Тэнэг шүү дээ, эрчүүд...

Twitter Print
2019 оны 06-р сар 22-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Нас залуу цус шингэн жинхэнэ гялалзсан 33 насыг тэрэг шиг дайрч явсан үе минь байлаа. Гэр бүлийн амьдрал зохиож хоёр сайхан хүү, охинтой бусдын амьдрал шиг эхнэр маань үглээстэй хэрэндээ л өөрийгөө болгоод байна даа гэсэн сэтгэл бахдалтай. Бусад шиг л ажлын бүсгүйтэй сэм харц шидээстэй байсан цаг.

Хэд хэдэн үдэш ажлаараа наргиж цэнгэх үед бага багаар ойртоод л нэг удаагых дээр бид хоёр 12 гэж гараад шөнийн хоёр хүртэл буудалд байж байгаад гарсан юм. Юу болсон нь тодорхой. Би ч эрүүлдээ их л гэмшиж, хэсэгтээ л бөнжигнөж гүйсэн ч нууц явдал маань ахих хүсэл угаасаа нэг тэгсэн л бол төрдөг юм билээ. Бид ахин хэд хэд сэм уулзсан. Нөгөө эмэгтэй нэг л өдөр болих шийдвэр гаргахад би цочирдсонгүй. Харин ч өөр бүсгүйг хайж эхлэв.

Эхнэр эмэгтэй хүний зөн совин байдаг уу, нэг л хардаж уурлах нь ихсэж, тэр нь надад төвөгтэй санагдаж хэрүүл тасарахаа байв. Надад нэг удаагийнх, нилээн хэдэн удаагийнх гээд л зөндөө л бүсгүйчүүд ар араасаа гарч ирж л байв. Яасан ч тэнэг байсан юм бэ дээ. Хэн нэгэн надад хэлээд заагаад өгдөг байсан ч болоосой. Би ч өөртөө улам итгэлтэй болж нэг дөнгөж 20 гарч яваа, өөрөөсөө 10 нас дүү охинд дурлаж орхив. Надаас туж мөнгө авч дуртай бүхнээ авч, баярлаж, хөөрөөд л. Би ч баяртай л байв. Адын бодол орж ирсэн нь гоё залуу охинтой сууя гээд л хэрүүл уруултай гэрээ хаяад гарлаа. Үнэндээ эхнэрээ нэг өрөвдсөн ч над шиг хүн хүлээж амьдарснаас хэрүүл уруулгүй, би байхгүй байсан дээр гэж бодов. Ёстой намайг тэр л үед лантуугаар цохиод өгөхгүй дээ…

Тэгээд л нэг өрөө байр түр хөлсөлж, нөгөө охинтойгоо амьдардаг баатар болдын. Тэнэг шүү дээ, эрчүүд. Хардаад л өөрийхөөрөө байлгах юм шиг бодож. Манай хүүхний явдал суудал дийлдэхээ байж, хоол унд бас гадуур идээд болоод байтал цэвэр хувцасгүй, тохигүй өөр байшин. Хүүхдүүдээ голдоо ортол санаж, эхнэрээ ч юу хийж байгаа бол мэтээр бодож... Яг тэр үед тэднийгээ маш ихээр санаж, үгүйлж байсан юм билээ. Худлаа л "хүүхдүүд яаж байна" гэж бардам царайлж утсаар ярьж байв. Эхнэрийн эхэн үеийн галзуу солиотой юм шиг уурлаж байсныг дурссангүй шүү.

Тэгээд л цалингаасаа хүүхдүүдийн төлбөр хийдэг. Дээр нь байрны түрээс, тог цахилгаан гээд хангалттай хүрдэг байсан мөнгө маань юунд ч хүрэхээ болив. Мэдээж нөгөө ханилах гэсэн охин маань намайг голж эхлэх нь тэр. Ирэхээч байв. Би ухаан суув.

Хнн... Ямар юмных нь ухаан байхав дээ, бөөн юм болж байж эхнэр минь уучлав. Би урьдийнх шигээ диваан голлож хоол нэхэж гэртээ дураараа байж, эхнэрээ загнаал сууж байх шиг санаж л дээ. Гонж... Нэг итгэл алдсан амьдрал урьдных шигээ болоход маш их хугацаа, хөдөлмөр зарцуулдах юм билээ. Хааяа тэвчихээ байна. За тэгж тэгж арай гайгүй болж эхнэр ч тэр тухай ярих нь багасав. Би ч жинхэнэ үнэнч нөхрийн үлгэрийг үзүүлж амьдарч байв.

Тэгтэл бас л нэг хүүхэн таалагдаад эхлэв. Ханд өгсөн нааштай байна. Бүгдийг нарийн тооцож маш цэвэрхэн явалдав. Сайхан байлаа. Эрчүүд ойлгож байгаа байх. Гэтэл миний хамгийн том алдаа тэр үед л гарсан юм. Эхнэр мэдсэн... Нэг уучилсан  ч хоёрдохоо уучилсангүй. Гэрт хашигчиж байхад хүүхдүүд ч сонсов. Бага охин минь ирж намайг зодож өшиглөөд... Хүү маань юу ч хэлсэнгүй өрөөндөө орчихов. Би ч утгаараа хөөгдөж, хамаг хар ангал руу уруудах хаалга нээгдсэн юм…

Related image

Би ч салсан хүн нэг хэсэг дураараа олон охидтой уулзаж, шөнийн цэнгээний газарын тавилга, охидын эрлэг боллоо. Ажил ч гайгүй амжилттай явлаа.

Урьд нь амьдрал зохиосон хүн чинь ганц бие бардам хүүхэнтэй дахин амьдрана гэж байхгүй юм билээ. Тэгээд нэг охинтой эмэгтэйтэй хамт амьдардаг болов. Хувцас цэвэр, хоол ундтай. Одоо л нэг нуруу тэнийв ч тэр бүсгүйн охиныг баярлах инээх бүрт өөрийн минь хүүхдүүд илүү ихээр бодогдож, тэднийгээ өрөвдөж, уулзмаар санагддаг болсон нь шинэ эхнэрт маань таалагдсангүй. Гэвч би улам гөжүүдэлж байв. Хүн чинь явж явж өөрийн үр хүүхэддээ л юунаас ч илүү хайртай юм билээ.

Хаяад явж чадах ч гэсэн хүүхдүүд минь намайг уучилаагүй. Охин минь одоо л хаа нэг утсаар ярьдаг. Шинэ эхнэр надад хүүхэд гаргаж өгсөнгүй. Тэгээд ч хоёр жил ч болоогүй салсан. Би ч өөртөө арчаатай болж эмэгтэй хүний халамж үгүйлэхээ нэгэнт байжээ…

Эхнэр минь одоо 40 гарчээ. Ганцаараа хүүхдүүдээрээ хүрээлүүлээд л... Уулзаж учирдаг хүнтэй л байх. Би л харин 50 хүрч байж нусаа хацартаа нааж байгаа юм даа. Одоо бол би эмэгтэй хүнд итгэдэггүй. Тэднийг бараг л уншина. Өвдөж хэвтээд үхсэн байхад ч намайг сарын дараа л олох байх. Бусад шиг ач зээгээ харж, гэр бүлийн хаанаас ч олдомгүй үнэ цэнийг найзуудын амьдралаас л харж атаархаж, нэг тийм ямар ч утаггүй амьдралд л ирчихээд л байгаа юм.

Жаргаж зугаацсан жил нь тав байлаа ч ганцаардаж харамсаж зовж шаналсан жил минь одоогоор 15. Цаашид ч үргэлжлэх байх. 30-хан насны эхнэрийн үглэх хамгийн сайхан. Зөвхөн намайг бодсон үглэлт байсныг, хүүхдүүд уйлалдах тэр мөч... одоо ч би өөрийгөө харааж, нулимс урсаж сууна.

Яасан ч тэнэг байж вэ... Буцаад тэр л үедээ очдогсон бол аав нь, өвөө нь бүх цаг хугацааг зөвхөн та нартаа л зориулнаа. Азгүй би ачаа ч хараагүй. Хнн хохь чинь…

Намайг уучлаарай хань минь, үр хүүхдүүд минь. Би тэр л гарч явсан тэнэглэлийнхээ горыг одоо хүртэл амсаж явна. Үүнийг бичсэн шалтгаан нь тэртээ тэргүй би хохирсон, дууссан хүн. Олон хүн миний алдааг над шиг давтаж байгааг өөрийн нүдээр харж байна. Хаана, юунд хүрч дуусдаг вэ гэдгийг мэдээсэй гэж хүссэндээ ийм их цаг гаргаж бичлээ. Найруулгын алдааг мин уучлана биз ээ. Хуруу бүдүүрээд зарим үсгээ онож дарахгүй байна. Ойлгоорой олон хүнд хүргэж уншуулаарай. Тэр үед надад хэлээд өгөх хэн ч байсангүй…

Сувдын Золбоот 2017.4.6

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.