Байлдааны сум алдагдсантай холбоотойгоор Бригадын генерал Л.Гансэлэмийг чөлөөллөө

Twitter Print
2019 оны 07-р сар 05-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

Зэвсэгт хүчний дугаар ангиас өнгөрсөн хугацаанд их хэмжээний байлдааны сум, галт хэрэглэл алдагдан шүүх хяналтын байгууллага хэргийг шалгаж байна.

Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний 311, 345-р ангийн захирагчаар тухайн үед ажиллаж байсан бригадын генерал Л.Гансэлэмийг 2019 оны долоодугаар сарын 5-ны өдрийн ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн дахин галт хэрэглэл, цэргийн анги салбаруудаас алдагдсан тохиолдолд тухайн ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөх заалтыг тушаалд оруулахаар болов.

Хэргийн тухай эргэн сануулахад Төв аймгийн Зэвсэгт хүчний 0311 дүгээр цэргийн ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсан хэрэг гарсан юм. Дээрх хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас Төв аймгийн цагдаагийн газартай хамтран шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт холбогдуулан гурван хүнийг баривчлан саатуулжээ.

Цэргийн ангиудаас алдагдсан байлдааны зориулалттай их хэмжээний сум нь хууль бусаар сум зардаг зохион байгуулалттай этгээдүүдийн гараар орсон байсан тогтоогдсон. Хууль бус зэвсэгийн худалдаа эрхэлдэг этгээдүүд Нарантуул, Хархорин зах болон бусад газруудаар нууцаар борлуулагддаг байсан нь мөрдөн шалгалтаар илэрсэн.

Цэргийн ангиудаас их хэмжээний байлдааны сум алдагдсан хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж, хууль бусаар байлдааны сум, хэрэгслийг зарж борлуулдаг бүлэг этгээдүүдээс 45.000 орчим сумыг хураан авчээ. Дээрх хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.