АТГ-аас Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон гэлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 27-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг Авлигатай тэмцэх газраас шалгасны эцэст түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж буй талаар  мэдээлэв.

Анх түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд прокурорын тушаалаар тус алба болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид оролцсон хамтарсан ажлын хэсэг гаргасан.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн ийнхүү шалгаж эхэлсэн билээ. Албан бус мэдээллээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг санхүүжүүлсэн олон төсөл, арга хэмжээний үр дүн, дөрвөн их наяд шахам төгрөг хэвлэсэн зэрэг үйлдлийг шалгаж буй. Мөн Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад Монголбанк хяналт тавьж ажиллах ёстой ч үүргээ биелүүлээгүйгээс чанаргүй зээл их хэмжээгээр олгож, тендергүйгээр ажил гүйцэтгүүлсэн, дээрх бондуудын хөрөнгө гадаадаас ам.доллароор орж ирэхэд төгрөгт шилжүүлж дундаас нь шамшигдуулсан байх магадлалтай гэж сэжиглэж буй. 

Энэ оны 3-р сард АТГ-аас Н.Золжаргалд холбогдох гурван багц хэргийг шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн. Ингэхдээ тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, эрхэлсэн комиссар Ч.Жаргалбаатар “Н.Золжаргал холбоотой гурван багц асуудлыг шалгаж байна. Нэгдүгээрт, банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар хэлэлцэж байгаа. Хоёрдугаарт, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан асуудал бий. 

Гуравдугаарт, хэлцэлтэй холбоотой асуудал. Ийм гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Хэргийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн мэдээлж байсан билээ.

Үүнээс гадна АТГ-аас Оюутолгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон юм байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.