Жүдочид хилийн чанадад амжилт дүүрэн явна

Twitter Print
2019 оны 07-р сар 06-нд 15:34 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадам Италийн Наполи хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Универсиад наадмын жүдо бөхийн төрөлд нийт 55 улсын эрэгтэй 203, эмэгтэй 163 тамирчин өрсөлдөж байна. Урд шөнө тэмцээний -73, -81, -57, -63 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, манай улсаас ОУХМ Баярбатын Баасанжаргал хүрэл медаль хүртлээ.

Түүнчлэн Канадын Монреал хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При эхэллээ. Энэ удаад эх орноосоо ганцаараа мордсон ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Жи Мобайл” компаний тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр -66 кг-ын жинг тэргүүлэн барилдаж, Бразилийн Майкл Марселиньог 1:36 минутад цэвэр, хоёрдугаар тойрогтоо Канадын Жулиен Фраскадорег вазаригаар, хагас шигшээд Ирландын Натон Бөрнсийг нэмэлт цагт вазаригаар ялж, финалд шалгарчээ. Улмаар аваргын төлөө Бельгийн Кеннет ван Гансбекийг торгуулиар ялснаар Гран При ангилалд гурав дахиа түрүүллээ.

Универсиад наадмын жүдо бөхийн тойм -73: Энэ оны Ази-Номхон далайн орнуудын аварга “Ипериал Гоулд Майнинг” компани, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар шагналт тавдугаар байр эзэллэээ. Тэрбээр С хэсэгт тэгштгэлийн барилдаанд Унгарын Мартин Вегвариг 3:09 минутад цэвэр, хоёрдугаар тойрогтоо Германы Лукаш Веннеколдыг вазари үнэлгээгээр ялж яваад барилдааны сүүлийн мөчид цэвэр буулгажээ.

Улмаар манай бөх Португалын Жоао Фернандог нэмэлт цагт вазаригаар ялж, шилдэг наймд шалгараад хэсгийн аваргын төлөө өсвөр үеийн ДАШТ-ий хүрэлтэй Японы Хидеюүки Ишигоокаг вазаригаар буулгаж авсан байна. Гэвч манай тамирчин хагас шигшээд “Баку-2019” дэлхийн аваргын хүрэл медальт Азербайаны Хедаят Хейдаровт торгуулиар ялагдсан байна. Мөн хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Ким Чол-Гванд 3:18 минутад цэвэр ялагджээ. 

-81 кг: 2019 оны оюутны улсын аварга Баянмөнхийн Гаажадамба Ром болон Мадридын Европын нээлттэй тэмцээний аварга ОХУ-ын Абас Азизовтой барилдаж, 2:15 минутад цэвэр ялагджээ. Түүнийг ялсан А.Азизов хэсгээ тэргүүлсэн тул манай бөхөд дагах барилдаан хийх боломж гарсан. Манай бөх торгуульд Недерландын Жим Хэйжманыг вазаригаар ялсан ч Латвийн Никита Дуйновст 3:08 минутад цэвэр ялагдснаар тэмцээнээ дуусгасан байна.

-57 кг: “Женко” клубийн тамирчин Батсүхийн Алтанцэцэг эхний тойрогтоо гоц мөргөөд шилдэг наймд шалгарахын төлөө Казахстаны Ахмарал Ерназарыг 3:29 минутад цэвэр ялсан ч хэсгийн аваргын төлөө Украины Мария Скорад даралтаар цэвэр ялагджээ. Улмаар торгуульд манай бөх Парисын “Их дуулга” тэмцээний хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Жи-Сүд цэвэр ялагдаж үзэгчдийн суудалд шилжсэн байна.

-63 кг: Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин Баярбатын Баасанжаргал Зуны Универсиад наадмын эхний медалийг авлаа. Тэрбээр Румыний Аделина Стефания Добрег 1:43 минутад цэвэр савсан бол хоёрдугаар тойрогтоо алтан медаль хүртсэн Японы Нана Котад 1:20 минутад цэвэр ялагдсан байна. Гэвч манай бөх дагах барилдаанууддаа Макаогийн Тан Лай Манийг 9 секундэд цэвэр ялсан бол удаахь тойрогт Францын Ясмин Хорлавилле татамид гарч ирсэнгүй манай бөхөд ялалт өгчээ. Улмаар манай бөх дараагийн даваандаа Украины Анастасия Антипинаг 52 секундэд цэвэр ялаад хүрэл медалийн төлөө Чехийн Рената Зачоваг вазаригаар ялж, Универсиад наадмын аварга болсон байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.