АН-гүй Үндсэн хуулийн өөрчлөлт улам цааш өнхөрч эхэллээ...

Twitter Print
2019 оны 07-р сар 01-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Дөнгөж саяхан төрийн ордны “А” танхим буюу “Их эзэн Чингис хаан танхим”-д 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ж.Батзандан, Л.Болд нарыг намаасаа хөөснөөр УИХ дахь хүч нь дэндүү суларч, долоохон гишүүнтэй үлдсэнээр бүлэггүй болсон АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өөрийн үнэнч “Баруун гар” Б.Пүрэвдорж болон өнгөрсөн сарын 13-наас тус бүлэгт  нэгдсэн О.Баасанхүүтэй хамт мэдээлэл хийсэн юм. Тэгэхдээ гол нь өнөөдрийн эрх баригч МАН-ынхан 64 гишүүнээрээ хүч түрэн Монгол Улсын “Эцэг хууль” болох Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлж байгааг эсэргүүцэж байгаагаа л зарлацгаав. Хэдийгээр “Эцэг хууль”-д гар хүрэх эрх нь УИХ-д суудалтай нам бүлгүүдийн харилцан сайтар ярилцаж, ард иргэдийнхээ санаа бодлыг дээд зэргээр тусган байж хэрэгжүүлэх шаардлагатай, Монгол Улсын “Амин чухал” хуулийн нэмэлт өөрчлөлт боловч нэгэнт УИХ-д долоохон гишүүнтэй үлдэж, “Найман гишүүнээр бүлэг байгуулах боломж нээгдэнэ” гэсэн УИХ-ын тухай хуулийн заалтаар бүлэггүй болж, ямар ч хүч тэнхээгүй болсон АН-ын тухайд эрх баригч МАН-ын 64 бүлгийн эсрэг яагаад ч тэмцэх чадалгүй болсон тул хий дэмий л эсэргүүцлийн мэдээлэл хийх л ажилтай үлдсэнээ дахин нотлов.

Тухайлбал АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Энэ удаа эрх баригч МАН-ын 64-ийн бүлэг Үндсэн хуульд хүч түрэн гар хүрч, өөрсдийн эрх ашгийг улайран хамгаалсан нэмэлт өөрчлөлт хийх гэж байна. Тийм ч болохоор өнөөдрөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх хоёр дахь хэлэлцүүлгийг яаравчлан хийж эхэллээ. Бидний зүгээс эсэргүүцлээ илэрхийлж энэ хэлэлцүүлэгт оролцохгүй байхаар шийдсэн. Тэгээд ч бид хөдөө орон нутгуудаар явж ард иргэдтэйгээ уулзахад иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулахаар эрх баригчдын улайрч байгаа энэхүү нэмэлт өөрчлөлтүүдийн талаар ямар ч анхан шатны мэдэгдэхүүнгүй байгаа нь тодорхой байна лээ. УИХ дахь сөрөг хүчний хувьд АН-ын гишүүд Үндсэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэгт оролцоогүй. Бид иргэдийнхээ санал бодлыг сонсох байр суурьтай байгаа. Сая биднийг хөдөө орон нутгуудад ажиллах явцад Үндсэн хуулинд оруулахаар эрх баригчдын улайраад байгаа нэмэлт өөрчлөлтүүдийн талаар ард иргэд ямар ч мэдээлэлгүй байгаа тул уулзалтад оролцохгүй байна лээ. Үүнээс гадна манай ард иргэд ямар ч ёс зүйгүй, ихэнх нь ЖДҮХС-г хоосолж, баахан зээл авчихсан өнөөдрийн эрх баригчдаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг батлуулах ёсгүй гэсэн байр суурьтай байна.  Тэгээд ч өнөөдөр АН-ын зөвлөл хуралдаж УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хэлэлцүүлгийг хойшлуулж, иргэдээ мэдээлэлжүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. Хамгийн гол нь ирэх 10 дугаар сард болох ард нийтийн санал асуулгад ач холбогдол өгөх ёстой юм” гэсэн. Харин түүний дараа УИХ дахь АН-ын зөвлөлд өөрийн бодлоор нэгдсэн О.Баасанхүү гишүүн “Монгол Улсын Үндсэн хуульд өнөөдрийн ийм дэглэм журамгүй, ямар ч хууль эрх зүйн чадамжгүй парламент нэмэлт өөрчлөлт оруулах эрх байхгүй. Хэрвээ УИХ дахь МАН-ын 64-ийн бүлэг хүч түрэн Эцэг хуульд гар хүрвэл тэр нь МАН-ыг л хамгаалсан Үндсэн хууль болчихно. Сая намайг өөрийнхөө сонгогдсон тойрог болох Эрдэнэт хотын ард иргэдтэй уулзаж явахад Үндсэн хуульд оруулах тэдний санал бодлыг нь огтхон ч тусгаагүй гэж байсан. Ард иргэдийн зүгээс "давхар дээл"-ийг байхгүй болгохоор олн санал гаргасан ч тэр нь ерөөсөө тусгагдаагүй байна гэсэн. Энэ парламентын эрх баригчид 65 байснаа нэг нь хүчингийн хэрэгт холбогдож, 64-үүлээ болчихсон. Гэтэл тэдгээр 64 гишүүнээс 49 нь ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон буюу төрөөс хумсалсан этгээдүүд гэдгийг манай иргэд маш сайн мэдэж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгуулахаар манай ард иргэдийн явуулсан  саналууд нь ороогүй, батлах гэж байгаа хүмүүсийн ихэнх нь ямар ч ёсзүйгүй, хуулийг уландаа дэвсэлсэн хүмүүс байгааг иргэд сонгогчдыни олонхи нь эсэргүүцэж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлнэ лээ.

Тэгвэл Д.Эрдэнэбат даргын “Баруун гар” Б.Пүрэвдорж гишүүн “Манай Ховд аймгийн сонгогч иргэдийн олонхи нь энэ УИХ бол хууль бус парламент гэж үзэж байгаагаа шулуухан мэдэгдэж байсан. Бидний мэдээлэл хийж байгаа энэ өдөр бол 2008 оны яг энэ өдөр МАН-ынхан Монголын таван сайхан залууг “Нохой шиг буудаж алсан” гунигт өдөр юм. Гэтэл яг энэ гунигт өдөр өнөөдрийн эрх баригч МАН-ын 64-ийн бүлэг Үндсэн хуульд оруулахаар улайрч байгаа нэмэлт өөрчлөлтийнхөө хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Уг нь Монголын төрийн албанд маш өндөр шалгуур тогтоож, төрийн албаны албан хаагчдыг өндөр шалгуурын дагуу тэдгээр албанд оруулах, томилох ёстой юм. Гэтэл өнөөдрийн эрх баригч МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар улайрч байгаагийн гол утга учир нь ажилдаа хариуцлагагүй хандсан, авлига хээл хахуульд холбогдсон, төрийн мөнгийг хамтран хулгайлж завшсан этгээдүүдийн төрийн албанд дархлагдах хугацааг 12 жил болгохоор улайрч байгаа нь Монгол төрийн дархлааг үгүй хийж, ёсзүйгүй этгээдүүдийг төрийн албанаас хөөж гаргах хаалгыг нь хүчлэн хаахаар улайрч байгаа хамгийн ёсзүйгүй үйлдэл мөн юм” гэж байв.

Ямартай ч тэднийг ийнхүү эсэргүүцлийн мэдээллээ хийж байх хойгуур төрийн ордны “Б” танхимд эрх баригч МАН-ын УИХ дахь 64-ийн бүлэг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийнхөө хоёр дахь хэлэлцүүлгийг яаралтай хэлэлцэж эхлээд байсан ч сэтгүүлчдийн хөлийг хорьж, тэр зүг рүү хандуулахгүй байлаа.  

Мэдээж дөрвөн ч парламент дамжин яригдсаар өнөөдрийг хүрээд байгаа Үндсэн хуульд зайлшгүй оруулмаар нэмэлт өөрчлөлтүүд байгаатай хэн хүнгүй санал нэгдэж л байгаа. Гэхдээ өнөөдрийн эрх баригчид ёс зүйгүй авирладаг Дээд шүүхийн шүүгч нарыг 12 жилийн хугацаагаар сонгодог болохоор улайраад байгаагийн цаана ямар алдаа завхрал нуугдаж байгаа зэргийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, хамгийн олон удаа УИХ-д сууж байгаа Д.Лүндээжанцан гишүүн ч олигтой тайлбарлахгүйгээр өнөөдрийг хүрсэн гээд ярих зүйл маш их байгаа нь ч тодорхой билээ. За ямартай ч “Эцэг хууль” болох Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтүүд сөрөг хүчин АН-гүйгээр улам цаашаа яваад эхэлчихлээ дээ...     

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.