Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ П.И.Чайковскийн уралдаанд түрүүлсэн бол тун удахгүй дуучин Э.Анхбаяр...

Twitter Print
2019 оны 06-р сар 26-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

Гайхалтай чадварлаг, бүх талын авъяастай Монголчууд бас дахин даян дэлхийд нэрээ мандууллаа. Энэ талаар тодруулвал дэлхий нийтэд “Урлагийн олимп” гэгддэг Оросын агуу их хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн их наадмаас “Шилдэг концертместер” шагналыг Монголоос анх удаа Монголын Хөгжмийн дээд сургууль буюу Консерваторийн төгөлдөр хуурын багш Б.Бат-Эрдэнэ гардсан байна. Ингэснээрээ Монголын мэргэжлийн хөгжмийн урлаг, тэр дундаа төгөлдөр хуурчдын авъяас чадвар нь дэлхийн хэмжээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, “Урлагийн олимп”-ийн тавцанд ч тэргүүлж, “Гран при”-г нь хүртэх чадвартай болсоны нотолгоо боллоо.  

Б.Бат-Эрдэнэ багшийн хувьд Хөгжим бүжгийн коллеж төгсөөд Италийн Хөгжмийн дээд сургуулийн төгөлдөр хуурын ангийг төгсөж ирээд Хөгжмийн дээд сургууль буюу Консерватори болсон төрөлх сургуульдаа мэргэжлээрээ багшилж байгаа Монголын энэ цаг үеийн шилдэг төгөлдөр хуурчдын нэгэн юм. Тэрээр П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн урлагийн дээд түвшний энэ удаагийн уралдааны 3-р шатанд үлдээд байгаа Дуурийн театрын дуучин Э.Анхбаярын концертместер буюу төгөлдөр хуурчнаар нь оролцож байгаа бөгөөд ийнхүү “Шилдэг концертместер” шагналыг хоёр гардан авчээ. Харин П.И.Чайковскийн нэрэмжит энэ удаагийн уралдааны гоцлол дуучдын уралдааны гуравдугаар шатанд шалгаран үлдээд байсан дуучин Э.Анхбаярын хувьд дараагийн удаа ОХУ-ын Их театрын симпони найрал хөгжимтэй дуулахаар бэлтгэж байгаа юм билээ. ОХУ-ын үзэгчдийн өмнө, П.И.Чайковскийн нэрэмжит дэлхийн хэмжээний “Урлагийн олимп”-ийн “Шилдэг концертместер” буюу шилдэг төгөлдөр хуурчийн шагналыг хүртсэнээрээ Б.Бат-Эрдэнэ багш Монголын төгөлдөр хуурчдын энэ цагийн чадвар, мэргэжлийн өндөр түвшнийг нь дэлхий дахинд батлан харуулсан хэрэг юм. Ер нь ч “Монголын хөгжмийн урлаг, хөгжимчдийнх нь мэдлэг чадвар яах аргагүй дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчээ” хэмээн ОХУ, Европ даяар гайхан шагшрах үүд хаалгыг цэлийтэл нээлээ хэмээхэд ч хэтэрсэн үнэлэлт болохгүй нь тодорхой.

 

Энд нэг зүйлийг тэмдэглэхэд 2009 оны хавар Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан, агуу гүүш Б.Ринченгийн ач охин нэрт төгөлдөр хуурч Т.Цолмон багшийн гараас С.Саянцэцэг, Б.Анар, Ц.Энхтөр, Н.Нарантунгалаг  гээд дэлхийд ч нэрээ дуурсгах хэмжээний төгөлдөр хуурчид төрөн гарсан бол тэдний л үргэлжлэл болох Б.Бат-Эрдэнэ багш ийнхүү П.И.Чайковскийн уралдаанд тэргүүлж “Монголчууд өнгөрсөн 13-р зуунд яах аргагүй морин дэл дээр хийсэн явж дэлхийн талыг нэгэн их эмх цэгцэнд оруулж байсан бол өнөөдөр урлаг, спортын талбарт дэлхийд нэрээ дуурсгах агуу их авъяас чадвартай ард түмэн юм байна” гэсэн бахархлыг дэлхий нийтэд дахин төрүүллээ. Одоо тун удахгүй түүнтэй хамт П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн олимпийн гоцлол дуучдын төрөлд өрсөлдөж байгаа дуучин Э.Анхбаяр төрөлдөө түрүүлж “Гран при” ч авч болзошгүй. Тэгвэл Оросууд гайхан дуу алдацгааж, “Үгүй энэ Монголчууд манай П.И.Чайковскийн уралдааны Гран при шагналыг байнга түүгээд байх боллоо. Эд нарын энэ их авъяас чадвар ер нь хаанаас нь тодрон гарч, байнга л урагшлаад байдаг юм бол” хэмээн гайхацгаах нь ч ойлгомжтой юм. Ер нь ч дуучин Э.Анхбаяр энэ уралдааны гоцлол дуучдын төрөлд “Гран при” хүртэх нь тун ч ойртоод байгаа. Тэр талаар дэлгэрэнгүй танилцуулвал өчигдөр болсон П.И.Чайковскийн нэрэмжит дэлхийн хэмжээний 16 дугаар уралдааны эцсийн шалгаруулалтад МУСТА Э.Анхбаяр тунаж үлдээд байгаа юм.    

Дуучин Э.Анхбаярын дуулах эрдмийн багш нь Монгол Улсын ардын жүжигчин Б.Жавзандулам бөгөөд Э.Анхбаяр ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын уралдааны хоёрдугаар байр, Улаан-Үд хотноо зохиогдсон ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховоин нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны "Лучший голос" уралдааны тэргүүн дээд  буюу Гран при шагналыг хүртэж байж. Мөн ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Казахстаны алдарт дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит уралдаан, Унгарын алдарт дуучин Эва Мартоны нэрэмжит уралдаануудад тус тус тэргүүн шагналыг хүртэж байжээ. Э.Анхбаяр Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дүрийн улсын уралдаанд Юндэнгийн дүрээрээ дэд байрын шагнал гардаж байсан бол тун удахгүй дэлхийн “Урлагийн олимп”-д түрүүлж, Гран приг нь гардаж ч магадгүй болоод байна.

Хэрвээ Э.Анхбаяр гоцлол дуучдын төрөлд түрүүлвэл Москвагийн тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлж ч болох юм. П.И.Чайковскийн нэрэмжит “Урлагийн олимп”-д Э.Анхбаяр түрүүлвэл тус тайзан дээр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэхгүй ч тэнд цугларсан ОХУ-ын үзэгчид болон цэнхэр дэлгэцээрээ тэрхүү уралдааныг үзэж суугаа дэлхийн бөмбөрцгийн урлагийн хорхойтнууд гайхан дуу алдацгаах нь тодорхой.

Энэ бүхний эцэст Москвагийн тэнгэр дор П.И.Чайковскийн нэрэмжит “Урлагийн олимп”-д тэргүүлсэн төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ багшид болон удахгүй дараагийнх нь “Гран при”-г гардаж ч магадгүй дуучин Э.Анхбаяр нартаа нийт Монголын ард түний нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, энэ том уралдаанд түрүүлсэн авъяастнууддаа Монгол төрийн наадмаас өмнө гавъяа шагналыг нь ч харамгүй олгоосой хэмээн эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулгад дамжуулахад буруудахгүй санагдана.

Их эзэн Чингисийн үр сад хөх толбот Монголчуудыг урлагийн бурхан мөнхөд ивээж, аз хийморийг нь ч үргэлжлүүлэн бадрааж явах болтугай...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.