Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” номонд юун тухай өгүүлэв...

Twitter Print
2019 оны 07-р сар 06-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын 25 болон 26 дахь Ерөнхий Сайд Санжийн Баярын "Жаран хоног, “Жаран”-ы бутархай" номын нээлт боллоо. Энэхүү номонд өнөөгийн болон өнгөрсөн үеийн түүхийн хамгийн сонирхолтой эргэлтүүд, бодит баримтуудыг нөлөө бүхий зүтгэлтнүүдийн ааш араншинтай хослуулан хоёр хэсэгт багтаан өгүүлжээ. 

"Жаран хоног" нэртэй эхний хэсгээс Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид түүний өнгөрүүлсэн хоёр сарын тэмдэглэлийг уншиж болно. Хорих газар өнгөрүүлсэн өдрүүдийн тэмдэглэл гэхээсээ илүү үйл явдалд холбогдох дурсамж, баримтуудыг зохиогч энэ хэсэгт өгүүлжээ. 

Харин хоёрдугаар хэсэг нь "Жаран"-ы бутархай". Энэ хэсэгт хүний хорвоод нэгэн жараныг туулахдаа уулзаж нөхөрлөсөн хүмүүсийн хөрөг, хувь хувьсгалын амьдралд ул мөрөө үлдээсэн үйл явдлуудын тэмдэглэлээ сийрүүлжээ. 

Номын хуудаснаа зохиогчийн өгүүлсэн дурсамж, баримт болон тэнд нэр дурдагдсан хувь хүмүүстэй холбогдох 30-аад гэрэл зургийг хавсаргахдаа тус бүрийн түүхийг өгүүлсэн тайлбарыг тусдаа агуулга болгон оруулсан аж.

"Жаран хоног, "Жаран"-ы бутархай" номын хэсгээс толилуулж байна.

“Пионерын лаагарын” дүрэм 
2018 оны 4-р сарын 12

Энд ирээд хоёр хонов. Энд гэдэг нь хэцүү нэртэй тэр газар. Газарсах юмгүй шорон. Хуучнаар бол Ганц худаг. Одоогийнхоор бол цагдан хорих 461-р анги. Хулгарууд хүртэл нэрийг нь цээрлэж “аавынд очих”, “нарсанд орох”, “пионерын лаагар явах” гэж займчуулж хэлдэг. Би энд ордгоо орлоо. Одоо цээрлэж займчуулаад яах юм. “Пионерын лаагар” мөн юм бол тортой үүдний цаанаас байн байн өнгийж хянаад байгаа дүрэмт хувцастай нөхөр бол манай бүлгийн “пионерын удирдагч” болж таарах нь.

Шүүхийн шийдвэргүй 48 цаг хоригдов. Үдээс өмнө шүүх хуралд суулаа. Суулаа ч гэж дээ. Нэг өрөөнд оруулаад, интернэтээр шүүхийн танхимтай холбож өгдөг юм байна. Хаанахын ямар шүүх, хэн гэх шүүгчийг ч мэдсэнгүй. Мэдээд ч яах билээ. Намайг үргэлжлүүлэн нэг сар хорино гэсэн саналаа прокурор хэлэв. Өмгөөлөгч маань хорихгүй байх талаас нь хуулийн үндэслэл гарган ярилаа. 

Дараа нь миний ээлж болов. “Шалгуулъя гээд гурван жил боллоо. Буруутай бол ялаа авъя. Буруугүй бол нэрээ цэвэрлэе. Надад хуулийн байгууллагаас зарлан дуудах өгсөн юмгүй. Өөрөө ирсэн хүн оргон зайлна гэж юу байдаг юм? Заавал цагдан хорихын учир юу вэ? Намайг дахин гэмт хэрэг хийж болзошгүй гэж прокурор хэлж байна. Юун гэмт хэрэг ярив аа” гэж асуув.

Шүүгч миний асуусныг болон өмгөөлөгчийн хэлснийг тоосон шинж алга. Прокурорын саналаар үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад алхаа тасхийтэл цохив. “Шүүхэд юу ч хэлээд нэмэргүй. Бүх юмаа урьдчилаад шийдчихсэн, прокурортой цаагуураа тохирчихсон байдаг” хэмээн Н.Алтанхуягийн хэлж байсан үг санаанд орж байна. 

Үргэлжлүүлэн хорих болсон учраас “сэжгийн 48”-аас шилжиж “байнгын” камерт оруулна гэнэ. Нэг хошууч надад хорих ангийн журам дүрэм танилцуулав. Эргэлт, илгээмж авах, өмгөөлөгч, мөрдөн байцаагч болон ар гэрийнхэн ирвэл хаана яаж уулзах, хэдийд босох, хэдийд унтах, гомдол хүсэлт гаргах бол хэнтэй яаж харьцах мэтийн юм надад танилцуулав. 

“Би эргэлт авахгүй, өмгөөлөгч, мөрдөн байцаагчаас өөр хүнтэй уулзахгүй. Харин бичгийн цаас, бал авч болох уу” гэж асуулаа. Хошууч гайхсан байдалтай харж байна. “Бичгийн болон жорлонгийн цаас, шүдний оо, саван, савласан ус ундаа зэргийг манай дэлгүүрээс захиж авч болно. Авч болох юмны жагсаалт нь энэ байна. Гэхдээ та өмгөөлөгчөөрөө дамжуулж эхлээд данс нээлгэх ёстой. Тэндээс чинь суутгаад явна” гэж байна. “Данс нээлгэе. Гэхдээ надад яг одоо бичгийн хэдэн цаас, бал хэрэгтэй болоод байна. Арга байна уу, хошууч аа” гэлээ. 

Хошууч юм хэлсэнгүй гараад явчихлаа. Нэлээд удаж байгаад бичгийн хэдэн цаас, нэг бал харгалзагч авчраад өгч байна. Эргэлдээд, уймруулаад байгаа элдэв бодлоо цаасан дээр буулгая. Бодлоо цэгцэлж, тархиа амрааж байхгүй бол стресс ядаргаанд орж мэднэ. Хий хоосон бухимдаад яах билээ. Хар бараан юм бодож, сэтгэлээ хямраах хэрэггүй. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. 

Олдсон цагаа ашиглаад өнгөрснөө дүгнэх, өнөөдрөө ойлгох, маргаашаа төсөөлөх хэрэгтэй. Тэр бүхнээ дэс дараатай тэмдэглэх ёстой. Өөрийгөө сатааруулан цаг нөгцөөх хэрэгтэй. Энд өөр юу ч хийх билээ. Зүгээр суухаар зүлгэж суу. Үзэг, цаас нийлүүлээгүй харин уджээ. Сүүлийн хорин жил компьютер тоншсоор бичих дадал үгүй шахуу болж. Одоо ч энэ маань овоо сэргэх биз...

Санжийн Баяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • цor

      (78.232.45.213) 2019-07-06 18:50
      • 1
      • 0

      gaxxxx uygaa bicheed bga sda ve chaavaasdaa ene odoo nelson mandela uy

      Хариулах