Цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй

Twitter Print
2021 оны 10-р сар 20-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх оны төсөв болон тус салбарт хийгдэх шинэчлэлийн талаар танилцууллаа. Энэ үеэр өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгодгийг болиулах гэж байгаа талаар мэдээллээ.  Тэрбээр "Хувьсах зардлын шинэчлэлээр боловсролын чанарт суурилсан үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байгаа. Өнгөрсөн жилүүдэд хүртээмж их ярилаа.

Хувьсах зардлаар дамжуулж чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн зардлыг олгох ёстой юм билээ. Хувьсах зардал нь багш нарын цалин урамшуулал, байгууллагын урсгал зардалтай холбогддог байсан бол сургалтын орчин, багшийн хөгжлийн асуудал, хүүхдийн сурлагын ахиц дэвшилд л энэ мөнгийг зарцуулдаг болгохыг зорьж байна. Энэ чиглэл рүү бид өөрчлөлт хийж байгаа.

Өмнө нь хувьсах зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан. Харин одоо багш, сурагч, сургалтын орчныг сайжруулахад зарцуулагддаг болно гэсэн үг.

Цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй. Тэр тусмаа жилийн 10 сая төгрөгөөр дээш төлбөртэй сургуулиудад өгөхгүй.

Энэ шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан хуулийн шинэчлэлээр хийнэ. Үүнтэй холбоотой Үндсэн хууль зөрчлөө гэдэг асуудал яригддаг. Гэхдээ 10 саяас дээш төлбөр авчхаад ахиад төрөөс хувьсах зардал авна гэж гоншигнох сургууль байхгүй болов уу гэж бодож байна.

Өнгөрсөн жил бид өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг хэмнэснээр гурав орчим тэрбум төгрөгийг хичээлийн хоцрогдол арилгахад зарцуулж эхэлсэн" гэлээ. 

Тэрбээр 2022 оны боловсролын салбарын төсвийн талаарх мэдээлэлдээ багш нарын цалин урамшууллын системд хэрэгжүүлэхээр төлөвлөж ажлынхаа талаар ярилаа.

Ер нь сургуулиудыг хооронд нь, багш нарыг хооронд нь, сурагчдыг нөгөөтэй нь өрсөлдүүлэхгүй. Харин өнгөрсөн онтой харьцуулахад ямар ахиц дэвшил гарсныг нь харгалзан үр дүнд суурилсан санхүүжилтийг хийнэ.

Тэрээр “Гүйцэтгэлд суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлнэ. Боловсролын салбарын санхүүжилт суурь санхүүжилт буюу цэцэрлэг сургуулийн дулаан, цахилгаан, барилгын урсгал зардал байдаг ба мөн нэг хүүхдийг сургах хувьсах зардлаас эх үүсвэрээ авдаг. Цаашдаа бид дээрх дээр нэмээд үр дүнд суурилсан урамшуулал гэсэн шинэ тогтолцоог нэмж гурван эх үүсвэрээр цэцэрлэг, сургуулийг санхүүжүүлнэ.

Монгол Улсад байгаа нэг хүүхдийн хувьсах зардлын тогтолцоог тухайн сургуулийн байршил, хэв шинж, ахиц амжилттай уяж санхүүжүүлэх шаардлагатай. Нэг хүүхдийн хамгийн өндөр хувьсах зардал авч байгаа нь Говь-Алтай, Дорноговь, Булган зэрэг аймгууд байгаа ба сурлагын амжилттай холбож үзэхэд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байна. Тиймээс бид хувьсах зардлыг өөрчилснөөр яг хүүхдэдээ, багшдаа, сургуульдаа хүрэх боломж бүрдэж байж боловсролын салбарын чанарын үнэлгээг шинэ шатанд гаргах болно.

Ер нь сургуулиудыг хооронд нь, багш нарыг хооронд нь, сурагчдыг нөгөөтэй нь өрсөлдүүлэхгүй. Харин өнгөрсөн онтой харьцуулахад ямар ахиц дэвшил гарсныг нь харгалзан үр дүнд суурилсан санхүүжилтийг хийнэ.

Хувьсах зардлын аргачлалаа шинэчилснээр багш нарын цалин хөлс дунд болон урт хугацаанд бодитойгоор үнэлэгдэх, тэдний халааснаас үргэлж гардаг сургалтын материал, цаас, интернет, комьютерийн элэгдлийн зардлууд нь эндээсээ тооцогддог байх шинэчлэлтийг хийнэ. Ер нь багш нарын цалин хангамж, хөдөлмөрийн үнэлэмжийг нэлээн өндөр түвшинд гаргаж байж чанартай боловсрол шаардана.

Тиймээс 2022 оны улсын төсөвт хийх өөрчлөлтүүд ч үүнд чиглэж байна. Жишээ нь, багш нарын цалингийн эх үүсвэр нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардал дээр суурилдаг учир үүний аргачлалыг өөрчлөх, тэдний суурь цалинг өндөр болгох юм. Суурь цалин өндөр болж байж л түүн дээрээс бодогддог нэмэгдэл, урамшуулал илүү хувиар тооцогдох учраас энэ зорилгыг дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Багш нар үр дүнгийн, ур чадварын гээд хэд хэдэн урамшуулал авдаг. Ямар шалгуур, хэмжүүрээр, хэнд, хэрхэн олгох талаарх үзүүлэлтүүд бүхий урамшууллын тогтолцоо нь шударга бус юм. Багш нар үр дүнгийн, ур чадварын урамшууллаа цалингийнхаа нэг хэсэг гээд олон жил буруу ойлгож, хүлээлт үүссэн. Мэдээж багшийн гүйцэтгэлийн үр дүнтэй уяна. Гэхдээ орлого, үр дүнгийн урамшууллыг нь суурь цалингийнх нь нэг хэсэг болгох юм бол суурь цалинг хамгийн багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын дундаж цалин буюу 1,2-1,3 сая төгрөгийн түвшинд хүргэх боломжтой гэж харж байна" гэлээ.

БШУ-ы сайд Л. Энх-Амгалан цааш нь хэлэхдээ “Их дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх шийдвэр гарлаа. Энэ нь хотын түгжрэл, төвлөрөлтэй дан ганц холбоогүй. Хамгийн гол нь хөдөө орон нутаг бүс нутгийн асуудал. Энэ асуудлыг цогцоор нь шийдэх тогтоол гарч байна. Өнөөдөр Монгол Улсад 88 их дээд сургууль байна. 150 мянган оюутан байгаагийн 143 мянга нь УБ хотод байна. Бусад нь орон нутгийн долоон их дээд сургуульд суралцаж байгаа юм. Тиймээс цаашид орон нутагт чанартай боловсрол олгохоор ажиллаж байна. 

Эрдэнэт, Дархан-Уул Өмнөговь аймгуудад МУИС, ШУТИС, ХААИС-иудыг шилжүүлэхээр болсон. Ингэхдээ салбарыг бус сургуулиудыг байгуулна. Төгсөөд ажлын байртай болох, УБ хотод боловсрол эзэмшдэг шиг чанартай сургалтыг хэрэгжүүлнэ.

-Өмнөговь аймагт нүүрс, химийн чиглэлээр

-Дархан-Уул аймагт ХАА-н чиглэлээр байгуулна

-Эрдэнэ аймагт Шинжлэх ухаан техникийн сургууль, МУИС-ийг байгуулахаар болсон.

Ингэснээр нийт 10-15 мянган оюутныг орон нутагт суралцуулах боломжоор хангахаар ажиллаж байгаа. Өмнө гарсан алдаа дутагдлаа давтахгүйн тулд боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгоно. Хөдөө орон нутагт байгуулагдсан сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгоно. Мөн ажлын байраар хангана.

Харин багш нарын тухайд хөдөө орон нутагт ажиллах урамшуулал олгох, УБ хотод ажилласантай дүйх хэмжээний цалин олгох, ипотекийн зээлд хамруулах, бизнес хийх боломж олгох гээд багцаар нь санал болгохоор шийдвэрлэсэн.

Мөн орон нутагт явагдаж байгаа мэргэжил сургалтыг УБ хотод давхцуулахгүй байхаар зохицуулсан" гэлээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.