Галд автаж, 14 хүний аминд хүрсэн шумбагч онгоц цөмийн эрчим хүчээр ажилладаг байжээ

Twitter Print
2019 оны 07-р сар 05-нд 14:46 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн даваа гарагт Баренцын тэнгист үйл ажиллагаа явуулж байсан Оросын шумбагч онгоцон дотор гал гарч, 14 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болсон билээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны Далайн гүний судалгаа шинжилгээний Төв удирдлагад хамаарагддаг АС-31 шумбагч онгоц нь цөмийн реактороор ажилладаг байсан болохыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ дурджээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлж байгаагаар шумбагч онгоцны баг цөмийн реакторыг галд өртөхөөс сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авч чадсан ба одоогийн байдлаар цөмийн реакторыг битүүмжилж, шумбагч онгоцон дээр ажиллаж байсан бүх албан хаагчдыг нүүлгэн шилжүүлсэн гэнэ.

АС-31 буюу албан бусаар "Лошарик" хэмээн нэрийддэг тус шумбагч онгоцон дээр гарсан гал анх аккумуляторын хэсэгт гарч, цааш тархсан болохыг Сергей Шойгу Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдсэн байна. Галын улмаас шумбагч онгоцонд байсан 14 албан хаагч амиа алдсан ба амиа алдагсдын хоёр нь ОХУ-ын Баатар цолтой байжээ.

Image result for Putin confirms fire-hit Russian submarine was nuclear-powered

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар амь үрэгдсэн цэргүүд галыг цааш тархаж, бусад албан хаагчдын аминд хүрэхээс сэргийлж, өөрсдийнхөө амийг золиосолсон аж. ОХУ-ын эрх баригчид осол болон гал гарсан шумбагч онгоцны талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа нь осол гарсан АС-31 шумбагч онгоц болон түүний үйл ажиллагаа нь ОХУ-ын зэвсэгт хүчний маш нууц зэрэглэлд хамаарагддагтай холбоотой гэнэ. АС-31 буюу "Лошарик" шумбагч онгоц нь дэлхий дээрх ямар ч шумбагч онгоцноос илүү гүнзгий шумбах чадвартай ба далайн гүнд төрөл бүрийн ажиллагаа явуулах өндөр чадамжтай болохыг мэргэжилтнүүд онцолжээ.

Image result for Putin confirms fire-hit Russian submarine was nuclear-powered

Осол гарах үед шумбагч онгоц ОХУ-ын эргээс холгүй байсан нь болон тус шумбагч онгоцон дээр цэргийн өндөр цолтой олон тооны албан хаагч байсан нь АС-31 шумбагч онгоцон дээр нэг төрлийн сургалт болж байсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдээлсэнээр амиа алдсан албан хаагчдын гэр бүлийнхэнд цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийджээ.

Related image

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар осол орон нутгийн цагаар оройн 21 цагийн орчим гарсан ба ослын улмаас шумбагч онгоцны үүдний хэсэгт байсан цөөн тооны албан хаагчид амьд үлджээ. ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас Баренцын тэнгист гарсан осол иргэдэд болон байгаль орчинд ямар нэгэн аюул учруулж болзошгүй талаар дурдаагүй ба осол гарсан бүс нутагт цацраг туяаны түвшин нэмэгдсэн байдал ажиглагдаагүй болохыг Норвегийн Цацраг туяа болон цөмийн аюулгүй байдлын төвөөс мэдээлжээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.