Иргэдийн худалдан авч буй байрны чанарыг төр батлан даана

Twitter Print
2014 оны 04-р сар 02-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Нийслэлийн орон сууцны корпораци байгуулах талаар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Улаанбаатар хотод 180 мянга гаруй орон сууцны хэрэгцээ үүсээд байгаа судалгаа гаргажээ. Жилд 15 мянга орчим орон сууц ашиглалтад орж байгаа ч нийт хэрэгцээний 10 хувийг л хангадаг байна. Харин орон сууцтай болохыг хүссэн иргэдийн 80 орчим хувь нь урьдчилгааг шууд төлж орон сууцанд орох боломжгүй байдаг аж. Тиймээс сар бүр орлогоосоо урьдчилгаа төлбөрийг тогтмол бүрдүүлэх боломжтой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр боловсруулах шаардлагатай байгаа талаар Хотын дарга танилцууллаа.

Өөрөөр хэлбэл энэхүү хөтөлбөр нь цалингийн орлогоосоо 25-30 хувийг орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болгох нөхцөлийг бүрдүүлэх юм байна. НОСК-ийн орон орон сууцны хөтөлбөрт эхний жилд 20 мянган орон сууцны захиалга авч 50 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоотой байгаа аж.

Ингэснээр эхний жилийн санхүүжилтээр хоёр хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тооцоо гаргажээ. Иргэн та сард 330 мянган төгрөгийн цалинтай бол цалингийн 30 хувь буюу 100 мянган төгрөгийг сар тутамд хийвэл 5 жилийн дараа 25м2 байртай болох юм. 767 мянган төгрөгийн цалингаасаа сард 230 мянган төгрөг хийвэл 4 жилийн дараа 36м2 байртай болох бөгөөд сая 100 мянган төгрөгийн цалинтай бол сар бүр 300 мянган төгрөг төлбөл 3 жилийн дараа 40м2 орон сууцтай болох юм.

Энэ мэтчилэн өндөр мөнгө төлбөл хурдан хугацаанд орон сууцанд орох боломжтой юм байна. Энэ жил 6 байршилд орон сууцны хотхон барихаар төлөвлөжээ. Тухайлбал, Улиастайн ам, Баянголын ам, Хотын шинэ төв, Яармагийн спорт цогцолборын хойд талд, Морингийн давааны орчимд, Био Сонгино зэрэг газруудад эхний ээлжинд орон сууц барихаар төлөвлөсөн байна.

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд эдгээр байршлуудаас байраа сонгох боломжтой бөгөөд дэд бүтэц, сургууль, цэцэрлэг орчны тохижилтыг бүрэн шийдэх юм байна. Мөн иргэд мөнгөө хуримтлуулаад байдаг чанаргүй байранд орчих вий гэсэн санаа зовнил байдаг. Харин үүнийг төр өөрөө батлан даана гэдгийг хэллээ. “Орон сууны чанарын асуудалд санаа зовохгүй байж болно” хэмээн хотын дарга мэдэгдэв. Эдгээр орон сууцыг нийслэл өөрийн эзэмшлийн газар дээрээ барих бөгөөд олон улсад нээлттэй тендер зарлах юм байна. Хэрвээ энэ төсөл хэрэгжээд эхэлбэл манай эдийн засаг хямралаас гарна гэдгийг ч мөн хэлсэн юм. Харин нэг асуудал үүсч болзошгүй гэв. Учир нь гэр бүлийн хүмүүс тус, тусдаа дансанд орон сууц захиалаад эхлэх хандлагатай байгаа аж. Энэ нь гэр бүлийн салалтад нөлөөлж магадгүй юм. Харин хоёулаа нийлээд байр захиална гэвэл очерийн эхэнд оруулах зэрэг хөшүүрэг ашиглана гэдгийг хотын дарга хэлж байлаа.

Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад НЗД Э.Бат-Үүл хариуллаа.

-НОСК, Төрийн орон сууцны коропрациас юугаараа ялгаатай вэ?

-Бид ТОСК-той өрсөлдөөгүй. 3-5 жил хүлээж чадахгүй гэсэн нь урьдчилгаа 30 хувиа төлөөд 8 хувийн хүүтэй зээлэндээ хамрагдаж байгаа юм. Иргэд хуримтлуулсан мөнгө байвал ТОСК-ыг, цалингаараа бол НОСК-ыг, илүү гоё орон сууц авах бол хувийн хэвшлийг, бүүр чадахгүй бол түрээсийн орон сууцыг сонгох сонголт иргэдэд байна.

-Хэрэгжүүлэгч нь хэн байх вэ?

-Барилгын ажлыг хувийн хэвшил гүйцэтгэнэ. НОСК бол захиалагч. Түүнээс биш төр өөрөө очоод шавар зуурна гэж байхгүй.

-Санхүүгийн баталгаа юу байх вэ? Наад зах нь сонгуулийн үеэр хэрэгжиж байсан хөтөлбөр зогсчихвол яах вэ?

-Хувийн хэвшилд бол хэн ч хэзээ ч мөнгөө ингэж өгөхгүй. Төр хэзээ ч дампуурахгүй. Улаанбаатар хот байгаа л юм чинь хариуцагч эзэн нь байгаа л байхгүй юу. Дампуурдаггүй төрийн захиргаа өөрөө шийдвэр гаргаад хийж байна. Иргэдийн мөнгө өөрийн нэрийн дансан дээр байна. Буцаагаад авахаар бол буцаагаад л өгчихнө. Гэхдээ хүүтэй өгөхгүй. Яагаад гэвэл хүүтэй буцаагаад өгвөл хадгаламжийн сан болчихно. Мөнгөө нэг буцаавал дахиж гэрээ хийхгүй. Буцааж авчихаад буцаагаад гэрээ хийе гээд байвал санхүүгийн байдал тогтворгүй болчихно. Нийслэл хөрөнгийн ямар баталгаа гаргаж өгөх вэ гэхээр бид жилдээ 500 тэрбумын төсвийн орлоготой. Бидний мэдэлд 400 мянган га газар байна. Газар маань бидний баталгаа болж байгаа юм.

-Ямар нэгэн шалгуур тавигдах уу?

-Ямар ч шалгуур байхгүй. Зөвхөн цалингаасаа мөнгөө өгөхөд л болно. Хөдөөний малчин ч захиалж болно. Орон сууцтай хүн ч захиалж болно. Энэ шийдвэр гарсны дараа хөдөө орон нутгаас ирж хашаа хатгадаг байдлыг зогсооно.

-Яагаад заавал 3-5 жил гэж хугацаа засан юм бэ? Их мөнгө төлөөд хурдан хугацаанд орон сууцандаа орох тийм боломж байна уу?

-Энэ бусад улсын туршлага л даа. Зарим газарт алдаа гарсан байна лээ. Тэгэхээр нэг ёсондоо санхүүгийн баталгааг 3-5 жилийн дотор харж байна. 3-5 жилийн дотор мөнгөө гүрийж байж өгсөн хүмүүс цаашид мөнгөө төлөх баталгаатай болно.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.