
Зөөлөн зантай өвгөн найрагчтай уулзав. Монгол түмний хайртай яруу найрагч маань дал хол гарсан насандаа нүднийх нь харц ихэд зөөлөрч, явдал суудал нь аяс намуухан болжээ. Залуу халуун насандаа ёстой л галзуу арслангийн аманд гараа шургуулж явсан бэлэн цэцэн найрагч цагийн аясаар нас намба тогтож буурьтайхан хүүрнэх хэдий ч хорьж цагдаж болдоггүй онгод авьяас нь хэзээний л ундарч байх шиг санагдана.
“Нэг хэсэг түмэн шидийн өвчин ороогоод хэцүүдсэн шүү. Одоо бол мөд үхэхгүй ээ. Зуу наслаж хорвоогийн жаргал, зовлонг дуустал нь амтлахыг хүсч байна” хэмээх нь амьдралд хайртай л хүний амнаас гарах үг билээ.
-Сайхан хаваржиж байна уу, та? Одоо ч юу юугүй зуны найртай улиралтай золгох нь дээ?
-Сайхан хавар болж байна аа. Би ч хүний амьдрал тэр хаврынх нь тэнгэрээс шалтгаалдаг гэж мунхаг ухаандаа тунгааж явдаг хүн дээ. Дорно дахины ард түмнүүдэд морин жил ээлтэй л байдаг юм даа.
-Морин жил гэснээс танаас нэг юм асуулгүй болохгүй нь. Монголчууд Цагаан сараа хэдийд тэмдэглэх талаар “Шар зурхай, Төгсбуянтийн зурхай” гээд хоёр хуваагдчихаад маргалдаад байх болсон. Та ер нь аль зурхайг нь даган баримталдаг хүн бэ дээ?
-Уг нь хоёулаа л нарийн учир холбогдолтой зурхайнууд байгаа юм. Гэхдээ би арай илүү тооцоо, судалгаан дээр үндэслэгдсэн юм гэж үзээд Төгсбуянтийн зурхайг амьдралдаа мөрдөж явдаг хүн.
-Та энэ жил нас сүүдэр хэд хүрч байгаа вэ? Мэдээ ороход минь л шүлгээ уншаад явж байсан. Өнөөдөр ч шинэ ном, уран бүтээл гээд явж байна?
-Би 1941 оны Төмөр Могой жилийн Могой сарын Могой өдөр төрсөн хүн. Идэр залуудаа учир нь олддоггүй хурц түргэн, мурилзаж мушгирсан зантай явсан нь төрсөн жил, сар, өдөртэй минь холбоотой байж ч болох юм. Манайх нүүж явахад нь үхэр тэргэн дээр би мэндэлсэн гэдэг. Эцэг маань амьдралын хар ухаантай малчин, агент хүн байсан. Намайг аравдугаар анги төгсөхөд дөрвөлжин шугамтай дэвтэр дээр энэ бүхнийг бичиж өгч байлаа. Одоо тэгэхээр би 70 хол гараад явж байгаа хэрэг.
-Та ингэхэд аль нутгийн хүн бэ?
-Булган аймгийн Хишиг-Өндөр буюу хуучнаар Авзага сум, Хөшөөтийн голын уугуул хүн дээ би.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ. Өөртэй чинь адилхан бэлэн цэцэн ах дүү нар байгаа л байх даа?
-Уг нь цагийн сайханд долуулаа байлаа. Үрэгдэж, хорогдсоор гурвуулхнаа л торойгоод үлдлээ дээ, хөөрхий. Нэг эмч дүү минь байна. Ганц эгч маань Хишиг-Өндөр сумандаа хэдэн малтай ноцолдоод байж байгаа. Ийм л гурван хүн хорвоогийн тоос хөдөлгөөд явцгааж байна даа.
-Өнөөдөр та царай зүс сайхан, ануухан харагдаж байна шүү?
-Нэг үеэ бодвол хүн болчихоод явж байна. Ёстой л нэг долоон шидийн өвчинд ээрүүлсэн шүү. Элэгний цирроз, уушигны сүрьеэ, чихрийн шижин, цусны даралт гээд бараг л өвдөөгүй өвчин байхгүй. Цогт-Очир, Бямбаа гээд хоёр эмч дүү минь ёстой л өдөр шөнөгүй эмчилж сувилсаар эрлэгийн үүднээс буцаагаад босгоод ирсэн. Ер нь манай монголын эмч нар бол эрдэмтэй шүү. Хэд хэдэн удаа үхэлтэй нүүр тулж үзсэн хүний хувьд үүнийг бол сайн мэднэ.
-Хэл, хил, мал гурваа магтан дуулсан найрагч маань их амьдралынхаа хугацаанд нийт хэдэн боть ном гараас гаргав даа?
-Саяхан хамгийн сүүлд “Хасагдаж үрэгдээгүй зохиолууд, Хаягдавч дарагдаагүй тохиолууд” гээд гурван боть номоо гаргалаа. Уг нь сумын ойд зориулсан шинжтэй боловч утга зохиолын өргөн цар хүрээг хамруулсан бүтээл болсон. Ямар нэгэн ойд зориулсан ном гаргахаар ойн дараа тэр нь юу ч биш болчихдог. Би тэр зовлонг сайн мэддэгийн хувьд арай өөр талаас нь бичсэн. Улс амьтны ам гайгүй сайн байгааг бодоход хүмүүс уншиж л байгаа бололтой. Ер нь бол би роман, тууж, өгүүллэг, яруу найраг, замын тэмдэглэл, нийтлэл гээд нийтдээ 56 ном хэвлүүлсэн хүн. Гаргасан номынхоо тоогоор бол толгойн хэдэд л орох байх шүү.
-Ер нь нэг жилд нэг ном гаргаж байсан юм байна. Хамгийн анх ямар ном гаргасан бол, та санаж байна уу?
-Санахаар барах уу. Ер нь хаа очиж энэ муу Доржийн бөндгөр бол гайгүй ой тогтоолт сайтай шүү. Одоо л бага зэрэг муудах гээд байгаа юм. Их сургууль дөнгөж төгсөөд “Уулын модод” хэмээх яруу найргийн анхны түүврээ хэвлүүлж байлаа. Их сургуульд сурч байхдаа “Идэр оюуны ундраа” нэртэй сэтгүүл гаргаж байв. Ш.Гаадамба гуай эрхлэгч, би редактор, сэтгүүлч нь байсан. Тэр үеийн таван дээд сургуульд тараагддаг байв. Амьдралынхаа 50 жилийг сэтгүүлчийн ажилд, түүнээсээ 60-аад жилийг нь утга зохиолын ажилд л зориулж яваа хүн дээ ах нь. Дэлхийн хорь гаруй оронд урт богино хугацаатай аялан явж, ажиллаж бичиж байлаа. Миний бичдэг гол сэдэв бол ерөөсөө л малчин ардын амьдрал ахуй, хүн мал хоёрын уялдаа холбооны тухай л юм.
-60 жил утга зохиолын ажил хийсэн хүн гэхэд таныг номын багшгүй, тэр ч битгий хэл “Тэрслүү Дорж” гэх юм билээ. Яагаад ингэж нэрлэсэн юм бол?
-Миний өөрийн унаган зан характер л тийм юм. Хэнбугайг ч багш энэ тэр гэж дагаад навсагнан гүйж байсангүй. Өөрийнхөөрөө л яваад байсан. “Эр хүний мөрөн дээрх Элдвийг үзсэн толгой” гээд л өөрийнхөө хар толгойг чирээд явсан. Гэхдээ үлгэр жишээ авах, зохиол бүтээлийг шимтэн унших зохиолч, уран бүтээлчид байлгүй яах вэ. Жишээ нь би А.С.Пушкиний шүлгээс хэзээ ч уйдахгүй. Дээр Пушкиний шүлгүүдийг орчуулж “Яруу найргийн эгшиг зохицох ёс” нэртэйгээр 5,000 хувь хэвлүүлсэн. Одоо зарагдаж л байдаг байх. Нэг үеэ бодвол Монголчууд минь уншдаг болсон байна лээ. Пушкин бол үсэг баримтлаж бичдэг онцлогтой яруу найрагч. Б.Явуухулан бас адилхан. Жишээ нь “Хар ус нуурын шагшуурга Намрын салхинд исгэрнэ, Харахад нэг л уйтгартай Намс намс бөхөлзөнө” гэх мэт. Явуухулан гуай Горькийн Утга зохиолын дээд сургуулийг онц төгсөхдөө Пушкин, Шотландын их яруу найрагч Р.Бернс нараас их зүйл сурч мэдсэн нь ажиглагддаг юм.
-Та А.С.Пушкин, М.Ю.Лермонтов нарыг орчуулах хэмжээнд хүртэл хаана ингэж Орос хэл сурсан хүн бэ?
-Дунд сургуульд Орос хэл үздэг л байсан. Дараа нь их сургуульд жаахан судалсан. Гэхдээ Пушкинийг орчуулах хэмжээнд бол өөрөө л бие дааж сурсан. Номыг нь барьж толь бичигтэй харьцуулж хараад л суучихдаг байлаа. Евгений Онегинийг хаана ч явсан цээжээр уншдаг байсан нь Орос хэлний авиан зүй сайжрахад их чухал нөлөө үзүүлсэн. Нэг удаа ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисэгч В.Трешкова айлчлан ирж бид хэд улаан номертой хоёр машинд чихэж аваад Зуун мод хот руу явсан юм. Нисэхийн тэнд зогсож бүгдээрээ Орос ёсоор нэг нэг стакан архи уучихаад хөдөлтөл Трешкова Евгений Онегинийг уншиж эхэлсэн. Цээжээрээ уншсаар байгаад Төв аймгийн Зуун мод хотын хойд хөтөл дээр гарч ирэхэд гуравдугаар бадгийг нь дуусч байсан.Тэр үед би Трешкова гуайг ч, Евгений Онегинийг ч насандаа мартамгүйгээр шүтэн биширсэн юм даг. Тэгээд л тун ч удалгүй Евгений Онегинийг бүтнээр нь цээжилчихсэн. Одоо ч мартаагүй. За тэгээд, Гоголь, В.Шукшин гээд дуртай зохиолчдынхоо орчуулгын номыг Орос эхтэй нь тулгаж барьж суусаар байгаад л Орос хэлийг өөрийн болгосон доо.
-Та сая Ч.Чимид гуайг цухасхан дурьдаад авлаа. Эгэлгүй тэр эрхмийн талаар та юу мэдэх вэ?
-Уургын морь шиг дуун хөрвүүлэгч, Сарьдаг өндөр шиг жинхэнэ сайхан эр хүн байсан юм шүү дээ. Ч.Чимид гуай шиг сайхан эр хүн цөөхөн харагдах болж дээ. "Сарьдаг өндөр" нэрийг Ц.Гайтав гуай өгсөн юм. Ч.Чимид гуай болохоор “Миний өндөр нурууг Сарьдаг өндөртэй зүйрлэлээ” гэж бодоод явж. Харин Гайтав гуай болохоор “Цаадахыг чинь сарьдаг болохоор нь тэгсэн юм” хэмээн явуулдаг байсан юм.
Нэг хэсэг Чимид гуай архи дэндүү их уугаад гадуур дотуур тэнээд байж. Тэр үед “Утга зохиол” сонины эрхлэгч байсан С.Эрдэнэ гуай “Чимид минь, чи ингээд явж болохгүй. Чи ерөөсөө Цэвэлсүрэнтэй суу. Та хоёр яг тохирно” гэж хэлээд дагуулаад явж. Тэгээд Цэвэлсүрэн гуайнд очтол Ч.Чимид “Сул эрхтэнтэй, тал цалинтай, чиний талийгаач нөхрийн нэг номерийн дайсан яруу найрагч Ч.Чимид чамтай ханилан суухаар, Саарал шинелээс салдаггүй буурал Эрдэнээг дагуулаад ирлээ” гэж хэлж танилцаад гуравхан хоногийн дараа нэг гэрт орсон түүхтэй. Ард кино театрын дэргэд байсан тэдний гэрээр би байнга л орж гардаг байлаа. Ёстой нэг хараад баймаар сайхан хос байж билээ. Миний “Байтагт мөнхөрсөн арав” номыг Ч.Чимид гуай редакторласан юм. 20,000 хувь хэвлэгдсэн тэр номын минь талаар Ч.Чимид гуай маш сайхан магтаал хэлж байсанд одоо ч дотроо урамшиж л явдаг юм.
-Таныг Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн шарыг тайлж өгдөггүй, том толгойлдог байсан гэх юм билээ. Та айдаггүй байсан юм уу?
-Би Явуухулан гуайнд таван жил амьдарсан болохоор хамгийн сайн мэдэх хүний нэг. Хүмүүсийн боддог шиг архинд нэвтэрч донтсон хүн байгаагүй юм. Жинхэнэ утга уянга төгс шүлэг бичиж байгаад мухардахаараа гарч гүйгээд архи уучихдаг л хүн байсан юм. Нэг удаа өрөөнд нь ортол бичгийн машин дээрээ “Энхрий ялдам аашийг нь бодохоор Энгэр заамаар нь хааяа хармаар” гэж бичээд орхичихсон байсан. Тэр үед цааш нь яаж уянгалуулах мөр бадаг нь орж ирэхгүй болохоор л орхичихоод гарсан болов уу. Их дэлгүүрийн хажуугийн байр болохоор хааяа “Хүүе Дорж оо.Чи нэг Их дэлгүүр гүйгээд ирээч” гэж л байдаг. Би ч хаалгаа түгжчихээд гарч ирдэггүй байлаа. Жаахан тогшиж байснаа “Чёрт” гэчихээд л яваад өгдөг байсан даа, хөөрхий. 1982 онд эр хүний ид сайхан хийж бүтээдэг 53-хан насандаа бурхан болсон доо, зайлуул.
-Монголын зохиолчдоос таны хамгийн их хүндлэн биширдэг нь хэн бэ?
-Миний шүтээн бол Ц.Дамдинсүрэн гуай л байгаа юм. Социалист, капиталист хоёр системийн үзэл суртлын дайн дээд цэгтээ тулсан үед “Хамаг дэлхийн шудрага түмэнтэй Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж, Хатан зориг бүх чадлаараа Хайрт Монгол орноо мандуулъя” хэмээн бичиж зүрхэлсэн хүн шүү дээ. Хэлмэгдлийн хар шуурганд өртөж арван таван сар хоригдохдоо бүх шүдээ хэмх цохиулж байсан хүн. Цаазын ял сонсчихоод байхад нь Дотоод яамны Орос сургагч А.Пушкин, Лермонтов нарыг орчуулсныг нь мэдэж амийг нь аврахаар барахгүй, цагаатгаж байсан түүхтэй юм.
-Таны нэг үг байдаг. “Бусдын залуу нас ямрыг мэдэхгүй. Харин өөрийнхөө залуу насыг дэмий гэдгийг мэднэ” гэж. Залуу насаа тэгж сүрхий дэмий өнгөрүүлсэн хэрэг үү?
-Одоо эргээд бодож суухад залуу насандаа алдсан нь л их байдаг болохоос оносон зүйл тун бага байдаг юм. Дэлхийн бүх хэлийг ч сурах боломж байсан гэж бодогддог. Гол нь залуу сайхан насныхаа өдөр бүрийг хайрлаж, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй гэж залуусдаа сургаал болгох үүднээс хэлсэн юм. Би бол залуу насаа даанч үр дүнгүй өнгөрүүлсэн хүн. Тэрэндээ үнэн голоосоо харамсаж явдаг л хүн. Уран зохиол бол тэр аяараа үнэн бодит амьдралд тулгуурласан байх ёстой юм. Худлаа зүйл хумсын толионы чинээ ч байх учиргүй.
-Саяхан нэг зохиолчын яриаг уншиж байхад “Зохиолч яруу найрагчид гаднаас нь харахад олонтойгоо бужигнаж найз нөхөд ихтэй юм шиг харагддаг. Гэхдээ яг амьдрал дээр хамгийн их ганцаардсан, зожиг хүмүүс байдаг” гэсэн байна лээ. Танд ер нь сэтгэлээ уудлан ярилцдаг найз нөхөд хэд байгаа вэ?
-За даа, байхгүй шахуу. Талийгаач О.Дашбалбартай л их ойр дотно явлаа. Тэр надаас хэд дүү. Эхэндээ хоёулаа их л улстөржиж тэмцдэг байлаа. Сүүлдээ амь насанд ч халтайг ойлгоод хоёулаа нэг өдөр баахан ярилцаж энэ бохир заваан юмнаас хол явъя гэж тохиролцож байлаа. Даанч тэр маань бохир улс төрийн золиос болоод дууссан даа. Ш.Сүрэнжав, Д.Давааням, Л.Лувсандорж нартай наргиж даргиж, үерхэж нөхөрлөж явлаа. Талийгаач Алтанхуяг гэж үнэхээр биширмээр авьяастай орчуулагч байв. ”Гүрээндээ улаантай Алтанхуяг, Хүрээндээ нэртэй архичин” гэгддэг байсан ч Орос, Герман, Англи хэлэнд нэвтэрсэн гайхалтай авьяастай нэгэн байсан. 200 гаруй дэлхийн сонгодог зохиол бүтээл орчуулж Монголчуудад оюуны асар их хөрөнгө оруулалт хийсэн хүн.
-Таныг залуудаа хүүхний тэнгэртэй их сайхан залуу явсан гэдэг. Авгайгаа ч хэд солиод авсан дуулддаг?
-Миний залуу нас дэмий гэж би хэлсэн дээ. Ах нь дөрвөн авгайгаас арван нэгэн хүүхэдтэй л үлдсэн хүн. Гурван сайхан хүү, найман хөөрхөн охинтой, ач зээгээ үзсэн нэг л ийм өвгөн боллоо доо, би. Дүрсхийсэн ямаан омогтой, нүдэлдвэл ч нүдэлдчихдэг тавьтар муутай л залуу явлаа. Одоо бол хөнгөн нимгэн хөдөлдөг, бие сэтгэлийн салхи, жавар байхгүй болжээ.
-Хүүхдүүдээс чинь таны мэргэжлийг өвлөсөн нь хэд вэ?
-Хэдэн сэтгүүлч, сурвалжлагч бий шүү. Нэг охин Батханд маань ТВ-9-д байж байгаад одоо УИХ-ын сэтгүүлч болсон. Телевизүүдийн анхны “Алтан Шонхор” наадмын шилдэг сэтгүүлч болж байсан. Бас нэг охин Чинханд маань Англид коллеж төгсөөд дараа нь АНУ-ын Аризона мужийн Финикс хотын Их сургуулийг сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны мэргэжлээр төгссөн. Миний хүү Сэнгэнжав Москвад Горькийн Утга зохиолын дээд сургуулийн дөрөвдүгээр курст сурч байхдаа “Хөх цэнхэр Сибирээр галт тэрэг гуугчуулж Хөмсөг ихтэй Доржийн хүү харьж явна” хэмээн шүлэглэж байсан. Одоо МҮОНР-ын “Баян Монгол” студийн захирал хийж байгаа. Хоёр бага нь Тэнгэрханд, Отгонханд гээд охидууд байгаа. Саяхан “Цэцгэн насны дуулал” гэдэг яруу найргийн түүврээ хэвлүүлсэн. Одоо “Сант” дунд сургуулийн арав, арваннэгдүгээр ангиудад суралцаж байна. Миний хүүхдүүд овойж оцойсонгүй, хүний доор ч орсонгүй. Жирийн л сайхан амьдарч явна.
-Та одоо хэнтэйгээ амьдарч байгаа вэ?
-Өргөө кино театрт менежер хийдэг хүү Сономрагчаагийндаа бэр, ач нарынхаа хамт амьдарч байгаа. Саяхан шинэ байранд ороод сүрхий тохижиж чадаагүй л байна.
-Гавьяа шагналынхаа талаар сонирхуулна уу?
-1993 онд “Эрдэнэ засгийн унага” роман, ”Нас тогтох сайхан” дууны үг, “Тоодог шандын зүлэг” шүлгээрээ Монгол Улсын Төрийн шагнал, 1991 онд Сэтгүүл зүйд шинэ нээлт хийснийхээ төлөө Сүхбаатарын одон, 2008 онд Яруу найрагт хийсэн шинэчлэлийнхээ төлөө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалгасан даа, ах нь.
-Та архи амсахаа больжээ?
-Өө бүр хаясан. Оны өмнөхөн нэг жаахан балгасан чинь хэцүүдэх шахсан. “Мэлтийсэн сарны дор миний үйлдсэн арван нүгэл” номондоо ууж идэж явсан үеэ дэлгэрэнгүй бичсэн. Хүүхдүүд өсчихлөө. Далан нас хол гарлаа. Одоо ах нь амар тайван жаргалтай, ахиухан шиг насламаар л байна. Өөр би юу хүсэх билээ.
Д.Монгол
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(112.72.13.95) 2014-04-02 16:22Тоодог шандын дэрсэнд тогоруу явсан Дорж оо гэж...
Хариулах