Усны хомсдолд орсон Ченнай хотын эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болоод байна

Twitter Print
2019 оны 06-р сар 24-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн 6 дахь том хот болох Ченнай хот цэвэр усны нөөцгүй болсоны улмаас 9 сая хүн амтай тус хотын эмнэлгүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүйд хүрээд байна. Ченнай хотыг усаар хангадаг цэвэр усны нөөц бүхий 4 усан сангийн ус дуусч байгаа ба тус хотын гүний усны түвшин сүүлийн жилүүдэд огцом буурсан болохыг мэргэжилтнүүд онцолжээ. Төсвийн байгууллагууд, кафе, зоогийн газруудын дийлэнх нь хаалгаа бариад хэдэн долоо хоног өнгөрч байгаа ба хотын сая сая иргэд өглөө болгон усны машинаас ус нөөцлөн авах гэж урт дараалал үүсгэх болжээ.

Иргэдийн зарим нь өдөр болгон ус авч чадаж байхад нөгөө хэсэг нь долоо хоногтоо нэг л удаа авах нормтой гэнэ. Түүнчлэн иргэд бохир усаа дахин дахин ашиглахад хүрээд байна. Эмнэлгүүдийн мэс заслын тасгууд эмнэлгийн багаж хэрэгслээ угааж цэвэрлэх усгүй болсоноос эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болоод байгаа аж. Усны зохицуулалт муу, иргэд дураараа, ямар ч хяналтгүйгээр гүний худаг гаргадаг явдлаас болж ганц Ченнай ч бус Энэтхэг улс бүхлээрээ цэвэр усны хомсдолд орох эрсдэлтэй байгаа ба 1.3 тэрбум амтай тус улсын 600 сая орчим иргэд цэвэр усны хомсдолт хэдийн өртөөд байна. Үүнээс гадна цаг агаарын хэт халалтын улмаас 137 гаруй хүн нас бараад байгаа талаар мэдээлж байна.

Image result for 'I'm scared for my daughter': Life in India's first city that's almost out of water

Засгийн газраас Ченнай хотын иргэдийг ундны цэвэр усаар хангахаар ажиллаж байгаа ч цэвэр усны хомсдол удаан хугацаагаар үргэлжилнэ гэсэн бэлтгэлтэй байгаа иргэд гэртээ цэвэр ус нөөцөлж, усаа хэмнэхийг хичээж байгаа аж. Энэтхэгийн засгийн газрын дэргэдэх судалгаа шинжилгээний газраас мэдээлж байгаагаар 2020 он гэхэд Энэтхэгийн 21 хот гүний усны нөөцгүй болох гэнэ.

Гүний усны нөөцгүй болох нь тус улсын хөдөө аж ахуйн салбарт хамгийн хүндээр тусах бөгөөд тариалангийн талбайг услах усны 63 хувийг гүний худгаас гаргасан ус эзэлдэг аж. Газар тариалан эрхлэгчид дураараа гүний худаг гаргадаг, үүнийг нь зохицуулах хууль дүрэм байдаггүйгээс гүний усны түвшин хурдацтайгаар буурч байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Image result for 'I'm scared for my daughter': Life in India's first city that's almost out of water

Сөрөг хүчний намынхан эрх баригчдыг усны хомсдол үүссэн болохыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг шүүмжилж, харин засгийн газраас ундны усны хомсдол үүссэн бүс нутгийн иргэдэд цэвэр усны хүртээмж жигд байгааг онцолж, усны асуудлыг улс төржүүлэхгүй байхыг хүссэн байна.

Ундны усны хомсдолд өртсөн Тамил Наду мужийн эрх баригчид бусад мужуудаас тусламж авч эхэлсэн ба Керала мужийн засгийн газар Ченнай хотын иргэдэд өдөрт 2 сая литр цэвэр усны тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Image result for 'I'm scared for my daughter': Life in India's first city that's almost out of water

Өдрийн 820 сая литр цэвэр ус хэрэглэдэг байсан Ченнай хотын иргэдийн хувьд энэ нь томоохон дэмжлэг болж өгч байгаа гэнэ.

Эх сурвалж: https://edition-m.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.