Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг байгууллаа

Twitter Print
2019 оны 07-р сар 06-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төслийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахаар болж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тахаока Масато нар оролцов.

Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Олон улсын шинэ нисэх буудал бол нийслэлийн төдийгүй Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргасан бүтээн байгуулалт. Аялал жуулчлалын салбараас авахуулаад бусад бүхий л салбарт үнэтэй хувь нэмэр оруулах, түлхүү хөгжүүлэх боломжийг нээсэн түүхэн бүтээн байгуулалт болж байна. Нийслэлээс шинэ нисэхийн чиглэлд шинээр баригдсан хурдны замын арчлалт, засвар үйлчилгээ, аюулгүй байдал,  хяналт зохицуулалт дээр хамгийн түрүүнд анхаарч ажиллана. Мөн нийтийн тээвэр, такси, экспрэсс автобусны үйлчилгээ зэрэг зорчигч тээврийн асуудлыг хариуцан шийдвэрлэнэ. Түүнчлэн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтыг түшиглэсэн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудал бий. Энэ ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа” хэмээлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Энэ бол Монгол, Япон хоёр улсын түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Нисэх буудлын үйл ажиллагаа 10 сарын дараа жигдэрсэн байх болно. Туршилт, тохируулгын ажлаас эхлээд гадна, дотны сургалт, нисэхийн авиа компаниуд нүүж ирэх гээд энэ бүхэн явагдаж дуусаад бүрэн хүчин чадлаараа ажиллана. Менежментийн үйл ажиллагааг Японы тал хариуцаж ажиллана. Энэ бол Монгол Улсад нисэх буудлуудыг удирдах менежментийн арга барилд суралцана, шинэ ноухау нэвтэрнэ гэсэн үг. Япон чанар, япон технологи нэвтэрнэ гэсэн үг” гэв.

 

“Шинэ нисэх онгоцны буудлын менежментийн гэрээнд гарын үсэг зурсандаа туйлын их баяртай байна. Япон, Монгол хоёр улсын найрамдалт харилцаа эртнээс уламжлалтай. Өнөөдрийн шинэ нисэх онгоцны буудал нь үүний томоохон илрэл. Агаарын үүд хаалгыг нээснээрээ манай хоёр улсын стратегийн түншлэл улам батжиж, хөгжих болно. Шинэ нисэх онгоцны буудал аюулгүй, саадгүй нислэгийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай учраас энд ажиллаж байгаа монгол ажилчдад япон мэргэжилтнүүд төрөл бүрээр сургалт зохион байгуулж, үйл ажиллагааг саадгүй үргэлжлүүлэхэд бүх талаар нь дэмжиж ажиллана” хэмээн Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Тахаока Масато ярилаа.

Менежментийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа шинэ нисэх буудалд "МИАТ" ХК-ийн "Боинг 737-800" агаарын хөлгөөр туршилтын буулт хийлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.