж ч чадахгүй хараад зогсож байх байлаа. Хэзээ ч тийм юм болохгүй гэдгийг бүх дэлхийн бүх дипломатч мэдэж байхад Зеленский л харин мэдэрсэнгүй. Цагаан ордон нуувчиндаа бүгэж, Европийн холбоо өдөр өнжин хуралдахаас хэтэрсэнгүй. Украинчуудын хүсч байсан дэмжлэг ирсэнгүй.

Энэ үйл явдал юуг харуулж байна вэ? Украин бол яах аргагүй Орост ойртох том орц. Яг л Монголтой адил. Монгол Улс бол Орос болон Хятадад ойртох хамгийн боломжийн түшиц газар. Үүнийг хоёр хөрш маань мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Тиймдээ ч Монголоос алсран одоод байсан хийн хоолойг манай нутгаар дайруулах шийдвэрийг энэ асуудал яригдаж эхэлснээс хойш 10 жилийн дараа буюу 2021 онд гаргалаа.

Хийн хоолойн транзит тээврээс монголчууд жилдээ хэдэн арван сая доллар зүгээр сууж байгаад халаасална гэсэн сайхан мөрөөдөл бидэнд бий. Үнэн хэрэгтээ энэ хийн хоолой Монгол Улсын хувьд хойд хөршөөс ирэх хайр болоод хатуурхлын асар том шалтгаан, урд хөршөөс манайхыг хараачлан хянах аргагүй том шалтаг болох юм. Сайнаар харвал ОХУ Хятадад нийлүүлэх хийн хоолойгоо Монголоор дайруулж байгаа нь өмнөд хөршийнхөнд "Монгол бол Хятад биш, манай мөнхийн хөрш" гэсэн мессэжийг эдийн засгийн хэлээр өгч буй билээ.

Энэ тохиолдолд мөн л В.Путин "Чингис хаан бол Монголынх" гэж өнгөрсөн жил казакстанчуудын эсрэг манай төрийн томчуудаас түрүүлэн эрс дуугарсныг бас дурдъя. За тэгвэл одоо Орос, Хятад хоёрын мөнхийн өрсөлдөгч болох НАТО-той манайх ямар харилцаатай вэ? Монгол Улсын БХЯ-ны удирдлагууд 2010 онд НАТО-гийн төв штабт айлчилж, 2011 онд тус байгууллагын аюулгүй байдлын бодлого, түншлэлийн асуудал хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга нь Улаанбаатарт хариу ажлын айлчлал хийж байв.

Тэр ондоо буюу 2011 оны намар НАТО-гийн олон улсын цэргийн /Цэргийн шүү!/ штабын ерөнхий захирал нь мөн л Монголд хөл тавьж, манайхан найр тавин угтаж байлаа. Ингэсээр 2012 онд Монгол Улс албан ёсоор НАТО-гийн түнш орны статустай болсон байдаг. Энэ үйл явдлыг манай мөнхийн хоёр хөрш хараагүй биш харсан, одоо ч хянаж байгаа нь тодорхой.

Казакстанаар дайруулахаар яригдаж байсан Оросын хийн хоолой Монголын нутгаар тавигдаж, Украинд одоо ОХУ-ын цэргүүд дайтаж байна. Энэ бүхэн юуг харуулж байна вэ? ОХУ ямар ч тохиолдолд хил хязгаараа, мөн хил хязгаар нь болдог хөрш улс орнуудаа хараа хяналтаасаа гаргахгүй гэдгээ батлан харууллаа.

Хятад энэ тохиолдолд ОХУ-ын талд бүс нутгийн хувьд түшиц болж зогсоно гэдгээ ч баталлаа. Харин дунд нь НАТО-гийн түнш Монгол Улс оршиж байна. 2005 оноос эхлэн НАТО-гийн дэмжлэгээр Косово, Афганистанд цэргээ илгээсэн Монгол Улс хэмээн тодотгоё. Украинд НАТО цэрэг оруулсан бол тус байгууллагын түнш орны хувьд Оросын эсрэг хэдэн бор цэргээ илгээх байсан Монгол Улс гэж бүүр илүү тодотговол яаж байна?

Умард Атлантын цэргийн эвсэл сайндаа монголчуудад найр тавиагүйг Украинд одоо болж буй үйл явдлаас мэдэж болно. Шулуухан хэлэхэд НАТО, Москва хоёр нармайгаа Украинаар дамжуулан нээлцэж байна. Зеленский улс орноо хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага болгох хангалттай олон шалтгаан ар араас нь гаргалаа. Тэр тусгаар тогтнол, ардчилал хоёрыг эрэмбэлж чадсангүй.

Үнэндээ бол ардчилал ба тусгаар тогтнолынхоо агуулгыг ч ойлгосонгүй, аль алиныг нь барьцаалж болох байлдаантай киноны хэмжээнд л боджээ. Нэг л зүйл ойлгомжтой байна. Асуудал тулгарахад НАТО бус, НҮБ ч бус, ШХАБ ч бас биш, хөршүүд л ойрхоноос ойрхон байдаг ажээ.

Дэлхий өөрчлөгдөж буй энэ дахин хуваарилалтын үед Монгол Улс гадаад харилцааны бодлогодоо илүү хянуур, илүү мэргэжлийн төвшинд, илүү алсыг харж хандах цаг болжээ. Сүүлийн 30 жил мисс, мистерүүд, төрийн томчуудын нууц амрагуудын суудал болтлоо доройтсон энэ албаа дипломат төвшинд, дипломат бодлогоор татан гаргахгүй бол Зеленскийн алдааг давтах тэнэг ордонд олноороо байгаа шүү!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.