“Аргалд явж дэлхийд түрүүлсэн нь” /Аяллын товч сэтгэгдэл/

Twitter Print
2019 оны 06-р сар 26-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Эзгүй нутагт өнчин гэр, бараг хүнгүй шахам онгон байгаль дундах нүүдэлчний өвөрмөц ахуйд үйл явдал өрнөнө.

Монголыг дэлхийд ойлгуулах нэг чухал зүйл бол зурагт ном юм гэдгийг нотолсон бүтээл энд байна. “Бумбардай”. Энэ цуврал комик (зурагт) номын анхны дэвтэр нь “Аргалд явсан нь” нэртэй. Ээждээ туслах гэж тэмцсэн өхөөрдөм хүүгийн түүх. Сорилт, аз жаргалтай төгсгөл.

Монгол хүүхдүүд аль хэдийн дуртай болсон Бумбардайн энэ түүхийг Токиод олон улсын шүүгчид анх үзүүтээ гайхжээ. Зарим нь уярч, сэтгэл татам энэ номонд дээд шагнал олгуулахын төлөө бусдыгаа шаргуу ятгахад ч бэлэн байсан гэдэг. Гэвч, азаар 30 шүүгч бараг бүгдээрээ нэгэн дуугаар дэмжиж Бумбардай-д олон улсын зурмал (манга) номын дээд шагналыг хүртээх болов. Манга-ийн хөгжилд шинэ, баялаг хүч өгсөн тул хамгийн өндөр үнэлгээг ийнхүү авлаа. Тэгэхэд санаандгүй явдал болсон юм. Засгийн газраасаа гуйж гувшиж олсон мөнгөөрөө зураач арайхийн амжиж хэвлүүлээд номоо уралдаанд илгээсэн байв. Олон улсын уралдааны жишигт тааруулах гэж хэт хичээгээгүй, өөрийн өнгө аясаар бүтээлээ туурвисан монгол зураач анхаарал татав. Зурмал номын хөгжлөөр тэргүүлдэг Япон, Америкийн хэв маягаас ч тэр бүтээл эрс өөр байлаа.

Image may contain: 1 person, sitting and indoorБумбардай номын зохиогч-зураач Н.Эрдэнэбаярын авсан энэ хүндтэй шагнал нь маш богино хугацаанд Монголын комик-чид цойлж эхэлсэнийг харуулсан төдийгүй Монголчууд хамтдаа шагнуулсан сайхан урам болов. Олон монгол хүүхэд энэ номноос төрөлх соёлоо мэдэрчээ.

Энэ ном яг л кино шиг бодит мэдрэмж өгдөг. Гал хөсгүй, хүйт даасан өнгө үргэлжилнэ. Гэвч итгэл найдвар, дулаан баялаг будалт, өхөөрдөм чанар гүнээс нь ургаж цонож байдаг. Чадварлаг гүйцэтгэл, зохиомжийн уран шийдэл нь анхаарал татна. Хүнд өнгө, өхөөрдөм байдлыг хослуулсон шинэлэг хэв маягтай комик байлаа.

Бумбардай хүү шөнийн харанхуйд гэрээсээ төөрч даарч туйлдсан ч түүнд нохой хань болж, бас ээжийнх нь хайр тусалсан юм. Аав нь алсад явсан ч бяцхан хүү амьдралдаа нэмэр болохыг хичээнэ. Аавыгаа үе үе санана. Хайрын уярам түүхийг аль ч орны үзэгчид, уншигчдад ялгалгүй хүргэж чадсан анхны Монгол ном бол энэ. Нүүдэлчний өвөрмөц ахуй, эдлэл, хувцас хунар нь гадаадынханд огт мэдэхгүй харь сонин санагдах хэдий ч хайр гэдэг түгээмэл сайхан ойлголтоор хүмүүс бүгдээрээ нэг юм гэдгийг энэ ном бидэнд дахин ойлгуулсан юм. Гадаадынхан ядаж л “аргал түлэх”, “араг савар” гэх мэт монголоос өөр хаана ч байхгүй соёлтой танилцаж “нүдээ нээсэн” ажээ. Энэ номоор бүтээсэн зурмал кино одоо Австрали, Тайланд зэрэг орны театруудад гарч байна. Дэлхийн хаа нэгтээ нүүдэлчний ийм дулаахан ертөнц оршиж байдгийг Бумбардай сануулж өглөө.

Манга шагналын зөвлөлөөс “Бумбардай бол дэлхийн хүүхдүүд уншвал зохих онцгой бүтээл тул түүнийг тусгайлан түгээвэл зохино” гэж үнэлсэн нь уг фестивалын түүхэнд анхны онцгой шийдвэр байв.

Алдаршсан энгийн номоор аяласнаа цухасхан тэмдэглэхэд ийм буюу.

Сэтгүүлч Г.Бадамсамбуу

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.