С.Заяадэлгэр: Үндсэн хуулиа өөрийг нь зөрчсөн заалтууд байна

Twitter Print
2019 оны 07-р сар 02-нд 18:06 цагт
Мэдээний зураг,

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 29 зүйл, 48 заалтыг хөндөж байна. Үндсэн хуулийнхаа үзэл санаа, бусад заалтыг зөрчсөн, хасах шаардлагатай 2-3 заалт байна. Үндсэн хуулиар зохицуулахгүй ердийн хуулиар зохицуулагдах шаардлагатай 6-7 заалт байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрх, нутгийн удирдлагын асуудлыг маш сайн хэлэлцэж нягтлах шаардлагатай харагдаж байна. Мэдээж дэмжүүштэй асуудлууд орж ирсэн. Жишээ нь, УИХ улсын төсвийг батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхийг хориглохоор зохицуулсан, хот тосгоны эрх зүйн байдлын асуудал гээд.

Юун түрүүн Улс төрийн намын талаарх Арван ес1 гэсэн зүйл нэмэх гээд байгааг төслөөс хасах ёстой гэж үзэж байна.

Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж зааснаар орон даяар үүр, хороотой байх, намын нүсэр тогтолцоог нөхцөлдүүлнэ. Улс төрийн намын зардал улам өсч, улс төржилтийг улам дэвэргэнэ. Мөн жижиг болон шинэ намуудын хөгжил төлөвшилтийг хязгаарлана. Мөнгө олохын тулд эргээд нэг компанийн юм уу, мөнгөтэй хувь хүний халаасанд орох эрсдэлтэй. Орон даяар нэгжтэй болсноор улс төрийн нам хариуцлагатай болчихгүй. Бид 1996 оноос хойш улс төрийн намын хуулиа огт шинэчлэлгүй ужигруулсан. Энэ хуулиа л шинэчил.

Улс төрийн нам үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахгүй бол яах вэ гэдэг асуудал ч маргаан дагуулна.

Нөгөө нэг ноцтой асуудал нь Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлнэ гэж байгаа. Улс төрийн хүсэл зориг гэдэг үг яг юуг хэлээд байна. Үндсэн хуулийн нэр томьёо гэж тусдаа ойлголт байдаг. 1992 оны Үндсэн хуульд нийт "ард иргэдийн ашиг сонирхол" гэдэг нэр томьёо байдаг. 

Тэгвэл энэ шинээр орох гэж байгаа "хүсэл зориг" нь одоо хуульд байгаа ашиг сонирхол гэдгээс юугаараа ялгаатай вэ. Үндсэн хуулийн нэр томьёоны тайлбар шаардаж байна. Иргэдийн улс төрийнхөөс бусад хүсэл зоригийг нам илэрхийлэхгүй юм уу. Улс төрийн хүсэл зориг илэрхийлээгүй намтай хэн хариуцлага тооцох вэ. Улс төрийн нам Цэцийн хяналтад байдаг субъект биш. Улс төрийн нам байгуулах, татан буулгахыг Дээд шүүх шийддэг. 

Үндсэн хуульд хэрэв энэ заалт орвол Дээд шүүх үүнийг иш болгоод танай нам иргэдийнхээ улс төрийн хүслийг илэрхийлсэнгүй гээд улс төрийн намыг татан буулгахад Үндсэн хуулийг эшилж шийдвэр гаргаж байгаа гэх утгаараа хоёр дахь Цэц болчихож байна гэсэн үг. Улс төрийн намын талаарх зөвхөн энэ өгүүлбэрээс улбаалаад Монгол Улс хоёр Үндсэн хуулийн шүүхтэй болчихмоор харагдаж байна. Гинжин хэлхээгээр хөөж үзвэл Үндсэн хуулийн нэг үг л ийм нөхцөл байдал, үр дагавар руу түлхдэг.

Үндсэн хууль бол ердийн хууль биш улс төр эрх зүйн бичиг баримт гэж явдаг. Энэ бол үзэл санаа. 

Монгол Улсын одоогийн Үндсэн хуулийн үзэл баримтлалаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд хуулиар хориглоогүй хүрээнд ажиллах зарчимтай. Төлөөллийн байгууллага болох сумын ИТХ шууд ардчилалын үндсэн хэлбэр болох багийн иргэдийн Нийтийн хуралд дээрээс нь заавар зөвлөгөө, чиглэл өгч болохгүй. 

Гэтэл 59-р зүйлийн энэ үзэл санааг шууд зөрчсөн “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь ... сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана гэсэн заалт ороод ирж байна.

Энэ заалт нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа учир хасах хэрэгтэй.

Дараагийн нэг асуудал нь оруулж ирж байгаа асуудал нь гарцаагүй Үндсэн хуулиар шийдвэрлэх суурь харилцаа мөн үү, эсвэл бусад хуулиар зохицуулах боломжтой асуудал уу гэдгийг эргэн нягтлах шаардлагатай санагдаж байна. 

Жишээ нь, Улсын төрийн намын асуудал, УИХ-ын Түр хянан шалгах хороо байгуулах асуудал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц зохион байгуулалт, Төрийн албанд холбогдох зарим асуудлууд гээд ердийн хуулиар зохицуулах асуудлууд олон байна.

Үндсэн хуулиар суурь асуудлыг л зохицуулна. Ямар байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд заавал заах ёстой, ямрыг нь салбарын хуулиар заах вэ гээд өөрөө онолтой. Энэ ялгаагаа хармаар байна.

Ингээд цаана үлдэж байгаа заалтуудыг маш сайн ярилцаж зохицуулах ёстой.

Ялангуяа Сонгуулийн тогтолцоо, Нутгийн өөрөө удирдлагын асуудал гээд. Улс төрийн хямралыг орон нутаг суурь харилцаа руугаа оруулчих вий.

Сонгуулийн хуулиа тогтвортой байлгахын тулд Үндсэн хуульд тогтолцоог нь маш тодорхой тусгаад өгвөл сайн. 

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хөндөөгүй. Гэтэл нэмэлтээр сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн агуулгатай зохицуулалт тусгасан. 

Сонгуулийн можаритор буюу олонхын, пропорционал буюу хувь тэнцүүлсэн, холимог буюу энэ хоёр тогтолцоог хослуулсан гэх нийтлэг хэлбэрүүд байдаг.

Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн заалт оруулснаар ямар тогтолцоотой сонгууль явуулахыг зөвхөн Сонгуулийн хуулиар шийддэг болно. Гэхдээ Сонгуулийн хуульд мажоритар, пропорционал, эсхүл холимог гэсэн дурын тогтолцоог заан хэрэглэж болох уу гэдэг өөр асуудал үүснэ.

2016 онд Үндсэн хуулийн Цэц пропорционал тогтолцоо нь “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд шууд сонгоно” гэсэн дээрх заалтыг зөрчсөн байна гэж үзсэн учраас Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг Их Хурал 2016 оны ээлжит сонгууль болохоос хоёр сарын өмнө хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл "шууд сонгоно" гэдэг үгийг "можаритор тогтолцооны сонгуулиар УИХ-ын гишүүнийг сонгоно" гэж Цэц үзсэн. 

Сонгуулийн тогтолцоог хуулиар заана гэсэн нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн шууд сонгоно гэсэн зарчмын хүрээнд байх уу, эсвэл сонгуулийн тогтолцоог хуулиар тусгайлан заахаар Үндсэн хуульд өөрт нь тусгасан “шууд сонгоно” гэдэг сонгуулийн тогтолцоотой огт хамаагүй асуудал уу гэдэг асуулт үүснэ.

Мэдээж Үндсэн хуулийн хоёр заалт нэг нэгийгээ үгүйсгэсэн байж болохгүй. Энэ асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн шатанд илүү тодорхой болох байх.

Манайд тохирох тогтолцооны хувьд сонгогч бүр яг ижил санал өгч байсан ч сонгуулийн нэг тогтолцооны хувилбараас гарах үр дүн, нөгөө тогтолцооны хувилбараас гарах дүнгээс ялгаатай байдаг. Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэдэг зүгээр нэг техник, зохион байгуулалт, саналын хуудасны өөрчлөлтийн асуудал биш учраас няхуур хандах учиртай.

Хууль, эрх зүйн орчин ямар байхаас үл харгалзан можаритор тогтолцоо, цэвэр пропорционал гэхээсээ илүү холимог тогтолцоо манайд тохирно гэж үздэг шүү дээ.

Манай улсад Ерөнхий сайд нь сонгуульд ялсан буюу олонхийн суудал авсан намын дарга нь байдаг. Тэгэхээр Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилж байгаа боловч цаанаа нэг намын дарга томилоод байгаа. Парламент бол ард түмнийх, Нам бол хэсэг бүлгийн төлөөлөл. Намыг төрийн дээр тавих алхам гүнзгийрч байна.

Одоогийн Үндсэн хуулиар Ерөнхий сайдын эрх мэдэл дутаагүй бөгөөд Үндсэн хуулынхаа нөөц боломжийг бүрэн ашиглаж чадахгүй явж ирлээ. 

Ерөнхий сайд хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө бүрэн хариуцна гэж одоогийн Үндсэн хуульд бий. Гэтэл хэрэгжүүлэх төсвийн эрхээ задлаад алдчихсан байна. Зөвхөн томилгоогоор асуудал шийдэгдэхгүй.

Ерөнхий сайд улс төрийн хүчийг төвлөрүүлэх гэж зүтгэх биш, харин эдийн засаг- ахуйгаа засаглах эрх мэдлээ бүрэн бүтэн болгоход анхаарч байж, энэ хоосон улс төржилт хямрал эцэслэнэ гэж ойлгож байна.

Үндсэн хуулийн төсөлд зайлшгүй ормоор асуудлууд бас орж ирээгүй. Нэгэнт орж ирээгүй тул энэ удаад ярих боломжгүй ч цаашдаа бид ярих л ёстой байх. Жишээлбэл, Иргэд сонгосон гишүүнээ эргүүлэн татдаг болъё гэдэг асуудлыг нийгэмд хурцаар тавьдаг ч орж ирсэнгүй. Төрийн сүлдийг өөрчлөх нь асуудал хөндөгдсөнгүй. Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцдэг Үндсэн хуулийн Цэцийн хяналтыг сайжруулах асуудал дорвитой яригдахгүй нь. Уг нь Цэцээр хянан шийдвэрлэх асуудлын цар хүрээг өргөжүүлснээр Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчигдөж байгаа эсэхийг хянах боломжийг нээх юм. Цэцийн эрх хэмжээг тэлснээр Үндсэн хуульд заасан иргэдийн үндсэн эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг нь сэргээн эдлүүлэх боломжийг нээж, Цэц өөрөө Үндсэн хуулийн шүүхийн сонгодог хувилбарт дөхөх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үндсэн хуулийг илүү хэрэгжүүлдэг болох, иргэнд илүү ойртох талаас ач холбогдолтой болов уу.

С.Заяадэлгэр

2019.07.01.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.