Үнэхээр улс төржсөн орон болжээ, нэр дэвшигчдийг догдлон хүлээгээд л...

Twitter Print
2020 оны 05-р сар 22-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн Монголчууд бидний нийтлэг дутагдал:

Хүнээс заавал алдаа, өө сэв хайна. Найз нөхөр, дарга, хамаатан садангуудаа болохоор ямар ч дутагдалгүй төгс хүн маягаар магтан дуулна. (Алдаа дутагдалгүй, төгс хүн ховор, харин дутагдлаа засч чадах эсэх нь л чухал болохыг анхаарна уу) Би "харанхуй масс" гэдэг нэрэнд тун дургүй. Мэдээлэлгүй хэсэг, гэж нэрлэмээр санагддаг.

Мэдээлэл чухал, бас, мэдээллийг боловсруулж тунгааж чаддаг байх хэрэгтэй. Мэдээлэлгүй, мэдээллээ боловсруулж чаддаггүй олонхтой болчихсон бол зөв замаар явахад хэцүү. Ямар ч нийгэмд ахмад үе нь залуустаа мэдлэг туршлагаасаа зааж сургадаг. Харин өнөөдөр хатуу үг хэлж, зөвлөснийхөө хариуд "коммунизм руугаа тонил, бидний үе өөрөөр сэтгэдэг болсон, мэдэв үү" гэсэн хариу сонсдог боллоо. Гэхдээ л би ухаалаг залуу үе Монголыг аварна гэдэгт итгэсээр... Өрсөлдөгчөө гүтгэж, харлуулж, заналхийлж, айлган дарж авах гэсэн "аймшигт" өрсөлдөөн аль хэдийн эхэлжээ. Цэл залуугаараа ийм юманд оролцож эхэлж байна...

Ийм муухай нийгэм бий болсонд олон удаа сайд дарга хийсэн, өнөөдрийг хүртэл улс нийгмийг удирдаж ирсэн хүмүүс буруутай. Эвтэй найртай, өршөөж өмөөрсөн, ухаан шүтсэн, эрүүл саруул нийгэм биднээс холдсоор байна. Мөнгө залуусыг эвдэж хорлож байна. Ямар нэгэн аргаар олсон мөнгөө эзэндээ өгч, эрх мэдэлд хүрэх гэсэн хүслийг бий болгогч улс төрийн нөхцөл байдал улам даамжирсныг сонгууль харуулж байна.

Энэ сонгуулийн хамгийн муухай жишиг:

Түүнийг унагахын тулд тойрогт нь очиж нэрээ дэвшүүлнэ. Ингэж хүнд муу санаж сонгуульд орж байгаа хүнд итгэх хэрэг байна уу? Ингэж ил хэлж байгаагаас гадна далдуур ийм “ажил хийж” дэвшиж байгаа хүмүүс ч байгаа бололтой. "Нутгийн минь дүү, надад их тус хүргэсэн хүн, энэ хүний ачаар манай хэд сургуультай болсон, хорооны дарга ч дэмжээрэй гэж байна, аваргаа (арслангаа, заанаа, начнаа) хаана ч дэмжинэ" гэсэн хандлагаар сонгуулиа өгвөл Монголын өнөөдрийн байдал хэзээ ч засрахгүй. Манай намууд "тойргийнхоо сонгогчдыг янз бүрээр аргалж байгаад ганц суудал чирээд ирэх юм шиг байна, одоохондоо уншсан ном, хуулийн гаргалгаа иргэдэд огт хамаа байхгүй" гэж сэтгэж байгаа бол бид намаг балчгаасаа гарах яагаа ч үгүй юм байна, гэж би өчүүхэн бөндгөрөөрөө сэтгэнэм... Үнэхээр "улс төржсөн" улс болжээ. Нэр дэвшигчдийг догдлон хүлээгээд л...

Шалтгаан нь:

Хөдөлмөр эрхлэлт, боловсрол эрүүл мэнд жамаараа хөгжихгүй байгаад иргэд санаа зовж байна, бас, улс төрийн түвшин маш доогуур байгаа учраас хүн бүр л дэвшчихэж болмоор санагдаад буй бололтой... Ирэх 4 жил Монголын улс төрийн хувьд өнгөрсөн 30 жилийн багасгасан хувилбар болох төлөвтэй. Тэгэхээр Монголын улс төрийг эрүүлжүүлэх хүсэлтэй эх орноо гэсэн шударга иргэд, улс төрчид, намууд дараагийн сонгууль дөхөхөөр биш энэ сонгуулийн дараа өдрөөс үйл ажиллагаагаа эхлээрэй!

Дэлэгийн Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.