
Ходоодны галын илч муудсанаас үүдэлтэйгээр бие махбодид бодисын солилцооны алдагдал үүсэхийг эс шингэх өвчин гэж үздэг. Эс шингэх өвчин хүний биед үүсвэл тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг буюу долоон тамирын үйл ажиллагаа алдагдаад эхэлдэг.
Жишээлбэл, цусанд эс шингэх өвчин үүсвэл цөсний үйл ажиллагаа хямарна. Цөсөнд эс шингэх өвчин үүссэнээр шар усны үйл ажилллагаа алдагдаж эхэлнэ гэсэн үг. Шар усны үйл ажиллагаа алдагдахад биед харшил, арьсны өвчлөл гарах жишээтэй. Ингээд цаашдаа олон өвчний суурь болдог. Эс шингэх өвчин хүний биед үүсээд л яваад байх юм бол бэтгэ өвчин, цайвар хаван, суваг хаван, усан хаван гэсэн дөрвөн архаг өвчнийг үүсгэдэг. Энэ нь эс шингэх өвчин хүндрэх хэлбэрт шилжсэний илрэл юм.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дунд эс шингэх өвчтэй хүмүүс маш элбэг байна. Анхны шинж тэмдэг нь өтгөн хаагдах эсвэл ойр ойрхон гарах, гэдэс дүүрэх, өтгөн нэг хэсэг дүүрч байснаа маш их хэмжээтэй суулгах, өтгөн, шингэн тостой гарах, дотор муухайрах, залхуу хүрч бүх бие сулрах, бие хүндрэх, ямар ч хоол идсэн тэр даруйд аюулхайд өвдөж хэхрүүлэх, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ. Тэгэхээр тэр болгоныг хүмүүс нэг их анзаарахгүй явж байгаад хүндрүүлээд байдаг. Жишээлбэл, “Өнөөдөр идсэн хоол жаахан удаан шингээд байна”, эсвэл,“Би сүүлийн арван жил жин хасахгүй таргалах шинжтэй байна” гэдэг. Тэр хүмүүст эс шингэх өвчний суурь яваад байна гэсэн үг. Зарим хүний элэг, цөс ходоод зэрэг дотор эрхтнүүдийн аль нэгт нь ургацаг гарчихсан, эсвэл кистатай байгаа нь эс шингэх өвчин тэр хүний биед аль хэдийнэ үүсчихсэнийг харуулж байгаа хэрэг.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн эрхлэгч, АУ-ы магистр Л.Энх-Амгалан