Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол тэмдэг гардууллаа

Twitter Print
2019 оны 07-р сар 08-нд 13:08 цагт
Мэдээний зураг,

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.07.08/ зарлиг гаргаж,  Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медалийг ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр /2019.07.08/  Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь төр үнэлэн  Төрийн шагналт, Урлагийн гавьяат Зүтгэлтэн, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Image result for Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол тэмдэг гардууллаа

Мөн “Ацаг шүдний зөрүү” киногоороо танигдсан Д.Сүхбаатарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гавьяат жүжигчин цол олголоо.

Хөдөлмөрийн баатар Б.Шарав "Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн маань шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян гэж бодож байна. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлье" гэлээ.

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров "Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад ач холбогдолтой үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Төрийн дээд цол Хөдөлмөрийн баатрыг гардууллаа. Бид төрийнхөө энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал тодорхой хувь хүний гэхээсээ илүү түүний бүтээсэн бүтээлийг үнэлж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч юм. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орноороо, нутаг усаараа, авьяас чадвараар бахархан өнгөрөөх цаг ирлээ. Энэ цаг үед Монголчууд бид бие биеэ маш сайн ойлгож, энэ сайхан орноо тусгаар байлгаж, үр ачдаа үлдээхийн төлөө бид зүтгэх ёстой.

Миний хувьд Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Төрдөө шагнуулах гэж байгааг өчигдөр сонсоод би хүүдээ “Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сургуульд суусан энэ төрд төлөх өр дуусаагүй л юм байна" гэж хэлж байлаа.  Бид энэ оронд маш их өртэй шүү.  Энэ өрөө дарахын тулд хүн бүр зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай” гэлээ.

Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны 11 сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. Тэрээр 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлигаар хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд “Чингис хаан” дуурь бүтээснийг  төр, ард түмэн өндрөөр үнэлж “Чингис хаан” одонг хүртээжээ.

Тэрээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. Хорь орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна.

Нацагийн Жанцанноров нь 1949 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Багшийн сургуулийг "Дуу хөгжмийн багш" мэргэжлээр, Киевийн хөгжмийн дээд сургуулийг "Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач"-ийн мэргэжлээр төгссөн. 1983-1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дарга, Соёлын яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1992 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300 орчим бүтээл туурвиж, киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, "Монголын хөгжмийн 12 хөрөг"/Сонатын аллегро/, "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлсэн.

"Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Талын харгуй" гэдэг 24 хүүрнэл романч, "Хүний заяа I, II, III" концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, ятга, найрал хөгжимтэй концертыг Монголд анх удаа тавьж, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны ая зохиожээ. 1989 онд "Мандухай цэцэн хатан" киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ "Төрийн шагнал"-ыг 2 удаа, 2005 онд "Ардын жүжигчин" цол хүртжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.