299 барилгад хяналт, шалгалт хийхэд 896 зөрчил илэрчээ

Twitter Print
2019 оны 06-р сар 28-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг 2018 онд 2017 онтой харьцуулахад 21.3 хувиар өссөнтэй холбоотой цагдаагийн байгууллагаас НМХГ-тайхамтран энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчилах зорилгоор 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаатай "Аюулгүй ажлын байр" арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулжээ.

Арга хэмжээний үеэр нийт 299 барилгад хяналт, шалгалт хийхэд давхардсан тоогоор 896 зөрчил илэрсэн байна. Үүнээс 298 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 264 зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан мэдэгдэл өгчээ. Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээргүй гарсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйл болон 11.2 дахь зүйлд зааснаар иргэн, ААН-ийг 1,000-3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нийтдээ 364 зөрчилд 52 сая 450,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэрэг бүртгэх албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл "ЦЕГ, НМХГ-тай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад биечлэн шалгалт хийхдээ ААН, байгууллагуудад арга хэмжээ тооцохыг урьтал болгоогүй.

Хүн барилгаас унаж гэмтэх, барилга дээрээс юм унах, тоног төхөөрөмжид гар хуруугаа тасдахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгах зорилготой байсан. Барилгын компаниудад нийтлэг илэрч байгаа зөрчлийн тухайд хаалт хамгаалалтгүйгээс барилга дээрээс төмөр унах, барилгын гадна талд аюулгүй ажиллагааны самбар байрлуулаагүй, барилга руу гарах шатны бэхэлгээ хийгээгүй, ажилчдаа ажлын хувцсаар хангадаггүй нь илэрсэн.

Эдгээр зөрчлөөс болж барилга дээрээс хүн унаж амь насаа алдах, гэмтэх, тогонд цохиулах хэргүүд ихээр гарч байна. Мөн барилгын үйл ажиллагаа явуулдаг удирдлагууд болон ажилчдын хайхрамжгүй байдлаас болж осол, хэрэг гардаг. Иймээс урьдчилан сэргийлж хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжоо дагах, анхаарал болгоомжтой байх, ХАБ-ын дүрэм журмыг өдөр тутмын ажилдаа мөрдөж хэвшихийг цагдаагийн байгууллагаас уриалж байна" гэлээ. 

Цаашид барилгын компаниудад хяналт шалгалт тогтмол хийж байх тухайгаа холбогдох байгууллагаас мэдэгдлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.