
Коронавирусын цар тахлын эсрэг хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн олон нийтийн бухимдлыг төрүүлсэн Балбын Ерөнхий сайд Шарма Оли албан тушаалаасаа огцроход хүрчээ.
Тэрээр коронавирусын халдварыг эмчлэхдээ ургамлын навч зажлах талаар зөвлөгөө өгч, Балбын иргэд хоол хүнснээсээ шалтгаалан бусад улс орнуудын иргэдтэй харьцуулахад дархлаа сайтай зэрэг олны бухимдлыг төрүүлсэн мэдэгдлүүдийг хийж, олон хүн цугларсан арга хэмжээ, баяр ёслол зохион байгуулахыг зөвшөөрснөөрөө олны бухимдлыг төрүүлжээ.
Нэг сарын өмнө 31 сая хүн амтай Балбад нэг өдөрт бүртгэгдэх коронавирусын халдварын тоо 100-аас хэтрэхгүй байсан бол өнгөрсөн мягмар гарагт 9483 тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 225 хүн нас баржээ. Зарим нь Балбад коронавирусын халдварын тархалт нэмэгдсэн нь хөрш Энэтхэг улс коронавирусын халдварын томоохон голомт болсонтой холбоотой гэж үзэж байна.
Учир нь хоёр улсын иргэд хилээр чөлөөтэй орж гардаг аж. Иргэдийн хэнэггүй байдал болон Балбын засгийн газраас түргэн шуурхай арга хэмжээ аваагүй зэрэг нь тус улсад коронавирусын халдвар хурдацтай тархах нөхцлийг бүрдүүлжээ. Коронавирусын халдварын 2 дахь давалгаанд өртөх нь тодорхой байсан ч Балбын засгийн газар халдварыг хяналтандаа авахын тулд илүү ихийг хийх боломжтой байсан хэмээн шүүмжлэгчид үзэж байна.
Энэтхэгт коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийг зогсоо зайгүй чандарлаж, шатааж, хүчилтөрөгчийн хомсдолд орсон эмнэлгүүдийн гадаа иргэд зуу зуугаараа тусламж үзүүлэхийг хүлээн хэвтэх үзэгдэл Балбад мөн давтагдаж байна.
Эх сурвалж: https://edition.cnn.com
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.