"Уяхан замба тивийн наран"-г уламжлалт ая эгшиг, хөг дангаар нь шуранхайлуулахсан...

Twitter Print
2019 оны 06-р сар 27-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Төв Азийн нүүдэлчин түмний хосгүй баян өв уламжлал, түүх соёлтой Монголчуудад үндэсний гайхамшигтай өв соёл, урлаг нь уламжлагдсаар үлдсэн түүхтэй. Урлаг соёлын 2000 жилийн энэхүү хязгааргүй баян тансаг уламжлалын нэг нь яах аргагүй Монгол ардын уртын дуу билээ. Нүүдэлчин түмний амьдралын хэв заншил, соёл урлагийн цогц дээжээс салбарлаж үлдсэн Монгол ардын уртын дуу нь Уяхан замба тивийн нараар зүг бүртээ цацран дэлгэрч, мянган жилийн түүх шастирт ч хумигдаж гээгдэлгүй эгшиглэсээр өнөөдрийн бидэнд уламжлагдаж ирсэн он цагийн гайхамшигтай дуртмал түүх билээ. Тэгээд ч Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч  Н.Багабанди  2004 оны есдүгээр сарын 01-ний өдөр гаргасан 134 дүгээр зарлигтаа “Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх тухай” Монгол төрийн хууль зарлигийг тунхагласан байдаг.

Ерөнхийлөгч асан Н.Багабандийн тэрхүү зарлигийг бүрэн эхээр нь танилцуулвал:

"УРТЫН ДУУГАА ӨВЛӨН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТУХАЙ

Монголын ардын уртын дуу бол монгол үндэстний буурал түүх, малчин ахуй, амьдралын гүнээс өөрөө урган гарч, монгол нутгийн байгалийн үзэсгэлэн, монгол хүний уужуу тайван сэтгэлийн зохилдлого, нүүдэлчдийн аж төрөхүй, зан заншлын өвөрмөц уянга болон төгөлдөржиж, цараа тавиун хөг аялгуу, төв эрхэмсэг намба, уран гоё нугалаа, баян чимэг бүхий шуранхай, хөг эгшгийн өвөрмөц онцлогтойн хувьд аливаа ард түиний дуунд үл давдагдах ховор шинж агуулсан ардын дууны урлагийн хосгүй уламжлалт сонгодог өв мөн.

Монгол соёл иргэншлийн онцгой ололт,агуулга, хэлбэр, ая хөг, үг хэллэг, aйзам хэм төгөлдрийн хувьд монгол соёлын өвөрмөц ололт болсон уртын дууны баян өв санг хадгалах, төрийн хамгаалалтад байлгах, дээдлэн дэлгэрүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэд иргэдээс удаа дараа гаргасан санал хүсэлтийг дэмжин Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэхь заалтын 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

1.Монгол ардын уртын дууг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх, дуулах эрдэмд сургаж, бүх нийтээр үндэсний бахархалын зэрэглэлээр дээдлэн дэлгэрүүлж, монгол үндэстэн, монгол хүний нэрийн хуудас, төр ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болгох өргөн олны хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, аймаг,нийслэлийн, төрийн болон төрийн бус байгууллга, соёл урлагийн ажилтан, зүтгэлтэн, эцэг эх, багш нарт уриалсугай.

2.Уртын дууг сурвалжлан олох, сурган эзэмшүүлэх, судлан шинжлэх, сурталчлан даяаршуулах цогц асуудлыг тусгасан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг засгийн газарт чиглэл болгосугай.

Зарлиг буулгасан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди" хэмээсэн байдаг.

Ерөнхийлөгч асан Н.Баганбанди 14 жилийн өмнө сүрхий ухаан гаргаж энэ цаг үед Монгол ардын уртын дууны уламжлалт дуулах арга барил, ая дан, нугалаа шуранхай зэрэг нь багагүй өөрчлөгдөж, 2000 жилийн түүхтэй энэ агуу урлагийн уламжлагдаж ирсэн хэв шинж нь ихээхэн алдагдаж байгаад анхаарлаа хандуулж, нүүдэлчин түмний 2000 жилийн амьдралын түүхийг хадгалсаар ирсэн энэ том соёлыг тэр хэвээр нь хойч үедээ хадгалан үлдээхийн төлөө төр засгийн зүгээс анхаарлаа хандуулж эхэлсний нотолгоо гэж ойлгож болох юм.

Ер нь Монгол ардын уртын дуу хэмээх энэ гайхамшигтай урлагийн үүсэл хөгжлийн талаар бяцхан түүх сөхвөл  Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров “2000-аад жилийн өмнө Монгол нутагт хүчирхэгжсэн Хүннү гүрний хаан Модун Шаньютай холбоотойгоор уртын дуу үүссэн тухай домог хятад сурвалжид бичигдсэн гэдэг.  

Энэ нь уртын дууны хамгийн эртний баримт гэж үзэж болно. Тэнд өгүүлснээр бол “Хүннүгийн Модун хаан хоёр үзэсгэлэнтэй охинтой байжээ. Охидоо нөхөрт гаргахаар шийдэж өндөр цайз босгон түүндээ охидоо суулган хэн ирж тэднийг эхнэр болгон авахыг хүлээхээр шийджээ. Удалгүй шөнө бүр нэгэн чоно ирж цайзны дор суун улих болж. Бага охин нь: “Энэ магад тэнгэрийн таалал биз. Би буулаа” гэхэд эгч нь айж хориглосон боловч бага охин чоно руу очжээ. Тэгээд тэр хоёр ханилан сууж монгол угсаатан буй болсон аж. Тэгээд ч Монгол угсаатнууд чоно мэт дуулалдах нь түүнээс болжээ” хэмээн өгүүлдэг гэх юм билээ гэсэн нь бий.

Тэгвэл өнөөдөр уламжлалт дуулах арга барил, ая эгшиг, нугалаа, шуранхай дан нь он цагийн эрхээр уламжлалт хэв шинжээсээ ихээхэн өөрчлөгдөж, сүүлийн үед гарч ирсэн цөөхөн уртын дуучид ч Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайн дуулж, даян дэлхийд тамгалж үлдээсэн “Уяхан замба тивийн наран” шиг дуулсан нь нэгээхэн ч байхгүй билээ. Ер нь Монгол ардын уртын дуу бол монгол үндэстний түүх, ахуй, амьдралын гүнээс урган гарч, монгол нутгийн байгалийн үзэсгэлэн, монгол хүний уужуу тайван сэтгэл, нүүдэлчдийн аж төрөх ёс, зан заншлаар улам боловсронгуй болсон, тавиун хөг аялгуу, эрхэмсэг намба, уран гоё нугалаа, баян чимэг бүхий шуранхай, хөг эгшгийн өвөрмөц онцлогтой ардын дууны урлагийн хосгүй уламжлалт сонгодог өв юм.

Related image

Тэгээд ч алдарт уртын дууч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуай Монгол ардын уртын дууг “Дэлхийн урлагийн яндашгүй нэгэн дээж баялаг” болгон тунхаглаж, Япон болон Европ дахинд эгшиглүүлж, тэднийг ёстой л магнайг нь тэнийтэл гайхшруулж, “Энэ Монгол ардын уртын дуунд ямархан ид шид, гайхамшигтай эгшиг аялгуу, хөг намба нуугдана вэ. Монголчууд ардын уртын дуугаа дуулахаараа л энэ ертөнцөөс тасран одож, тэнгэр огторгуйд гарцгаах юм” хэмээн гайхан дуу алдацгааж байсан гэдэг. Н.Норовбанзад гуай Японы Фукуокогийн “Азийн соёлын шагнал” хүртэх үеэрээ алдарт “Уяхан замба тивийн наран” дуугаа дуулахад нэгэн урлаг судлаач нь “Энэ хүн тэнгэр огторгуйд гараад явчихлаа. Тэгээд ая эгшиг нь дэлхий даяар тархан нисэж яваад одоо л доошлон бууж ирлээ дээ” гэсэн гэдэг. Ийм л гайхалтай ая эгшиг, хөг намба, нугалаа шуранхайгаас бүрддэг Монгол ардын уртын дуу хэмээх энэхүү гайхамшигтай урлаг нь яах аргагүй дэлхийн ард түмнүүдийн урлагийн цөөхөн үнэт өвийн нэг гэдгийг нь мэдэрсэн болохоор 2003 онд ЮНЕСКО-гоос “Монгол Уртын дуу нь Хүн төрөлхтний аман ба биет бус өвийн шилдэг дээж”-д тунхаглаж, 2008 онд Соѐлын биет бус өвийн “Хүн төрөлхтний төлөөний жагсаалт”-д бүртгэсэн билээ.

Өнөөдрийг хүртэл Монгол ардын уртын дууны ноён оргилууд болж бидэнд уламжлагдан ирсэн “Өвгөн шувуу хоёр”, “Дуртмал хонгор”, “Алтан богдын шил”, “Урьхан хонгор салхи”, “Зээргэнтийн шил”, “Хүрэн толгойн шүүдэр”, “Сэрүүн сайхан хангай” “Уяхан замба тивийн наран” зэрэг хоолойн чадал, ая дан, нугалаас шуранхайн гайхамшигийг шалгасан дуунуудаас Ардын жүжигчин Н.Норовбанзад гуай шиг эгшиглүүлж, даян дэлхийд Монгол ардын уртын дууг мөнхөлсөн дуучин бараг л төрөн гарсангүй.

Гэхдээ МУГЖ уртын дууч Г.Хонгорзул АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”-ын тайзан дээр “Уяхан замба тивийн наран”-г эгшиглүүлж, мөн хөл бөмбөгийн ДАШТ-ний нээлтийн үеэр “Бор борын бялзуухай”-г дуулсаныг энд дурдахгүй бол болохгүй болов уу. Сүүлийн үеийн дуучид хамгийн гол нь Монгол ардын уртын дууны уламжлалт ая эгшиг, хөг дан, нугалаа шуранхайг уламжлагдаж ирсэн хэлбэрээр нь сурч эзэмшиж чадахгүй байгаа нь Монгол ардын уртын дуугаа бүр дотор нь орж судалж мэдэх, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуай шиг “Уяхан замба тивийн наран”-аар амьсгалж, сэтгэж чадахгүй байгаатай нь л холбоотой юм. Ер нь энэ цаг үед төрөн гарч байгаа дуучдын ихэнх нь Монгол ардын уртын дууны уламжлалт ая эгшиг, нугалаа шуранхайг өөрсдийн хоолойн чадал, өнгө тембрт тааруулан өөрчлөн дуулсаар ирсэн нь 2000-аад жилийн их түүхийг туулсан Монгол ардын уртын дууны уламжлалт хэлбэр, ая эгшиг, нүүдэлчин түмний амьдралаас үүдсэн нугалаас, шуранхайгаасаа салж хагацах, ардын уртын дуу биш  болох гол эмзэглэл нь болж байна.

За яах вэ, сүүлийн үеийн уртын дуучдаас Морин хуурын чуулгын гоцлол дуучин, МУГЖ Б.Мөнхбаатар л Монгол ардын уртын дууг яг тэр уламжлалт хэлбэр ая эгшиг, шуранхайгаар нь дуулах гэж нэлээн гайгүй оролдож багагүй амжилт олж байгаа санагддаг. Мөн МУГЖ С.Цогтсайхан, гэр бүлийн хос дуучид болох МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар ч энэ тал дээр боломжийн судалгаа хийж, дуулах арга хэлбэрээ ч чамбайруулж яваа юм билээ. Гэхдээ л 2000-аад жилийн агуу их түүх уламжлалтай Монгол ардын уртын дууг Н.Норовбанзад гуайн эгшиглүүлж, дэлхийн ардын урлагийн гайхамшигт өв санд мөнхөлсөн “Уяхан замба тивийн наран”-г энэ цаг үед дахин тэр л ая эгшиг, нугалаа шуранхайгаар нь эгшиглүүлж чадах уртын дууч төрөхгүй байгаа нь “Үндэсний урлаг хаашаа явж байна” гэдгийг хаа хаанаа нягтлан шалгах, ирээдүй хойчоо одооноос л дэс дараатай бэлтгэх шаардлагатай болсоны гунигтайхан нотолгоо мөн юм.

Нөгөө талаар энэ тухайд дэлгэрүүлэн бичиж байгаагийн бас нэгэн утга санаа нь Монгол Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёл, язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийллийг шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр урлагтай холбосон" LEGEND энтертайнмэнт" буюу "Домог амилна"  нэртэй шоу тоглолт 2019 оны долоодугаар сарын 7-12-ны өдрүүдийн 19:00 цагаас “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд болох гэж байгаатай холбоотой гэж ойлгож болно. Учир нь тэр тоглолтод яг өнөөдрийн байдлаар Монгол ардын уртын дууг уламжлалт хэв шинж, ая дан, нугалаас шуранхайг нь хэвээр хадгалан дуулахаар ихээхэн чармайж яваа МУГЖ Б.Мөнхбаатар болон гэр бүлийн хос дуучид болох Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан нар оролцохоор болсонд энэхүү нийтлэлийнхээ зорилгыг тодорхойлон гаргах шалтгаан болж байгаа юм. За тэгээд Монгол ардын уртын дууг уламжлалт хэв шинж, нугалаас шуранхайгаар нь дуулж сурахаар хичээн суралцаж яваа Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын зэрэг залуу уртын дуучид, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны балетын жүжигчин, ХЦДБЭЧ-ийн бүжигчид, “Enkhe boys” циркийн нугараач ба акробатчид арын албаны гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцоно гэж байна лээ.

Дашрамд дуулгахад уг тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын элч Н.Наранбаатар, хөгжмийн продюсерээр Улсын Филармонийн Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, СТА Д.Түвшинсайхан нар ажиллаж байгаа бөгөөд эртний домогт мөнхөрсөн үнэнч сэтгэл, ариун хайрын түүхийг урлагийн олон төрлөөр илэрхийлэн тайзнаа толилуулахаар бэлтгэж байгаа тул Монгол ардын уртын дуу нэлээн голлох үүрэгтэй эгшиглэх болов уу. 

Мөн Монгол үндэсний урлагаа зуны дэлгэр цагт олноороо хүрэлцэн ирдэг гадны жуулчдад голлон сонирхуулах зорилготой энэхүү төслийн багийн ерөнхий продюсероор Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн “Art couture”, Бүжиг дэглээч С.Алтансэлэм, Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг зэрэг олон уран бүтээлч ажиллаж байгаа гэсэн. Эцэст нь тэмдэглэхэд эдгээр олон уран бүтээлчид ч хамтын энэхүү төслийнхөө арга хэмжээний үеэрээ Монгол ардын уртын дууг яг л уламжлалт арга хэлбэр, ая эгшиг, нугалаа шуранхайтай нь гадна дотны үзэгчдэд өргөн барихад ихээхэн анхаарал хандуулан ажиллаасай гэсэндээ энүүхнийг  тэрлэв. Анхаарч болгооно уу хэмээлээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.