Төв бассейны захирал Ч.Эрдэнэчулуун: Засвар дууссан, НМХГ хүлээж авахыг хүлээж байна

Twitter Print
2014 оны 04-р сар 03-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн хэд хоног Төв бассейны захирлаар ажиллаж байсан Г.Арслан өөрийгөө хууль бусаар халагдсан хэмээн хэвлэл мэдээллээр ярилцлага өгч олны анхаарлыг татсан. Харин иргэдийн дунд Төв бассейн хаагдсан, дээвэр нь нурж унаад ажиллах боломжгүй мэт ойлголт төрөөд удаж байна. Нийслэлийн өмчид байдаг Төв бассейн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цөөхөн газруудын нэг. Хүүхэд багачууд, эцэг эхчүүд хэзээ нээгдэхийг нь тэсэн ядан хүлээж, чих тависаар суугаа. Өдгөө тус төвийн ажил байдал ямар байгаа талаар сурвалжлахаар очоод шинэ захиралтай уулзсан юм. “Төв бассейн”-ны захиралыг Ч.Эрдэнэчулуун гэдэг, мэргэжлийн усан спортын багш дасгалжуулагч юм байна. 

-Та энэ газрын даргаар хэзээ томилогдсон бэ? Анх ирэхэд байдал ямар байсан?

-Өнгөрсөн оны 12-р сарын 31-нд томилогдсон. Би өөрөө ч мэдээгүй байлаа. Төв бассейны үйл ажиллагаа зогсчихсон байсан. Том бассейны хананы плита нь хуураад уначихсан байсан.

Өвөл хөлдөөд чийгтэй байсан болохоор засвар хийхээр хуураад уначихдаг юм. Тэгээд гуравдугаар сарын 5-нд засвараа хийж эхлээд 14 хоногийн дараа дуусгалаа. Гэрлүүдийг нь бүгдийг нь солиод, цахилгааны утсыг шинэчлээд ерөнхийдөө дажгүй болж байгаа. Том бассейныг засварлаад, жижиг бассейн нь бол хэвийн ажиллаж байсан.

-Том бассейн хэзээ ажиллаж эхлэх вэ?

-Энэ долоо хоногт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулаад ажиллуулаад эхэлнэ. Ойролцоогоор арваад хоногийн дараагаас ажиллаад эхэлчих болов уу гэж бодож байна. Төсөвлөж өгсөн мөнгөнд нь засвараа хийгээд дуусчихсан. Одоо цэвэрлэгээ үйлчилгээний ажлуудаа хийж дуусгаад гэрээтэй байгууллагын хүмүүсээ авч эхэлнэ.

Намайг ажил хүлээж авахад кассанд нь ердөө 384 төгрөг л байсан. Нийслэлээс зарим газруудад жилд мөнгө төсөвлөж өгдөггүй. Өөрсдийн орлогоороо зарлагаа нөхөөд явдаг. Тэдний нэг нь Төв бассейн. Ер нь манай дээр байгаа удирдлагууд энэ хууль дүрмэнд өөрчлөлт оруулаад жаахан дэмжээд өгөх хэрэгтэй байна.

-Бассейнд хичээллэж буй хүүхэд залуучууд хэр байна?

-10 гаруй тамирчид бий. Одоо тэд нар БЗД-ийн усан бассейнд бэлтгэлээ хийж байгаа. Өдөр тутамд хүүхэд залуучууддаа үйлчилж байна. Засвар дуусаад үйл ажиллагаа жигдрээд ирэхээр олон хүн ирэх байх.

-Г.Арслан гэдэг хүн өөрийгөө хууль бусаар халагдсан, Би “Ардчилсан нам”-д элсээгүй учир халагдсан гэж хэлсэн байна. Энэ талаар?

-Улс төржихийг хүсэхгүй байна. Би өөрөө ч намын гишүүн биш. Энэ байгууллагад 1986 оноос хойш багшаар ажиллаж байна. Мэргэжлийн гэдэг утгаар нь намайг томилсон байх гэж боддог. Г.Арслан бид хоёр онжавууд. Нэгнийгээ мэднэ. Харин Г.Арслангийн яриад байгаа зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Өөрийг нь ажлаас халсан, намайг ажилд томилсон хүмүүстэй л уулзаж тодруулсан нь дээр байх.

-Та өөрөө усан спортын багш, дасгалжуулагч юм уу?

-Миний үед улсын шигшээ баг, усан спортын тамирчид гэж албан ёсоор байдаггүй байлаа. Хуучнаар Биеийн тамир спортын газраас төлөвлөгөөт тэмцээн уралдаан зохион байгуулахад л залуучууд ордог. Зүүнбаян, Дорнод зэрэг Оросын цэргийн ангиудаас үлдсэн бассейнтай байсан газрын хүүхдүүд л тэр тэмцээнд ордог байсан. Би 1969 онд анх сэлж сурч байлаа. Усан спортоор идэвхтэй хичээллэж байгаад 1986 оноос усан спортын төвд багшаар ажилласан.

-Одоо төв бассейнд хэдэн багш ажиллаж байна. Боловсон хүчний тал дээр дутагдалтай байдаг уу?

-Бүгд Биеийн тамирын дээд сургуулийн усны ангийг төгссөн мэргэжлийн багш нар. Одоо найман багштай, бусад ажилчдын хувьд дутагдалтай байна. 36 хүний орон тоо баталж өгсөн. Яг өнөөдрийн байдлаар 20 гаруй хүн ажиллаж байна. Төв бассейны хувьд ажилчид орлогоороо цалинждаг. Үйл ажиллагаа явуулаагүй болохоор бүгд цалингүй шахуу л явж байна.

-Иргэдэд ямар үнэтэй үйлчилдэг вэ?

-Нэг цаг нь том хүн 8,000, хүүхэд 5,000 байгаа. Ирсэн хүмүүсийнхээ эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг үзээд хичээллүүлдэг.

-Усан спорт эрүүл мэндэд олон талын ашигтай юу?

-Усан спортоор тогтмол хичээллэхэд бие чийрэгжиж, ханиад томуу тусахгүй, эрүүл саруул, урт удаан наслах боломжтой. Нуруу нугасны өвчтэй, зүрхний өвчтэй хүн усанд сэлэхэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Сүүлийн үед хараад байхад усанд сэлж байгаа хүүхдүүд их өндөр болж байна. Энэ мэтчилэн ус хүнийг бие бялдарын өв тэгш хүмүүжилтэй болгож, чийрэгжүүлэх, мөн олон өвчинг анагаах шидтэй.

Ярилцсан М. Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.90.135) 2014-04-03 10:34
      • 0
      • 0

      юун гоё юм бэ, сайхан мэдээ байна бассейнд явахыг маш их хүсэж байна. тэгвэл ирэх 7 хоногт очиход ажиллаад эхэлсэн л байх юм байна даа

      Хариулах