Зам чамаас зугтаахгүй, харин амьдрал чамаас зугтаах болно... Битгий яар...

Twitter Print
2019 оны 07-р сар 06-нд 22:19 цагт
Мэдээний зураг,

Мань чинь гадагшаа яваад, гадаадын хөдөөгөөр жаахан тэнэсэн юм л даа. Үнэр гэж байхгүй, нэг тийм хуурай, зарим зүйл нь хиймэл юм шиг санагдав. Бушуухан буцаад л хөдөө явмаар санагдаж билээ.

Монголд ирээд найзуудтайгаа ярилцаад хөдөө явах гээд бүтэн хоёр сар хүлээсэн. Нээх гоё бэлдээд л. Майхан, хийлдэг гудас, ширээ сандал, загасны уурга, сайн хутга, сүх, олс гээд хэрэгтэй бүх зүйлээ бэлдлээ. Хоёр гэр бүлээрээ нийлээд Өвөрхангайн Улаан цутгалан, Найман нуур гээд зэргэлдэхээс сумуудаар нь амарч тойрч явахаар ярилцсан юм. Хүсэн хүлээсэн өдөр ирлээ.Хүнсээ цуглуулангаа ангалзаж, чихэр жимс, хоолны материал, гээд хүн бүрийн дуртай зүйлсээ авч бэлдлээ. Монгол хүний жилдээ нэг удаа, би Монгол хүн шүү гэх вакциныг хийдэг Наадмаар яагаад ч юм хүн болгон л нэг тийм баярладаг шүү дээ. Хүн бүхний нүдэнд инээмсэглэл, аз жаргал тодорч, за одоо л амарах нь гэж бүгдээрээ баярлав.

Хурдхан шиг л очих газраа очиж сайхан амархын түүс болов. Ингээд 3 машинтай гэр бүлээрээ гараад явлөө. Лүн арай ороогүй байсан байхаа, нэг даваа давсан чинь зам дээр 3,4 хүн уйлаад сууж байна. Хурдаа жаахан хасаад хажуу тийшээ анхаараад гарсан чинь хоёр том хүн бололтой, гэхдээ юмаар хуччихсан байсан л даа. Цоо шинэ шошго нь унаагүй шинэ мишокоор нь цогцоснуудыг нь бүтээсэн байсан. Цаашаа 500м яваад л Старикс машин дээшээ харчихсан, 3 хүнийг мөн л авч явсан хөнжилөөр нь бүтээчихсэн, 3 залуу нэг хүүхэн уйлаад сууж байсан. Дахиад 1км яваад мөн л хажуу тийшээгээ хоёр машин уначихсан. Нөгөө нэг баяр хөөр, нэг тийм огшиж байсан баяр гэнэт л байхгүй болчихсон.

Бүгдээрээ нэг нэгэнтэйгээ юм дугарч чадаагүй. Ард явсан нэг эмэгтэй найз маань гэнэт уйллаа. Бүгд түүнийг яагаад уйлсаныг нь ойлгож байсан учир арын эгнээд байсан бүх хүмүүс бүсээ зүүлээ. Би ч далчигнаад 120км/ц хурдтай явж байснаа болиод 70км/ц болгов. Өвөрхангайд очин очтолоо бид нар олигтой ч юм яриагүй. Арын машинууд ч мөн хурдаа хассаар бүгд чив чимээгүй Өвөрхангайд ирж билээ.

Хүний баяр хөөр, баярлах гэсэн хүслийг чинь зам тээврийн аюулгүй байдал хэзээч ойлгохгүй. За яахав дээ гэсэн болгон чинь таныг хэзээ нэгэн өдөр таагүй зүйлд хүргэнэ. Хэдхэн секундын өмнө хажууд чинь инээгээд сууж байсан хүн чинь хөсөр шидэгдэж хэвтэж байна гэж бодохоор аюултай.

Бид нар чинь ямар улсад амьдарч байгаа билээ. Ямар зам дээр явж байгаа билээ? Бодох л хэрэгтэй байх. Та нар хэрэв санаж байгаа бол түрүү жилийн наадмаар 11 хүн нас барсан, аймшигт Лүнгийн ослыг сайтуудаас хайгаад үзээрэй. Зүгээр л битгий яар. Битгий анхаарлаа сарниул. Өөртөө итгэлтэй, хянамгай, самбаатай машинаа барих хэрэгтэй. Ядарч байвал зогсоод ганцхан цаг ч гэсэн унтчих. Зам чамаас зугтаахгүй. Харин амьдрал чамаас, чиний анхаарал болгоомжгүй байдлаас чинь зугтаах болно. Битгий яараарай.

Эрдэнэбилэг Дөлгөөн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.