Архижилтын байгууллагажилтыг цэглэе!

Twitter Print
2020 оны 05-р сар 08-нд 15:47 цагт
Мэдээний зураг,

Архи идээний дээж биш. Харин их хор мөн. Их хорлол юм. Яагаад тэр их хор, их хорлол болдог гэж үү? 

Нэгдүгээрт, Уусан архи таны тархийг, тэр тусмаа ухаантай байгааг тань нотлох мэдрэлийн эс, тэдгээрийн холбоосыг сүйтгэдэг. Тэгэхэд та мунхаг тэнэг болно. Аажмаар л тэнэгжинэ. Үүнийг архины тэнэглэл гэж ярьдаг. Архины тэнэгээс архины төрмөл тэнэглэлтэй хүүхэд төрдөг. Энэ нь бүүр аюултай байдаг. Энэ аюул нийгмийг тэнэглэлд хөтөлдөг. Ийм тэнэглэлээс болж олон үндэстэн үгүй болж олон эзэнт гүрэн хумхийн тоос лугаа үгүй болсон байдаг. Энэ нь архины аймшигт хорлол мөн.

Манай улс ардчилсан хувьсгал гэж ярьснаар хойш арай л их архидлаа. Хавтгай архидууллаа. 1990 оны эхэнд халтар царайтыг үзээд халтартаж байх зууртаа архи ууж байгаагаа эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг гэж өмөөрдөг байв. Эрх чөлөөгөө эдэлж нийгмээрээ л хавтгайрч архидаж байв, тэр цагт. Өвгөнт бий болж, өвгөнтийн хөндий дүүрэв. Архийг чингэлэг чингэлэгээр оруулж, архийг үйлдвэр үйлдвэрээр үйлдвэрлээд, бүх хаадаар нэрлээд, алсын хараатайгаар бүх хүнсний дэлгүүрээр түгээж айл айлд хүргэв. Ордонд уух нь хэвийн үйл болж, ордонд архинаас болж амиа өгөх нь хэвийн хэрэг болсон байх. Энэ нь энэ улс хаа сайгүй л хавтгай архидаж байна аа гэсэн үг л дээ.

Дүнд нь архи уух нь соёл болж, архи уудаггүй нь харин соёлгүй болоход хүрэв. Улс маань ч бар бус харин баар улс болж байх шиг. Ажил орж буй хүнээс архи уудаг биз; архины соёл эзэмшсэн биз гэж л бараг асуудаг болох нь. Архи уудаггүй гэвэл соёлгүй, ер нь муу, муухай харагдах нь энүүхэнд болох нь дээ, энэ улсад. Долоо хоног бүрийн Баасан гарагт байгууллагаараа архиддаг болж байна. Бүр түүнийгээ Баасан ахын төрсөн өдөр гэж өхөөрдөн хэлдэг болж. Сар бүрт ямар нэг баярыг байгууллагаараа заавал олж нэг сайн тэмдэглэж архидаж байна.

Жилийн турш л байгууллагаараа архидах. Хоёр сарын цагаан сараар ордоноос айл хүртэл нийгэмжиж архидана. Гурван сарын мартын наймнаар байгууллага бүр эмэгтэйжиж архидана. Дөрвөн сарын нэг өдрийг заавал олж тэмдэглэн байгууллагажин архидана. Таван сард түүх ярьж эрх чөлөө гэж хөөрч нийгмээрээ архидана. Зургаан сараас эхэлж зунжингаа л нийгмээрээ найрлаж архидана. Наадамлаж архидана. Архидаж найрлана. Хавтгайрч найрлана.

Есөн сараас эхлэн байгууллагаараа салхилж архидана. Арван сард ардын багшийг дэлхийн багштай хольж тэмдэглэж сургуулиараа, боловсролын салбараараа архидана. Арван нэгэн сард баатруудын төрсөн өдрийг улсынхтай хамт тэмдэглэж байгууллагаараа нэг сайн архидана. Баасандан баярлаж, амарч архидана. Эр эм, хөгшин залуугүй хөөрч багширч архидана. Арван хоёр сард хуучин оноо архиар үдэж, шинэ оноо бас архиар угтаж улсаараа архидана.

Энэ улс архины улс болох нээ. Архидалт энэ улсад зүгээр л байгууллагын соёл болох нээ! Хувь хүний архидалт ч дүүрч, яахав, хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан энэ улсын хүний эрх чөлөө юм байгаа биз. Харин архижилтын байгууллагажилт бол эрүүл нийгмийн хамгийн том дайсан байдаг. Үүнийг л бид заавал цэглэх ёстой. Тэр тусмаа яам тамгын газраас эхлэн засгийн газар хүртэл төсвийн байгууллага татвар төлөгчийн мөнгөөр байгууллагажин архидахыг цэглэе. Муухай, буруу. Цаашилбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хийгээд их сургуулиуд элдэв зүйл тэмдэглэх нэрээр оюутан сурагчдын төлбөрөөр байгууллагажин архидахыг зогсооё!

Ингэж байгууллагажсан архидалт, архидалтын байгууллагажилтыг цэглэхийн тулд хоёр л арга хэмжээг хамтарч бий болгоё. Үүнд:

1. Архидалтын эсрэг хууль баталж, түүндээ архиар хүн шахахыг хориглоод өгье.

2. Байгууллагын архидалтыг дэвэргэсэн төсвийн байгууллагын даргыг ажлаас шууд халах; хувийн байгууллагынх нь үйл ажиллагааны эрхийг түр цуцалдаг болгоод авья.

Ингэж чадвал архижилтын байгууллагажилтыг зогсоож чадна. Ингэснээр архинаас хол өссөн хүүхэд ажилд орохоороо архичин болохгүй байх нийгэм- хамт олон-ажлын нөхцөл бүрдэх юм. Энэ нь хүний төлөө, залуусын төлөө, тэгээд улс үндэстнийхээ төлөө хийж буй нэгэн сайн үйлс мөн. Эх орондоо их л хайртай гээд л байгаагаа биз! Архидалтын байгууллагажилтыг тэгвэл заавал цэглэ, зогсоо!

Ц.Лувсандорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.