Даншигаас наадам хүртэл...

Twitter Print
2019 оны 07-р сар 11-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний баяр - Наадам

Та “Наадам” гэдэг үгийг сонсож уншсан даа. Харин “Даншиг наадам”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Даншиг гэж юу вэ?

1641 онд өндөр гэгээн Занабазарыг Монголын шарын шашны тэргүүн хувилгаан гэж өргөмжлөх болсон цагаас Даншиг өргөж байхыг хуулиар ёсчлон тогтоожээ. Даншиг гэдэг нь Төвд үг. Монголчилбол “Бат Оршил” гэдэг. Даншигийн зорилго нь найрамдлын тул нутгийн ардуудад өглөг өгч, тахил өргөнө. Үүний хүчээр аюулт үймэх дайснаас хамгаалагдана гэж “Ном номлогтун” гэдэг. Даншиг гэдэг нь 7 юмуу 8-р сарын сүүлчээр болдог байжээ. 

Даншиг хэрхэн явагдаж байв?

13000 лам хамтран дуганд чуулж, номын хөг дууны аяар довцог /жижиг овоо/ дээр Гэгээнээ 4 босоо дүрст арслангаар тулгуурласан өндөр ширээнээ залж хурал болно. Энэ хурлын утга нь “гэгээн энэ мах бод биеэ огооролгүй өгөлгийн эздээ бүү өнчрүүлэх болтугай” гэж ерөөж, залбирал үйлддэг. Гэгээндээ зориулж мөнгөн таваг дээр цагаан мөнгө, торгон эд, эрдэнийн чулуу тэргүүтнээр тахил өргөнө. Даншигийн гол утга бол Монголчуудын эв нэгдлийг дээдлэн үзэх үзэл санааны бэлэгдэл болгодог байсан явдал юм. 

Хэзээ үүссэн бэ?

Чингисийн удмын Даян сэцэн хааны отгон хүү Гэрсэнзийн 7 хүүд халх /төв Монгол/-ын 7 хошууг хуваан захируулсан цагаас долоон хошууны даншиг наадмыг XVII зууны үеэс үүсгэсэн байна. Долоон хошууны даншиг наадам бол эрийн гурван наадмаас гадна үндэсний урлаг, спортын олон төрлийн тэмцээн болдгоороо Монгол маягийн олимпийн наадмын шинжтэй байлаа.

Орчин үеийн дэлхийн аварга, олимпийн наадамд 1000 бөх барилдсан түүхэн баримт байхгүй атал даншиг наадамд 1024 бөх барилдаж байжээ. Анхны даншиг наадам 1639 онд болсоныг түүхэнд тэмдэглэжээ.

Image result for даншиг наадам

Даншиг наадмын тухай зарим баримтыг дурдвал: 

- 1024 бөхөөс Бөхлам гэдэг бөх түрүүлж

- Ядуу малчин Бонхорын морь 1000 хүлгээс түрүүлж байжээ.

Долоон хошууны даншиг наадамд эртнээс бэлтгэж, бөхчүүдээ хошуу бүр хоёр сарын цугласан бэлтгэл, сорилгод явуулж байжээ.

Даншиг долоон хошуу наадмын гол агуулга нь Монгол улсын төрийн байгууллагыг хүндэтгэх, тусгаар тогтнолоо хамгаалах, Монголын зориг чадлыг харуулахад оршиж байв. Долоон хошуу наадам нь 10 хоног үргэлжлэн хүчит бөх, хурдан морь, сур харвахаас гадна бөмбөг намнах, сарампай /бай/ харвах, морих дээрээс бөмбөг тоглох, циркийн болон урлаг дуу хуурчдыг шалгаруулан шагнадаг байжээ.

Үүний зэрэгцээгээр шашны номын баяр, эрдэмтдийн ном хаялцах хурал, цам, бүжиг, жүжигчийн тоглолт зэрэг өргөн хөтөлбөртэй явагддаг байв. Наадмын үеэр “Алдар” харвуулах гэсэн сонин тэмцээн явуулдаг байжээ. Энэ тэмцээнд хошууныхаа шилдэг харваачийг оруулж сум тавих бүр ноёны нэрийг дуудаж харвадаг ба хамгийн өндөр шагналтай байжээ. 

Наадамд түрүүлсэн бөх, моринд ямар шагнал өгдөг байв?

Их насны 1250 мориноос түрүүлэхэд атан тэмээ 1, морь 1, хонь 1, хадаг, 

Сурын харваанд 400 харваанд 400 харваачаас 20 сумнаас 20 онож түрүүлсэн хүнд тэмээ, морь, үхэр, нэг хонь, хоёр цай өгч байжээ.

Ийнхүү даншиг наадам олон жил үргэлжилсээр 1921 оны Ардын хувьсгалтай золгосон юм. Хувьсгалын дараа VIII Богд Жавзандамбын үед 1922-1924 онд цэргийн баяр наадмын дараа даншигийн үргэлжлэл наадам хийж байжээ. 

Наадам хэзээнээс үүссэн бол?

Энэ асуудалд эрдэмтдийн судалгаанд түшиглэн хариулж болно. Монголын анхны төр улс Хүннүгийн үед нум сум сайг харваачид байжээ. Жил бүр морь, тэмээ уралдуулан нааддаг байв. Тэдэнд бөхийн барилдаан байсан гэх шууд мэдээ сурвалж бичгээс олдоогүй байна. Хүннүгийн угсааны Тоба нарт бөх байжээ. Хүннү нарт бөх байсныг гэрчлэх дурсгалт зүйл олдсон. Солонгосын Когурегийн үеийн дурсгал, Киданы вааран дээрх бөхийн өмсгөлийг үзэхэд Өвөр Монгол, баруун Монголчуудын бөхийнхтэй их төстэй байгааг зарим бөх сонирхогчид тэмдэглэсэн байдаг. Морины уралдаан Монголын эрийн гурван наадмын нэг. Тэмээний уралдаан Монголд нэлээд дэлгэрсэн наадмын нэг. Одоо ч байсаар байна.

Ардын засгийн анхны наадам

1922 онд Ардын хувьсгалын анхны баяр наадам болжээ. 1921 онд ялсан Ардын хувьсгалын ойн баярыг 1925 он хүртэл цэргийн наадам хэмээн ёслон тэмдэглэжээ. Энэ наадам нь ард олон эрх чөлөөгөө олсны баяр юм. Өөрөөр хэлбэл энэ үеэс үндэсний наадам, хувьсгалын ялалтаар баяр хослон тэмдэглэх болжээ. Цэргийн анхны наадамд /1922 он/ сур харвалтын тэмцээнд жанжин Сүхбаатар хорь онож түрүүлжээ. 1925 оноос Цэргийн наадмыг Ардын хувьсгалын баяр, төр улсын баяр наадам хэмээн нэрлэх болжээ. Энэ үеийг хүртэл Долоон хошуу даншиг хэмээн уламжлалт наадмаа хийж байсан бөгөөд үүний зэрэгцээ цэргийн наадмыг сүүлчийн удаа хийхэд Ц. Банди гэдэг 19 настай залуу түрүүлжээ. 

Image result for ардын наадам

1921 оноос эхлэн жил бүрийн 7-р сарын 11-нд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ялалтын ойн баярыг хийж байна. Улсын хэмжээний баяр, наадмын зэрэгцээгээр аймаг, хот, суманд жижиг наадам ёслол болдог. Эдгээр нь яг тогтсон өдөргүй, жил жилийн байдлаас болж харилцан адилгүй цагт голдуу зун, намрын дэлгэр сайхан цагт хийдэг.

Доктор Т.Намжил

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.