Нийт үсчин гоо сайхны газруудын 61,9 хувь нь багаж хэрэгслээ зориулалтын уусмалаар халдваргүйжүүлдэггүй

Twitter Print
2019 оны 06-р сар 27-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үсчин гоо сайхны үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, албан байгууллагуудад ээлжит хяналт шалгалтыг хийж, зөрчил дутагдлыг арилган арга хэмжээ авсан талаар тайланг өнөөдөр танилцууллаа.

Одоогийн байдлаар нийслэлд нийт 280 үсчин, 360 гоо сайхны газар бүртгэгдсэн байна. Үүнээс 15 үсчний газрыг шалгасан ба дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн гэв.

  • “Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг газрууд худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг газарт байрлах ёстой. Гэтэл зөрчил гаргасан нийт байгууллагын 80 хувь нь орон сууцны нэг давхрын айлын дотоод хийцийг өөрчлөөд, түрээсийн үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Энэ нь эрүүл ахуйн агааржуулалт, гэрэлтүүлгийн дэглэмийг зөрчсөн” гэж мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэл хэллээ.    

  • Шалгалтад хамрагдсан 5 гоо сайхны газар буюу 33,3  хувь нь үйлчилгээнд хэрэглэдэг гоо сайхны багажаа угаасны дараа халдваргүйжүүлдэггүй. Харин нийт үсчин гоо сайхны газруудын 61,9 хувь нь багаж хэрэгслээ зориулалтын уусмалаар халдваргүйжүүлээгүй. Энэ нь тус байгууллагаар үйлчлүүлж байгаа хэрэглэгчдэд харшил үүсгэх эрсдэлтэй.

  • Гоо сайхны газрын өдөр тутмын болон их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй зөрчлийг шалгалтад хамрагдсан нийт газрын 26,6 нь эзэлжээ.

  • Мэргэжлийн үнэмлэх, ур чадваргүй байгаа нь хэрэглэгчдэд хүссэн үйлчилгээг нь олгохгүй байх асуудал байна. Үүнийг мэргэжлийн сургалтын төвийн чанартай холбон тайлбарлаж болох талаар байцаагчид дурдсан юм. 

Хурлын үеэр, “Зөрчил гаргасан байгууллагуудад албан даалгавар, хялбаршуулсан торгууль зэрэг арга хэмжээг авахаас гадна стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй байгууллагыг түр хугацаагаар болон бүр мөсөн хаах, мөн цаашдаа энэ төрлийн байгууллагуудад тавигдах шаардлагаа ихэсгэх хэрэгтэй” гэх саналыг мэргэжлийн хяналтын газрын байцаагчид гаргасан юм.

Шалгалтын үр дүнд Налайх дүүрэгт тус чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг иргэн Н-ийн үсчний газрын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, 20 иргэнд шийтгэлийн арга хэмжээ тооцсон байна.

Шалгалтад Ч.Сүхбаатар, Энххүрэл, О.Наранзул, Б.Цэрэнчимэд, Л.Навчаа, Долмаа, Буянт Налайх ХХК, Эко бьюти ХХК, Энх-Оюу сайхан ХХК, Хүмүүнгуа ХХК, Цэнгэл сор ХХК, Эрдэнэбулган ХХК, Эвэргүүд ХХК, Б.Мөнхбаатар, Грейтматрикс ХХК, Сэтгэмж салон, Ачлал салон, Нью фасе салон, Каштан ХХК, Цэрмаа, Матилда гэсэн 21 үсчний газар, Ж.Батцэцэг, Wella салон, Lotus салон, Seraz салон, Оюу салон, Цагаан –Уул ХХК, Шинэтуяа, О.Нандинбаяр, Цэнхэр хуар ХХК, Алтангарьд ХХК, МЧБС ХХК, Хан-Импламент ХХК, Индашка ХХК, Бьюти коллаген Монгол ХХК, Эммаспейшилти ХХК-иудын 15 гоо сайхны газар хамрагдсан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.